
“Өглөөний сонин” олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг
үндэсний компаниудаа удаа дараа
гүтгэн шантаажилж, мөнгө олох
бохир арга хэрэгсэл болгон
ашиглахаа зогсоох болоогүй юу.
Тухайн үеийн Засгийн газрын энэ шийдвэр гарах болсон учир шалтгааныг өнөөдөр компаниуд үүрч хариуцах ёсгүй юм. Засгийн газраас шатахуун нөөцлөх сав бүхий нефть импортлогч бүх компаниудад хүсэлтээ явуулан, улмаар компаниудын төлөөллийг байлцуулан, улсын нөөцийн шатахуун хадгалах үнийг тохиролцсон билээ. Ингэхдээ хадгалалтын үед гарах бодит зардлыг бүх талын төлөөллийн дунд нээлттэй ярилцан, Засгийн газар өөрөө тогтоосныг онцлон тэмдэглэе. Хадгалалтын үнэ хөлсийг хуйвалдан, хэт өндөр тогтоосон тухай хардлага, гүжирдлэгийг хоёр жилийн дараа гэнэт гаргаж ирэн, хэдхэн компанийг зориуд цохон буруутгаж байгаа хүмүүс тухайн үед Засгийн газар ба нефть импортлогч бүх компанитай хийсэн Гэрээг нээлттэй үзэж танилцах бололцоотой. Энд ямар ч хаалт хуйвалдаан байхгүй, байхын ч аргагүй юм. Улсын нөөцийн шатахууныг хадгалах үүрэг хүлээгээд, эцэст нь үүргээ биелүүлсэн компаниуд өнөөдөр элдэв гүжирдлэгээр булуулж байгаа нь шударга бус явдал юм. 2008 оны наймдугаар сард нефть бүтээгдэхүүний үнэ өндөр байхад нөөц бэлтгэх шийдвэр гарч, хэсэгхэн хугацааны дараагаас тэрхүү бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр тасралтгүй унаж эхэлсэн ба энэ бүхний үр дагаврыг төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн компаниуд үүрэх ёстой гэж үү? Тэр тусмаа 2009 оны есдүгээр сараас хойш компаниудад Засгийн газар хадгалалтын хөлс гэж төлөөгүй. Улмаар компаниуд нөөцийн савандаа зайлшгүй хийх ёстой засвар үйлчилгээ хийх боломжгүй өдий хүрлээ. Энэ бол компаниудыг буруутгах бус, харин ч компаниуд үйл ажиллагаагаа хязгаарлуулж, хохирч байгаа явдал гэдэг нь хэнд ч илэрхий юм.
Нөөцийн шатахуунтай холбоотой өөр нэг асуудал нь, нефть бүтээгдэхүүний ууршилт буюу хэвийн хорогдлын хэмжээг хэт өндрөөр тогтоон, хуйвалдаан болгосон мэт мөнөөх л муйхар дайралтаа компаниуд руу хийж эхэллээ. ОХУ-аас импортолсон шатахуунд Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолд заасны дагуу хэвийн хорогдол тогтоодог. Эл тогтоолын заалттай яв цав нийцүүлэн компаниуд Гэрээ байгуулсан. Тогтоолын заалтыг компаниуд гаргаж ирээгүй, төрийн өөрийнх нь гаргасан хувь хэмжээ тэр юм. Түүнчлэн нөөцийн шатахууны зарим хэсгийг Хятад улсаас оруулсан ба тус улсаас импортолсон шатахуунд бензины хэвийн хорогдлыг Засгийн газраас шинээр тогтоох хүртэл 316 дугаар тогтоолд заасан нормыг 30 хувиар нэмэгдүүлэн тооцохоор заасан. Улсын нөөцийн шатахуун дээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол ууршиж хорогдсоор байгааг компаниуд өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдсэн болно. Гэвч нөөцийн шатахууны талаар төр ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Компаниуд өөрсдөдөө учирч байгаа бэрхшээлийг үл харгалзан, нөөцийн шатахууныг анх хадгалуулсан хэмжээгээр нь хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа.
Нөөцийн шатахууны эргэн тойрон дахь бодит байдал ийм байна. “Өглөөний сонин”-д бичсэн шиг хэдэн компанийг дайран гүтгэх, улмаар худал гүтгэлгээ зогсоохыг шаардсаны хариуд компаниас мөнгө нэхэж дарамтлах явдал ганц энэ удаа биш, удаа дараа гарсаар байна. “Өглөөний сонин” шиг харанхуй гүтгэлгээр мөнгө босгож амь зуух нь явуургүй бөгөөд үндэсний хэдэн компаниа рэкээтэлж санхүүжилт олох гэж аргаа ядаж суухын оронд харин ч уншигч хэрэглэгчдэдээ бодит мэдээлэл хүргэхийг чармайсан хэвлэлүүд л олон түмэндээ нэр хүндтэй байдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
“НЕФТЬ ХИЙН АССОЦИАЦИ”