1992, 2000 болон 2004 онд Азийн аварга болж байсан “Цэнхэр самурайнууд” ийнхүү Итали мэргэжилтэн Альберто Заккеронигийн удирдлага дор дөрөв дэх удаагаа тивийн аваргаар тодорлоо. Харин энэ удаад Ли тэдний баатар нь байлаа. Тоглолтын дараа ноён Заккерони “Үнэхээр гайхалтай ялалт байлаа. Бид маш сайн баг. Австралийн хувьд нэгдэж чадсан, хүчтэй өрсөлдөгчдийг буулган авч байсан шилдэг баг. Гэхдээ би Лид итгэж байсан. Түүнийг чадна гэдгийг мэдсэн юм” хэмээн ярьжээ. Ийнхүү Японы шигшээ Ази тивийн аваргаар тодорсноор 2013 онд Бразилд болох FIFA-гийн Холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Харин Австралийн багийн хувьд тэмцээний фаворитуудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан бөгөөд финал тоглолт хүртэл хаалгандаа ердөө ганцхан гоол л алдаад байлаа. Хаалгач Марк Шварцер нь шигшээнхээ төлөө 88 тоглолтод оролцож, улсынхаа түүхэнд рекорд тогтоосон нэгэн бөгөөд финалын тоглолтод ч ур чадвараа харуулж, эхний хагаст Кейсүкэ Хондагийн цохилтыг хааж чадсан юм. Харамсалтай нь, ялалт тэдний өрсөлдөгчид ирлээ.
Азийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолт өмнөх өдөр нь болж, Өмнөд Солонгосын хүчирхэг баг Узбекистаныг 3:2-оор буулган авсан байгаа. Тоглолтын эхний 39 минут өнгөрөхөд Өмнөд Солонгосын баг гурван ч гоол оруулж, тоглолтыг илт давуу тэргүүлж байсан боловч узбекууд тоглолтын сүүлийн хагаст хоёр гоол оруулж чадсан. Өмнөд Солонгосын багаас Ку Жа-Чёль 18 дахь минутад гоолын салхийг хагалж, улмаар Жи Дун-Вон хоёр гоол оруулсан бол Узбекистанаас Александр Гейнрих дубль хийжээ. Сүүлийн тоглолтдоо гоолдсоноор Ку Жа-Чёль таван гоолтой болж, Азийн аваргын мэргэн буучаар тодорсон бол Японы шигшээ багийн тоглогч, “ЦСКА Москва”-гийн Кейсүкэ Хонда шилдэг тоглогчоор тодорсон байна. Харин Өмнөд Солонгосын баг шударга өрсөлдөөнийг шагнал хүртсэн юм.
Сануулахад, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 4-26-ны өдрүүдэд Австралид болно.