
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотыг 1580 оны зургадугаар сарын 11-нд Испанийн конкистадор Хуан де Гарай үндэслэн тулгын чулууг нь тавьжээ.
Зураач Хосе Морено Карбонеро. Буэнос-Айрес хотыг үндэслэж байгаа нь. Уг зураг хотын Засгийн газрын байранд байдаг. “Хууль зүйн багана” гэдгийн дэргэд Хуан де Гарай шинэ хотын нэрийг тунхаглан зарлаж байгаагаар уг зурагт дүрсэлжээ.
Ла-Плата буланд байрлах уг хотыг хоёр удаа байгуулж байсан юм. Эхлээд 1536 онд хааны амбан захирагч тэнд Педро де Мендоса хотыг байгуулж байв. Колонийг нутгийн уугуулууд эсэргүүцэн тэр жилийнхээ зургадугаар сарын 15-нд индианчууд 1000 хүнээ алдан 40 испаничуудыг дийлээд хотыг галдан шатаасан байна.
Нэр нөлөө бүхий баск хүн Хуан де Гарай Парагвайн ирээдүйн нийслэл Асуньсьон хотод шинэ аянд гарч ирээд эрэгт нь шинэ колонийг 1580 оны энэ өдөр үүсгэн байгуулжээ. Тэгээд тэр хотоо Сантисима-Тринидад-и-а-су-Пуэрто-Санта-Мария-де-лос-Буэнос-Айрес (Santнsima Trinidad y a su puerto Santa Marнa de los Buenos Ayres, утгачлан орчуулбал, Гурван хувилгаан ба Сайхан агаарын хувилгаан Мария түүний завагт”) гэж нэрлэжээ. Тэр сууринаас Аргентины өнөөгийн нийслэл үүсчээ.
Өдрийн ишлэл
“Би хүнийг газрын хүйнээс чөлөөлөхөөр мөрөөдөн байгалиас заяагдсан хил хязгаараас нь чөлөөлөх хэрэгслийг олохоор оролдсон билээ”
(Усан дор явах аквалангийг бүтээгч, далай тэнгисийг судлаач Жак-Ив Кусто 1910 оны зургадугаар сарын 11-нд төржээ)
“Зөгий буюу усан гахайн аз жаргал нь амьдрахдаа оршино. Хүний хувьд аз жаргал нь чи оршин байгаа гэдгээ мэдэн түүгээрээ бахархахад байдаг”
“Алсын хараатай, хөгжил дэвшил, шинжлэх ухаан, техникт төдийлөн итгэдэггүй нөхрийг сайн экологич гэнэ”
Үйл явдал
1687 ОН: Даниель Дефогийн (1660–1731) туужаар 1659 онд далайн хүчтэй шуурганд өртсөн хөлөг онгоцноос ганцаар амьд гарч эзгүй аралд 27 жилийг ганцаараа өнгөрөөсөн 55 настай Робинзон Крузо Англид буцан иржээ. Энэ алдартай зохиолын баатрын дүр болсон хүн нь шотланд усан цэрэг Александр Селькирк гэх бодит хүн байжээ. Тэрээр хөлгийн ахмадтай ширүүн маргасны улмаас 1704 онд эзгүй аралд хаягдаж байсан гэдэг. Тэрээр дөрвөн жил, дөрвөн сарыг уг арал дээр өнгөрөөгөөд буцаж ирсэн ажээ.
1895 ОН: Дэлхийд анхных болох автомашины хурдны уралдаан Парис-Бордо-Парис гэсэн замаар явагдлаа. Уралдаанд 46 жолооч оролцсоноос Францын Эмиль Левассо (1844–1897) энэ 1200 км-ын замыг 3,5 морины хүчтэй “Панар-Левассор” машинаар 48 цаг 17 минутад туулж түрүүлжээ. Харин шагналын тавцанд тэр хоёрдугаарт нь зогссон байна. Учир нь дөрвөн суудалтай машины уралдаан зарлагдсан байлаа.
1982 ОН: Одоогоос 28 жилийн өмнө Стивен Спилбергийн “Харь гаригийн хүн” киноны нээлт болсон ба нэрт найруулагч түүнийг хүүхэд ахуй цагийн дурсамжиндаа үндэслэж бүтээсэн ажээ. Тэр эхнээсээ энэ кинондоо нэр алдартай хүмүүсийг тоглуулахгүй гэж шийдсэн ба гол дүрд нь 10 настай Генри Томас тогложээ. Харь гаригийн хүний дүрийг Италийн зохион бүтээгч Карло Рамбальди хийсэн аж. Рамбальди харь гаригийн хүний гурван загварыг 700 мянган ам.доллараар хийж өгсөн гэдэг. Түүнийг амьдруулахын тулд нэгэн одой ба хөлгүй хүүхдэд харь гаригийн хүний багийг өмсгөн тоглуулж байв. Уг кино 1982 оны зургадугаар сарын 11-нд дэлгэцнээ гарчээ. Кино Оскарын шагналд есөн номинациар шалгаад хөгжим, дуу оруулалт, харагдах үр дүн ба дууны монтаж гэсэн дөрвөн төрөлд Оскарын шагнал авсан байна. Дөнгөж 10,5 сая доллараар бүтсэн энэ кино урт хугацаанд хамгийн өндөр орлоготой байжээ.
1993 ОН: Дэлхийн кино дэлгэцнээ “Юрийн галавын хүрээлэн” гэсэн Америкийн блокбастер гарч эхэлжээ. Найруулагч Стивен Спилбергийн “Юрийн галавын хүрээлэн” киног Майкл Крайтоны ижил нэртэй романаар хийжээ. Гэхдээ киног зохиосон Дэвид Коепп баатруудын зан араншинг өөрчилснөөс гадна романд байсан хүчирхийллийн зураглалуудыг хассан байлаа.
Уг кино дэлхийн прокатаас 914 сая доллар цуглуулан хамгийн амжилттай киноны тоонд орж байв. Өнөөдөр энэхүү кино дэлхийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын 11 дүгээрт, харин энэ үзүүлэлтээр Америктаа 17 дугаарт ордог байна. Дараагийн “Юрийн галавын хүрээлэн-2: Хаягдсан ертөнц” 1997 онд, “Юрийн галавын хүрээлэн-3” 2001 онд дэлгэцнээ тус, тус гарч байв.