21.9 сая ам.долларын санхүүжилт үзэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

21.9 сая ам.долларын санхүүжилт үзэглэжээ

Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр, төслийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны Суурин төлөөлөгч А.Рутенберг, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг нар гарын үсэг зурсан байна.

Төслийн нийт өртөг 21.9 сая ам.доллар ба үүний 15 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаараар олгож, үлдсэн хэсэг болох 6,9 сая ам.долларыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.

Өмнөговь, Дорноговь аймгийн Даланзадгад, Сайншанд хот, томооохон сумдын төв, хилийн боомтуудад уул уурхайн үйл ажиллагаа, хилийн худалдаа, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа билээ. Энэхүү эдийн засгийн үйл ажиллагааг даган ажлын байр олноор бий болж суурьшилт, хотжилт ихээр явагдаж байна. Иймээс, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой, үр ашигтай хот төлөвлөлтийг хийх, цэвэр, бохир усны систем, дулаан хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа билээ. 

Төслийн хүрээнд дээрх асуудлыг шийдэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүдийн хилийн боомтод усан хангамжийн цооног, шугам хоолой, бохир усны шугам хоолой, халаалтын зуух, халаалтын шугам хоолой, хатуу хучилтай автозам барих зэрэг томоохон ажлууд хийгдэнэ.  Төсөл хэрэгжснээр дээрх хоёр аймгийн төв, уул уурхай болон хилийн боомт хот, суурин газруудын эдийн засаг хөгжиж, хот байгуулалтын салбарын институц болон тухайн бүс нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжрах ажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж