Хятадын экспорт өссөнд АНУ ууртай байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт өссөнд АНУ ууртай байна

Хятадын экспорт нэмэгдэж байгаа нь АНУ-ын Конгрессын гишүүд ууртай байгаа бөгөөд Хятадыг юаныхаа ханшийг нэмэгдүүл гэж дахиж шахах төлөвтэй байна гэж “CNN” агентлаг мэдээллээ. Хятадын гадаад худалдааны тоо баримтаас үзвэл тавдугаар сард Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.5 хувиар өссөн байна гэсэн дүн гарсан нь ажиглагчдын үзэж байснаас хамаагүй өндөр үзүүлэлт юм. Тавдугаар сард АНУ 40 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байсан нь өмнөх хоёр сартай адилхан байна. Энэ тоо баримт Хятадыг шүүмжлэгч Конгрессын гишүүдэд хэрэгтэй тоо баримт болж байгаа бөгөөд тэд Хятад валютын бодлогоороо дамжуулан АНУ-Хятадын худалдааг нэг талдаа ашигтай болгож байна гэж буруушааж ирсэн юм. АНУ-ын Санхүүгийн департамент Бээжинг юаныхаа ханшийг өсгө гэж тулгасан ч аядуу өнгө аястай байр суурь баримталж байгаа. Харин Вашингтон дахь хууль тогтоогчдын тэсвэр нь алдагдаж байгаа бололтой. АНУ-ын Санхүүгийн департаментын нарийн бичгийн дарга Тим Гейтнер Сенатын санхүүгийн хороонд ирж сонсголд оролцох үед Нью Йорк хотоос сонгогдсон сенатор Чарльз Шумер “хэрвээ Бээжингээс ямар нэг нааштай шийд гарахгүй юм бол ойрын хоёр долоо хоногийн дотор өмнө нь санаачилж байсан Хятадад илүү хатуу хандах тухай хуулийг батлуулах арга хэмжээ авах болно. Бид энэ эргэж буцдаг хүмүүст илүү хатуу хандах хэрэгтэй” гэж ярьсан байна.

“АНУ-ын хууль тогтоох байгууллагад Хятадын эсрэг арга хэмжээг дэмжиж байгаа хүмүүс маш их байна гэдгийг Хятад ойлгох нь чухал гэж би бодож байна. Энэ асуудал АНУ-ын хувьд амин чухал асуудал учраас Конгресст байгаа хоёр нам энэ асуудлаар санал нэгдэж байна” гэж ноён Гейтнер сонсголын дараа “CNN”-ий сурвалжлагчид ярьсан. Гэхдээ Хятадын худалдааны илүүдэл сүүлийн хоёр жилийн дотор ДНБ-нийх нь талтай тэнцэх хувиар буурсан, түүнчлэн АНУ-аас Хятадруу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний дүн нэмэгдэж байгаа. Дэлхийн санхүүгийн хямралаас гарч эхлэхтэй зэрэгцэн АНУ-ын Хятадруу ачиж байгаа экспорт илүү хурдан нэмэгдэж байна. Бид одоо хямралын өмнөх төвшнөөс 20 хувь илүү экспорт хийсэн байна гэж тэр ярьсан.

Энэ оны эхээр Хятадын юаны ам.доллартай харьцах ханш илүү чангарах байх гэж таамаглаж байсан юм. Гэсэн ч Грекийн хямрал, еврогийн ханш уналтын үр дагавараас сэргийлсэн Бээжин өөрийн валютын доллартай харьцах ханшийг чангалах дургүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ бол тусгаар тогтносон Хятад улсын бүрэн эрхийн асуудал гэж мэдэгдсэн. Тавдугаар сард Хятадын гадаад худалдааны илүүдэл нь 19.5 тэрбум ам.доллар болсон байна гэсэн мэдээ нь даравдүгээр сард гадаад худалдааны илүүдэл 1.7 тэрбум ам.доллар байна гэж байсантай харьцуулбал хамаагүй нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятадад орон сууцны үнэ ханш сүүлийн үед өсөж байгаа бөгөөд энэ нь Хятадын эдийн засагт халалт үүсэж байгаагийн дохио биш биз гэж зарим эдийн засагчид болгоомжлон сануулж байгаа. АНУ энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь Бээжинд мөнгөний бодлогоо өөрчлөхөд хүргэх болно гэж зарим нь үзэж байхад зарим нь Бээжин ойрын хугацаанд юанийнхаа ханшийг чангална гэдэгт эргэлзэж байна. Түүнчлэн Хятадаас АНУ-руу экспортолсон бүтээгдэхүүн гэдэг нь Хятадын хямд ажиллах хүчнийг ашиглан, бага цалин өгч бүтээсэн үнэ хямд бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр дунд Америк компаниудын Хятад захиалгаар хийлгэсэн бүтээгдэхүүнүүд их хувь эзэлж байгаа гэж зарим эдийн засагчид ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж