Мандела Хөлбөмбөгийн Дэлхийн цомын нээлтэнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Мандела Хөлбөмбөгийн Дэлхийн цомын нээлтэнд оролцоно

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела маргааш болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөө тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох гэж байгаа талаар “CNN” агентлаг дамжууллаа. Нельсон Мандела цомын тэмцээний нээлт болох “Soccer City Stadium”-д очих болно, гэхдээ Өмнөд Африк-Мексикийн хооронд болох тэмцээнийг бүхэлд нь үзэхгүй байж мададгүй гэж түүний ач хүү Нкоси Мандела хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна. “Болбол бид түүнийг арай эрт ирүүлээд стадионыг тойрон 10-15 минут алхаж хүмүүстэй гар өргөн мэндчилэх боломж гаргахыг хүсэж байгаа. Гэхдээ тэмцээн дуустал 90 минут тэнд байлгах нь түүний эрүүл мэндэд тийм ч сайн биш байж магадгүй. Өмнөд Африкчууд бид түүнийг урт удаан наслаасай гэж хүсэж байгаа шүү дээ” гэж Нкоси Мандела ярьжээ.

Өдгөө 91 настай Нельсон Мандела Өмнөд Африкт Дэлхийн цомийн тэмцээн зохион байгуулуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон ч сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө нэг их гарахгүй байгаа юм. Өмнөд Африкийн одоогийн ерөнхийлөгч Жакоб Зума “ФИФА Конгресс”-ын 60 жилийн ойн ёслолд оролцохдоо “Нельсон Манделад талархаж байгаагаа илэрхийлж байна. 16 жилийн дотор манай улс ардчилсан улс болж, олон улсын хэмжээний үйл явдлыг эх орондоо зохион байгуулах төвшинд хүрсэн нь манай улсын түүхэн дэхь гайхам амжилт” гэж ярьж байсан юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртох тусам Өмнөд Африкчууд Иоханнесбург хот руугаа цувж, гудамжнууд улам бүр дүүрцгээж байна гэж “CNN” агентлаг дамжуулж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж