-Уртын дууны цуврал гурван цомог мэндэлж байгаа. Цомгуудаа танилцуулахгүй юу?
-Нүүдэлчин Монголчуудын эртнээс уламжлан ирсэн төрийн хэмжээний найр наадамд дуулдаг хүндэтгэлийн дуунуудыг энэхүү цомгууддаа оруулж өгсөн. Төрийн их дуунууд хэмээн дуулагдсаар ирсэн уртын есөн дууг сонгон бүрэн эхээр нь нэг дууг нэг цомог болгон гаргахаар ажиллаж байна. Эхний ээлжинд гурван дууг сонгон авч цомог болгон гаргалаа. Монгол төрийн бэлгэдэл, Монгол уртын дууны тусгаар тогтнол, нүүдэлчин Монголчуудын зөн совин, сүсэг бишрэлийг тооцож үзээд эдгээр цомгуудаа гаргасан.
-Яагаад төрийн их дуунуудыг сонгон цомогтоо оруулах болов оо?
-Эрт дээр үеэс төрийн их найр, наадамд эдгээр дууг бүтнээр нь дуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байсан. Харин сүүлийн үед зөвхөн түрлэг, бадгаар нь хураангуйлан дуулах болсон юм. Иймээс эдгээр дуунуудыг устаж, мартагдуулахгүйн тулд судалгаа хийж, бүрэн эхээр нь буюу бүтэн бадгаар нь сэргээн дууллаа. Энэхүү цомгууддаа Монгол төрийн бичиг болон эртний төрийн тамганы дардас, нар, сар, гал гээд Монгол төрийн эртний бэлгэдлүүдийг шингээсэн байгаа.
-Энэхүү цуврал гурван цомогт ямар дуунууд багтаж байгаа вэ?
-17-р зууны шувтарга үед зохиогдсон найр хурим, төрийн их ёслолд дуулагддаг байсан “Түмэн эх” дууг эхний цомогтоо оруулсан. Энэ дуу дотроо гурван том утга санааг агуулдаг. 21-р зуун гарсаар энэ дууны зөвхөн эхний түрлэгийг буюу төрийн эх бэлэгдэл бүхий бадгийг л дуулдаг болсон. Бид энэхүү цомогтоо морины түмэн эх, буян мөрийн түмэн эх гэсэн бадгуудыг нэгтгэн бүрэн эхээр нь “Түмэн эх” дууг дуулсан. “Түмэн эх” дууг бүтнээр нь дуулснаар хүмүүний билэг ерөөл бүрдэж, амьдралыг сайн сайхны тусын тулд оршсон нэгэн цогц судар бүрддэг байжээ. Хоёр дахь цомогтоо “Зээ дуртмал” буюу “Дуртмал сайхан” гэж дууг оруулсан. Энэ дуу хуучнаар Засагт Хан аймагт маш түгээмэл дуулагдаж байсан, одоо ч тус хөгшчүүл найр хуримын магнайд энэ дууг дуулж байгааг бид нар судалгааныхаа явцад олж мэдсэн. Энэ дуу бол Монголын төрийн сүлд тэмдгийг бэлгэдээд үүний сацуу Дорно дахины таван мэдрэхүйн ухааны ерөнхий зарчмыг баримталсан гүн ухааны хандлагатай дуу. Энэ дууг дуулаад баруун халхчууд арц хүжээ уугиулаад сэтгэл санаагаа ариусгадаг уламжлал одоо ч манай малчдын дунд тасраагүй байна. Гурав дахь цомогт “Хэрлэнгийн бараа” гэдэг дууг оруулсан байгаа. Энэ дуу утга агуулгын хувьд алс холын нутагт ах нь хэлсээр хэлмэгдээд явсан хүний тухай, уул ус Хэрлэн голын тухай, эргэн уулзсан ерөөлийн тухай гардаг. Энэ дууг яагаад төрийн их дууны цуврал хэмжээнд авч үзэхэд хүрэв гэхээр бид нарын хийсэн судалгааны явцад Чингис хаан есөн өрлөгтөө энэхүү “Хэрлэнгийн бараа” дууг зориулан дуулж байсан гэдэг аман мэдээ нэг бус удаа давтагдаж байсан. Энэ дууг “Хэрлэнгийн бариа” гэж бичээд байгаа. Дуулах явцад “бараа” гэдэг үг маань “бариа” гэж сонсогддог. Энэ тухай эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсан үгийн утга талаас нь тайлбарлаж бичсэн байдаг. Үүнтэй нь би санал нэгдээд утга санааны хувьд “бараа” нь зөв агуулгатай юм байна гэж цомогтоо “Хэрлэнгийн бараа” гэдэг нэрээр оруулсан.
