
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Идэвхтэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг манай орны эдийн засаг, нийгмийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг дурдаад Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр төмөр замын сүлжээг өргөтгөх, “УБТЗ”-д техник, технологийн шинэчлэлийг түргэтгэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрбээр цааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал гаргаж, харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа талууд нотолсон билээ. Хоёр орны төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаа ч энэхүү тунхаглалын үзэл санаагаар хөгжих учиртай. Төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаанд “Оросын төмөр зам” нийгэмлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Элчин сайд Д.Идэвхтэн тэмдэглэн хэлээд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал ямар явцтай байгааг сонирхов.
“Оросын төмөр зам” нийгэмлэг нээлттэй хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д техник, технологийн шинэчлэл хийж, дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн төлөө байгаа гэдгийг В.И.Якунин уулзалтын үеэр илэрхийлээд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн сангийн хэмжээг талууд тус бүр 125 сая ам.доллараар, нийтдээ 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Монголын талын дүрмийн сангийн нэмэгдлийг Оросын тал хөнгөлөлттэй зээлээр олгох бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн. Гагцхүү биднээс үл хамаарах шалтгааны улмаас эцэслэн шийдэгдээгүй байгаа ч ойрын хугацаанд асуудал нэг мөр болно гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлэв. Мөн тэрбээр хоёр орны төмөр замын харилцаа, хамтын ажиллагаа улс төрөөс ангид, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжихийн чухлыг тэмдэглэв.
Уулзалтад Монголын талаас Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Эрдэнэбилэгт, нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чимэдцэрэн, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын талаас Холбооны төмөр замын тээврийн агентлагийн дарга Г.П.Петраков, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн нээлттэй хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов,дэд ерөнхийлөгч А.А.Горгиладзе, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.А.Коновалов нар оролцсоныг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.