Өнөөдөр 14.00 цагт “UB Palace”-ын “Royal” танхимд “Монгол дээл” өдөрлөг болох гэж байна. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгийн газраас энэ сарын 3-наас тус дүүргийн харьяа байгууллага, цэцэрлэг, сургуулиуд, аж ахуйн нэгжүүдийн дунд “Монгол дээл” аян өрнүүлэн өнөөдөр шилдгүүдээ шалгаруулан урамшуулахаар болжээ. Монгол дээл хувцастай 500 хүнээс шилдэг арвыг нь шалгаруулж Баянгол дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах аж. Тус шалгаруулалтад үндэсний дээл хувцсаараа гоён зорин ирсэн хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Энэхүү аяныг дүүргийн зүгээс хүүхэд, залуучуудыг хамруулан үндэсний дээл хувцсаа сурталчилан, бахархах үзлийг олгоход чиглэн явуулжээ.
Г.Даша