-Та уртын дуу судлаач хүн. Эдгээр цомгуудынхаа ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Морин хуурч Б.Баттулга бид хоёрын сүүлийн арван жилийн туршилт, судалгаа, дуулах ур чадвар, эрдэм ухааны эрэл хайгуулын үр дүн гарч эхэлж байгаа нь энэ юм. Үүнээс биш зүгээр л эдгээр дууг барьж аваад дуулаагүй ээ.
-Цомогт дуулагдсан дуунуудаа арьсан болон ширэн цартай морин хуураар тоглосон гэж онцолсон байсан?
-Эдгээр дууг орчин үеийн технологиор бүтсэн морин хуураар дуулахад тохиромжгүй. Монгол эгшгийн мэдрэмж төрөхгүй, дуутайгаа нийлж өгөхгүй байсан. Уртын дуутай цуг үүсч, хөгжиж ирсэн ширэн цартай морин хуураар дуулахад хоолойд эвтэйхэн, уран сайхны утга санаа илэрхийлэлтэй, сонсоход хүртэл Монгол хүний сэтгэлд хүрэх эгшиг талаас нь оновчтой гээд сонгосон. Монголдоо дээгүүрт ордог хоёр том хөгжмийн зэмсэг урлаач Д.Уламбаяр, П.Байгальжав нар хамтран хийсэн ширэн цартай хуураар хуурдсан нь их онцлог юм л даа.
-“Төрийн их дуунууд” цомгийн нээлтээ хэзээ хийх вэ?
-Энэ сарын 31-нд буюу даваа гаригт 12.00 цагт “Монгол ньюс” хэвлэлийн танхимд цомгоо танилцуулан хэвлэлийн хурал хийнэ. Цомгийн нээлтэнд морин хуурч Б.Баттулга бид хоёроос гадна бидний багш, урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Энэбиш, гавьяат жүжигчин У.Базарбат, гавьяат жүжигчин, дуучин Ч.Чулуунцэцэг, гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбат, мөн энэхүү цомгийн эхийг бэлтгэсэн дуу бичлэгийн “Эгшиг” продакшны захирал Д.Майдар нар оролцоно. Эхний ээлжинд эдгээр цомгуудаа цөөн тоогоор Монголдоо хэвлүүлсэн. Цомог гадагшаа хэвлэлтэнд явсан байгаа. Цагаан сарын дараа тун удахгүй сонсогчдын сонорт хүрнэ.
-Цуврал есөн цомог гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн. Дараагийн цомгууд хэзээ бэлэн болох вэ?
-Монголчууд эртнээс ертөнцийн гурав гэж их бэлгэшээдэг. Тэр утгаараа эхний гурван цомог маань мэндэллээ. Эхний гурван цомог алт, мөнгө, шүрэн эрдэнийн өнгөтэй байгаа. Дараагийн цомгууд маань ч есөн эрдэнийн өнгөөр үргэлжлэн гарна. Есөн цомгоо жил бүрийн Цагаан сараар гурав гурваар нь гаргахаар төлөвлөөд байгаа. Дараагийн гурван цомог ирэх жилийн цагаан сарын үеэр гарах болов уу.