“Дээлтэй Монгол” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“Дээлтэй Монгол” наадам болно

Монголчуудын өв уламжлал, ёс
заншлын соёлыг гайхуулдаг, уран ухаан, хийц нарийн үндэсний хувцас
монгол дээлээ сурталчлах “Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ
зохиогдох гэж байна. Уг наадамд монгол дээлтэнгүүд ямар  нэгэн
захиргааны албадлагагүйгээр өөрсдийн сайн дураараа оролцдогоороо онцлог
юм. Анх 10 гаруй хүүхэд монгол дээлээ өмсөн оролцож байсан бол одоо 1000
гаруй оролцогчтой том наадам болон өргөжиж, гадаад, дотоодын жуулчдын
нүдийг хужирлан, Монголыг гадаадад сурталчлах нүүр царай болж байгаа
талаар зохион байгуулагчид нь онцоллоо. Залууст нүүдэлчин үндэстний түүх
соёлыг хайрлан хүндэтгэх, түүгээрээ бахархах, соёлын аялал жуулчлалыг
хөгжүүлэх зорилготой уг наадам долдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбай
дээр болно.
“Дээлтэй Монгол” наадамд оролцогчид парад болон жагсах
бөгөөд тэдэн дотроос хамгийн тансаг, ур ухаан шаардсан дээл өмссөн
хосуудаас гадна гадаадын нэг хос, бяцхан оролцогч, идэвхтэй оролцсон
хамт олон зэрэг номинациар шалгаруулах юм байна. Хамгийн идэвхтэй
оролцсон нэг байгууллагыг хамт олноороо амралтанд явах эрхээр шагнадаг
уламжлалтай ажээ. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс онцлогтой болох
ба Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан
ажлын хэсэг зохион байгуулалтын ажилдаа оржээ. Нийслэлийн төвийн зургаан
дүүргийн Засаг дарга нарын орлогч, Нийслэлийн аялал жуулчлалын газар,
Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион
байгуулах юм байна. Энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” нэртэй үзэсгэлэн
дэлгэгдэн, монгол гэрийн гайхамшгийг сурталчилна. Тэрхүү наадамд монгол
дархчуудын гарын урыг илтгэсэн, шалгарсан арван гэр барьж нийтэд
сонирхуулах ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж