
-Семинарт хөрөнгийн зах зээлд орох анхан шатны мэдээллийг өглөө. Уулзалтад оролцогчдод уурхай гэж юу байдаг юм, ямар бүтээгдэхүүн зардаг, хэдэн жил болж хөл дээрээ босдог вэ гэдэгт ерөнхий ойлголттой өгөхийг зорьсон. Манай улсын ашигт малтмалын салбарт маш том боломж байна. Монголын ардчилал 20 жилийн түүхтэй. Үүнтэй зэрэгцэн орчин үеийн хайгуул 15-20 жилд явагдаж байгаа. Энэ хэдхэн жилийн дотор манай уужим нутагт Оюутолгой, Тавантолгой, ураны томоохон ордууд олдлоо. Стратегийн ордууд гээд бичээд байгаа чинь Монголын том ордуудын жижиг, хэлтэрхий гэж ойлгогдож эхэллээ. Энэ зарчмаар бол хөрөнгө мөнгө гачигдахгүй хайгуул хийж чадвал нүсэр юм олдохоор байна. Харин Монгол Улс энэ баялагын өгөөжийг өөрсдөдөө яаж үлдээх вэ гэдэгт иргэн бүр толгойгоо ажлуулах хэрэгтэй. Миний харж байгаагаар уул уурхайн салбарт хөрөнгийн гачигдал гэдэг асуудал байна. Гайгүй талбай олдог, илрэл нь ч гайгүй байдаг. Гэтэл өрөмдөөд орд болгох, ядахдаа орд байна гэдгийг магадлан шинжлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хэрэгтэй болоод байгаа хэдэн зуу мянга, хэдэн сая ам.доллараа босгож чаддаггүй. Ингээд л хэдхэн төгрөгийн төлөө гадны компанид лицензээ шилжүүлчихдэг. Монголын компаниудад ингэж битгий ажиллаач гэдгийг л ойлгуулах зорилготой ирлээ.
Баялгаа зарахаас өөр зам бас бий. Дэлхийн зах зээлд ийм ийм боломж байдаг юм. Аль болох өөрсдөө ажиллуулаад, гадны биржид гарсан ч гэсэн ихэнх хувьцаагаа өөрсөддөө эзэмш, Монголдоо үлдээ. Хувьцаанаас гарах төлбөр монголчуудад орж нийгэм эдийн засагт шингээсэй гэдэг утгаар семинар зохион байгууллаа.
Монголд геологио, бизнесээ мэдэж байгаа компаниуд олон. Бүгд хөрөнгийн гачаалалтай. Энэ асуудалд л бид хүчин зүтгэх санаатай байна.
-Та энэ банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладгийн хувьд Монголд өндөр ач холбогдол өгч уул уурхайн компаниудтай анд нөхөр, итгэлтэй түнш болохоор шулуудав уу?
-Гадаадын банкууд Монголыг сонирхохгүй болоод ирэхгүй байгаа юм биш. Монгол тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн хэлээрээ ярьдаг, соёл нь өөр, нийгмийн бүтэц нь ялгаатай байхад гадаадын аль нэг банк ирээд юм бүтээчихнэ гэдэг хэцүү асуудал. Үүнд гадны хөрөнгө, технологийг Монголтой холбодог гүүр хүмүүс дутагдаж байгаа. Гүүр гэдэг нь гадаадын хөрөнгө, зах зээлд ажилладаг монгол хүн гэсэн үг. Би тэр гүүрийн үүргийг гүйцэтгэх санаатай. Миний хувьд энэ банкинд ажилладаг. Намайг энэ төрлийн бизнесийг Монголд хийж чадна гэдэг үүднээс банкныхан дэмжээд, хөрөнгө санхүүгээ гаргаад явж байгаа хэрэг.
Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулагч, уул уурхайн компани, туслагч байгууллагууд, санхүүгийн байгууллагууд байгаа. Тэд Монголд ирээд тийм амархан учраа олохгүй. Тэднийг авчрахад туслах хүмүүс хэрэгтэй. Тэр үүргийг зөвлөгчүүд юм уу, хөрөнгө оруулалтын банкнууд гүйцэтгэх учиртай. Монголд хэд хэдэн брокер, диллерийн компаниуд байгаа. Гэхдээ тэд шинээр байгуулагдсан, олон улс дахь холбоо сүлжээ нь үүсч эхэлж байгаа.
-Монголын уул уурхайн компаниуд туршлага багатай. Дэлхийн хөрөнгийн зах зээлд ажиллахад боловсон хүчин дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ийм үед та нарын зөвлөөд байгаа хөрөнгө босгох ажлыг биеллээ олоход бас л хугацаа шаардагдах болов уу?
-Дорхноо сурна шүү дээ. Хятадууд арван хэдхэн жилийн дотор хичнээн компанийг гадны бирж дээр гаргачихаад байгаа билээ. Саяхан л юугаа ч мэддэггүй хүмүүс байсан биз дээ. Анхандаа ганц, хоёр компани гадна бирж дээр гаргана. Түүнийг нь хийсэн менежерүүд туршлагадаа тулгуурлан өөрсдөө компани үүсгэнэ. Бизнес бий болоод ирэхээр хөрөнгө оруулалтын банкнууд, хуулийн зөвлөхүүд үйл ажиллагаа явуулж орлоготой болоод ирэхээр туслах мэргэжилтнүүд нэмэгдэнэ. Ингээд л өсч дэвжинэ биз дээ. Манай Монгол нээлттэй зах зээлийн 20 жилийн л түүхтэй. Түүнээс өмнө бүх юмаа зөвлөлтөөс авдаг, юугаа ч хийж чаддаггүй л байлаа шүү дээ. Дэлхийн зах зээл дээрх бизнес арай нарийн л даа. Гэхдээ хятадууд чадаж байгаа юмыг бид чадна шүү дээ.
-Нээлттэй зах зээлийн 20 жилийн өндөрлөгөөс харахад бизнесийн хөгжил ямар байна вэ?
-Манайхан дотоод юмаа айхавтар сайн мэдэж байна. Хаана юу байна, ямар замаар бий болсныг маш сайн мэддэг. Харин гадны бирж яаж ажилладаг, хөрөнгө яаж босдог, ямар компани бирж дээр хөрөнгөө гаргадаг, яавал хувьцааных нь үнэ өсдөг зэрэг мэдээлэл дутагдаж байгаа. Энэ мэдээллийг зааж өгдөг хүн цөөхөн. Хөрөнгийн зах зээлийн түүх гээд байх юм байхгүй. Манайд зах зээлийн боломж саяхнаас л олдож эхэллээ. Гэнэтийн ашиг гэдэг айхавтар юм тавьчихаад байлаа. Дараа нь Оюутолгой гэрээ байгуулахад улс төрийн сэтгэл гэдэг юм нь арай гайгүй болж гэдэг нь харагдаж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд компаниуд гадны хөрөнгө, хөрөнгө босгох боломжийг сонирхож эхэлж байна. Ойлгомжгүй, тогтворгүй орчинд үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй учраас хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг. Иймээс уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалт татахад улсын гадаад нэр хүнд, хууль эрх зүйн тогтвортой орчин маш чухал нөлөөтэй.
-Та бизнес тогтовортой хөгжих боломжтой үеийг хүлээж байв уу. Эсвэл тохиолдлоор эх орондоо ажиллах боломж нээгдэв үү?
-Би гэнэт өнөөдрийг сонгоогүй. Энэ мөчийг олон жил хүлээсэн. Монголын байдал арай нэг тогтвортой болж, зам нь ойлгомжтой болохыг хүлээж байлаа.
-Тэгвэл баялгаа ашиглах зам нь шуударсан гэж ойлгож байгаа хэрэг үү?
-Шуударсан юм шиг харагдаж байгаагаас юу болохыг яаж мэдэхэв. Ямар ч байсан гайгүй харагдаж байна. Гэнэтийн ашгийг татвар гэгч айхавтар юмаа буулгах гэж байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээгээ хийлээ. Монголын төр засаг шийдвэрээ гаргаж чаддаг юм байна гэдгийг харууллаа.
-Хөрөнгийн зах зээл гэдэг манайд шинэ ойлголт. Төрөөс энэ зах зээлийг хөгжүүлэх бодлого төдий барьж байна. Дотооддоо зах зээл нь хөгжөөгүй байхад манай компаниудад дэлхийн зах зээлд гарах боломж байгаа гэдэгт та итгэлтэй байна уу?
-Хөрөнгийн боломж, ордын чанар нь л байвал бусдыг хөлсөлж болно шүү дээ. Ингэж ажиллаж байгаа Монголын компаниуд нэлээд бий. Хамгийн гол нь баялгаа Монголдоо үлдээх замыг л мэдэж байвал болно. Мөнгө байвал асуудлыг шийдэж болно. Эхлээд хөлслөөд ажиллуулсан ч яваандаа өөрсдөө сурна шүү дээ.
Монголын хөрөнгийн бирж дэлхийн жишгээс айхавтар хоцорсон юм байхгүй. Биржийн гол үүрэг хувьцааны үнийг жинхнээр нь тодруулах байдаг. Манайд хувьцааны эргэлт өчүүхэн бага. Үнэ цэнийг нь тогтоохын тулд Засгийн газраас зөв бодлого баримталж, эрх зүйн байдлыг нь баталгаажуулах ёстой. Бирж дэх жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, бүх үйл ажиллагааг нь ил тод байлгах ёстой. Нөгөө талд “Эрдэнэс МГЛ” зэрэг томоохон компаниудыг биржид гаргах хэрэгтэй. Бирж гэдэг бол энгийнээр лангуу шүү дээ. Лангуун дээр хүний сонирхлыг татах бараа байвал хүмүүс цуглаж, гүйлгээ нь сайжирна. Ганц, хоёр сайн юм байвал бусад хувьцаа зарагдах боломжтой.
-“Эрдэнэс МГЛ”-ээс гадна Тавантолгойд үндэсний компаниуд хөрөнгө оруулаад дотоодын зах зээлээс гадна дэлхийн зах зээлд гаргах боломж хэр байдаг бол?
-Боломжтой ш дээ. Дэлхийн хэмжээний том том орд учраас мэргэжлийн үүднээс бэлтгэл хийгээд гаргавал асуудал байхгүй. Жижиг ордыг янзалж хөрөнгө босгох хэцүү. Харин том юмыг шийдэж болно. Тавантолгойн орд газар Оюутолгойг ашиглахаас хамаагүй хялбар гэж ойлгож болно. Монголчууд өөрсдөө менежментийг нь хийгээд явах бүрэн боломжтой гэж харагдаж байна. Тэнд тийм айхтар дэлхийн хэмжээний томоохон мэргэжилтэн шаардагдахгүй. Тавантолгойн орд бол Оюу толгойн орд газарт ашиглалт явуулах гэж байгаа шиг тийм хүнд хэцүү орд биш л дээ. Уурхайн чанар нь өөрөө маш өндөр. Тэгэхээр энэ ордын өртгийг монголчууд яаж өөртөө үлдээх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Эзэмшиж байгаа компани юмуу, контракт авсан компани нь Монголд хувьцаагаа гаргадаг байх хэрэгтэй. Двидент юм уу орж ирж байгаа мөнгө нь Монголд байдаг. Тэр нь цаашаа эдийн засагт ашигтай. Жишээ нь “Пи-Бодди-“д өглөө гэхэд “Пи бодди”-гийн хувьцаа эзэмшигчдэд Тавантолгойн хувьцаа тараад оччих юм бол Монголд энэ нь ямар ч ашиггүй л дээ. 100 хувь, за бүр болохгүй бол адаглаад 80 хувийг нь монголчууд авах юм бол эдийн засагт нь маш их үр өгөөжтэй. Илүү ажил, илүү мэргэжилтэн, чинээлэг дундаж давхарга гээд цаашаа яривал үр өгөөж нь асар их. Бас дээр нь мөнгөөр хэмжиж үнэлж болшгүй зүйл зөндөө бий. Ерөнхийдөө бол бусад хөгжсөн орнуудыг харахад тийм л замаар явсан байдаг. Жишээ нь, Өмнөд Солонгос улс байна. Яахав гадаадын компаниудыг эхний мэдэхгүй, чадахгүй үедээ оруулж ирдэг байсан. Харин хурдан хугацаанд технологийг нь сурч авангуутаа гадны компаниудаа шахаад гаргачихсан. Ер нь улс орноо хөгжүүлэх гэсэн эрмэлзлэлтэй ямар ч улсын бодлого тийм л байгаа ш дээ. Самсунг, Хюүндай гэх мэт аварга компаниудыг хар л даа. Тэд чинь төрийн бодлогоор дэмжигдэж байдаг болохоор амжилттай урагшилж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн компани болж чадсан. Бүх юмаа гадныханд өгөхийн түүс болдог тийм улс орны жишээ би Монголоос өөр олж харахгүй байна л даа.
-Америкт хүүхдүүддээ багаас хувьцааны талаар мэдлэг олгодог. Хувьцаанаасаа ашиг хүртээд суух боломжийг мэддэг. Харин монголчуудын хувьд хувьцааг эрсдэл гэж ойлгодог. Эрсдлээсээ айгаад энэ бизнесээс зугатдаг болов уу?
-Хувьцаа бол эрсдэл гэдэг нь зөв. Санхүүгийн үүднээс эрсдэл гэдэг алдагдал гэдэг ойлголт биш. Харин үнийн холбилзол өндөр юмыг хэлдэг. Өсч байгаа зүйлд маш ашигтай, харин унахад хохиролтой. Капиталын бүтцэд компани дампуурахад хүрвэл зээл өгсөн хүн хамгийн түрүүнд өмчийг авна. Хамгийн сүүлд юм үлдвэл ердийн хувьцаа эзэмшигчид авдаг. Тэгэхээр хувьцаа эзэмшигч эрсдэлтэй нь үнэн. Гэхдээ эрсдэл хоёр талтай. Компани ашигтай ажиллавал ашиг хүртээд суух боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Тавантолгой шиг тийм том төсөл үнэхээр босоод Монголын компани үүнийг зуун хувь авч яваад, энэ компани нь Монгол дотроо хувьцаагаа цацах юм бол Монголын биржийг хөл дээр нь босгоно. Яагаад гэвэл зөвхөн Тавантолгойн хувьцааг сонирхоод гадны компаниуд Монголын бирж дээр тоглодог болно. Тэгэхээр Тавантолгой монголчууд өөрсдөө эрх мэдэл бүхий хэлбэртэйгээр ашиглаж чадах юм бол олон талын ач холбогдолтой. Одоо байгаа хөрөнгийн биржийг хараад дүгнэж хэлэх юм бол за нэг дэлгүүр нээе гэж бодьё. Гадна талыг нь маш сайхан засаад хүний анхаарлыг татаж болно, харин дотор нь ороод бараа нь авах юм байхгүй бол тэр дэлгүүр ашиг олж чадахгүй, хэн ч тоож орохгүй. Одоогийн хөрөнгийн биржид ийм л дүр зураг ажиглагдаж байна. Харин гаднаас нь харахад муухай ч гэсэн доторх бараа нь үнэхээр сайхан байх юм бол хүссэн хүсээгүй хүмүүс тэнд цуглана ш дээ.
-Дэлхийн зах зээлд гарах хөрөнгө босгохоосоо илүү банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлдэг. Дараа нь лицензээ банкны зээлд хураалгах эрсдэлтэй тулгардаг. Банкны зээлээр хөдлөөд байх боломж хэр байдаг бол?
-Зээл авахаас өөр гарц алга. Монголд банкны зээл гэдэг санхүүжилтын монополь болчихсон. Бусад оронд хувьцаагаар босгодог хөрөнгө бол маш том хувьд тооцогддог. Манай улсад байгаа бүх юмаа барьцаалаад, түүнийгээ 50-60 хувиар үнэлүүлж нь зээл авдаг. Зээл нь сарын 1.5-2 хувийн хүүтэй. Ингэж юм бүтээнэ гэж юу байхав дээ.
Одоогоор банкны зээлтэй өрсөлдөх санхүүгийн механизм алга. Гаднаас хөрөнгө оруулалтын сан босгоод, хувьцааг нь авч санхүүжилт хийвэл банкны зээлийн хүү буурахаас өөр аргагүй. Монголд байгаа банк нь хэдхэн, дүрмийн сан нь өндөр биш. Жижигхэн хөрөнгийг олон хүн хөөхөөр үнэ нь өсөхөөс аргагүй.
-Монголд уул уурхайн салбар улс төрждөг. Ашигт малтмалын бизнес эрхлэхийн тулд хөрөнгө босгох зам хайхын оронд хэн гэдэг улстөрчийг яаж, лоббидох аргаа хайхаас ажлаа эхэлдэг. Үүнээс болж байгаль орчин сүйдэж, баялгийн хараал гэгчийг хүртэж байна гэж төрийн бус байгууллагынхан дүгнэж байгаа. Улс төр, уул уурхай хоёрын Монгол дахь холбоог та яаж ажиглав?
-Ийм асуудал хаа сайгүй л байгаа. Дээр үед Америкт газрын тос гарч байхад бөөн хуйвалдаан, луйвар болж байсан байх. Хоосон газарт гэнэт их баялаг гараад ирэхээр хүмүүс ямар нэг аргаар өөрийн болгохын тулд үзэлцэх нь төрөлхийн зан байх. Харин үүнийг засах зам нь төрийн байгууллага, засаглал, хууль дүрэм нь чанга байх ёстой. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь биржийн зах зээл дээр хувьцаа нь гарсан байвал сайн. Биржийн санхүүгийн зохицуулах хороо гээд олон хүний анхаарал, хараанд орно. Ингэхээр улс төр, улстөрч нөлөөлөх, лоббидох боломж олдохгүй. Биржид хувьцаатай компанийн ач холбогдол үүнд байдаг.
Үүнээс гадна төр засгаас гаргаж байгаа дүрэм журам нь байсхийгээд өөрчлөгдөхөөр аль нэг боломж, цонхийг ашиглахын тулд улстөрчидтэй найзлах арга, боломжийг хайдаг. Төрийн шийдвэр аль болох тогтвортой байвал бизнес эрхлэгчид тогтортой ажиллах боломж олдоно.
-Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Төрийн бодлого ч тогторжиж эхэлснийг та онцоллоо. Ийм үед Монголын баялгийг дэлхийн зах зээлд илүү үнэд хүргэх ямар боломж байна вэ?
-Гүйлгээ сайтай зэс, алтны үнийн харилцаа металийн биржид адилхан байдаг. Хаана зарж байгаагаас үнэлгээний механизм өөр байдаг ч, бирж дэх үнийн холбилзол адил. Харин зарим нэг ашигт малтмалууд оргинал байдаг. Хүдрийн л гэхэд үнэ нь бага байдаг учраас бүс нутагтаа борлуулахаас өөр аргагүй.
Монголын зах зээл бэлэн байгаа. Ингэж том дугарахын учир нь уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч бол манай улсын өмнөд хөрш. Хятадын хэрэгцээ жил ирэх бүр өсч байгаа. Манайд дэд бүтэц, дундаж үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь дутагдаж байгаа учраас энэ зах зээлийг бүрэн ашиглаж, баялгаа үнэд хүргэж чадахгүй байна. Өмнөговийн уурхайд л гэхэд нүүрсийг нь гаргадаг компаниуд л байгаа. Гэтэл нүүрс боловсруулж, коксжсон нүүрс болгоод Өвөрмонголд тонныг нь 270 ам.доллараар зарах компани алга байна. Уул уурхайн салбарын бүтцийг харахад боловсруулах, баяжуулах үйлдвэрлэл үндсэндээ орхигджээ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл улсын төсөвт уул уурхайн салбарынхны оруулах үр өгөөж асар их нэмэгдэх болно.
-Эцэст нь танай банкны зохион байгуулсан семинарт оролцогчид таниар бахархаж байгааг уламжлая. Өөрийгөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, эрх орондоо хөрөнгө оруулалт татах эрх мэдэлтэй болтлоо туулсан зам чинь манай уншигчдад сонин байх.
-Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байсан. Тэр ажлаараа манайх Энэтхэгт амьдардаг байлаа. Энэтхэгт Оросын дунд сургуулийг 16 настайдаа төгссөн. Дунд сургууль төгссөн нас маань бага байсан учраас аав Энэтхэг дэх Америкийн дунд сургуульд оруулсан. Америк сургуульд хоёр жил сураад АНУ-ын Бостон хотод Нортистений их сургуульд арилжааны мэргэжлээр дөрвөн жил сурсан. Оюутан байхдаа Санхүүгийн хөрөнгө оруулалтын санд зургаан сар дадлага хийж байлаа. Их сургуулиа дүүргээд дадлага хийсэн газраасаа ажил гуйлаа. Гэтэл дарга маань “Чи санхүүгийн мэргэжил сонирхож байгаа бол Бостонд үлдсэний хэрэггүй. Зүтгэл, авъяасаа хөгжүүлээд Нью-Йорк яв” гэж зөвлөсөн. Энэ үгэнд урамшссан хүн Нью- Йорк очиж Канадын банкинд Үнэт цаасны арилжааны салбарт ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дотор салбарын гүйлгээгээр гуравт орж, дэд ерөнхийлөгч болсон. Тэр банкиндаа зургаан жил ажиллаад Нью-Йоркийн их сургуульд “Олон улсын санхүү ба хөрөнгийн зах зээл” сэдвээр магистрын зэрэг хамгааллаа. Дараа нь “Родман энд Рэншоу”-ны хөрөнгө оруулалтын хэлтэст банкираар орж ашигт малтмалын салбарыг үүсгэн Тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. Өнөөг хүртэл ашигт малтмалын салбарыг хариуцан ажиллаж байгаа.
-Семинарын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Жамул шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой залуусаа дайчлах цаг ирсэн” гэж байсан. Нью-Йоркт таниас өөр өндөр алба хариуцан ажиллаж байгаа монгол хүн байгаа юу?
-Миний мэдэхийн дөрвүүлээ байсан. Гурав нь Монголд ирчихсэн байгаа. Одоо би Монголдоо бүх боломжоо дайчлахаар ирж байна. Миний мэдэхгүй хүмүүс олон байгаа байх.
-Шахуу хөтөлбөртэй эх орондоо ирсэн ч манай сонины уншигчдад цаг гаргасанд баярлалаа. Амжилт хүсье.