
Энэ бол түүний өсөхдөө сурсан хүмүүжил гэж тэр өнгөрсөн зун энэ талаар ярьсан. Гэсэн ч тэр өмнөх туршлагаасаа сургамж авсан учраас одоо ийнхүү сэтгэл хөдлөлөө барьж ил гаргахгүй байна гэж зарим нь үзэж байна. “Хүмүүс “Могойтой онгоц” кинон дээрх жүжигчин Самуэл Жаксон шиг – бид энэ хөгийн новшийг буцаагаад өгзөгрүү нь чихих хэрэгтэй байна—гэсэн яриаг ерөнхийлөгчөөс хүсэж байна. Гэвч Обама бол тийм хүн биш” гэж Пеннсилваниа мужийн Лехайн Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Саладин Амбэр ярьж байна.
Обамаг илүү их сэтгэл хөдлөл харуулах хэрэгтэй гэж одоо шаардаж байгаа хүмүүс хэрвээ Обама ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илүү ууртай имиж харуулсан бол түүнийг сонгохгүй байх байсан. “Хэрвээ сонгуулийн үед илүү их эмоц үзүүлсэн бол түүний ярьж байгаад анхаарал хандуулж байсан сонгогчдыг тэр өөрөөсөө түлхэх байсан. Обама бусдыг заналхийлдэг тийм хар арьстай хүн биш харин чамтай хамт нэг сургуульд сурж, хамт сургууль төгссөн тэр хар арьстан гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан юм” гэж “Барак Обама ба дэвшлийн парадокс” номны зохиолч Желани Кобб ярьж байна.
Даваа гаригт Америкийн “NBC” сувгийн “Today” нэвтрүүлгээр Матт Лауер Обамаг газрын тосны ослын талаар экспертүүдтэй уулзахдаа арай жаахан ууртай байх хэрэгтэй байсан. Харин оронд нь маш тайван байсан. Обама экспертүүдийн хэн нэгний “өгзгийг өшиглөөсэй” гэж хүмүүс хүсэж байсан гэж ярьсан. Обама энэ талаар “экспертүүд энэ асуудлаар илүү сайн мэднэ. Тиймээс тэд хэний өгзөгийг өшиглөхөө өөрсдөө хэлүүлэлтгүй мэдэж байгаа” гэж ярьсан. Газрын тостой холбоотой асуудлын дараа Обама хатуу чанд ярьж байгаа эсэх талаарх шүүмжлэл бүр ч нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Обамагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга АНУ-ын ерөнхийлөгчийг уурлаж байхыг ихэнх хүн хараагүй гэж ярьсан. Обама биеэ барьдаг зангийн талаар кино найруулагч Спайк Лий “CNN” агентлагаар ярих үедээ “Обама ядаж нэг удаа тэсрэх хэрэгтэй” гэж хэлсэн. Үнэндээ Обама өмнө нь “тэсэрч” байсан бөгөөд тэр нь тийм ч сайн зүйл болоогүй юм.
Өнгөрсөн зун Харвардын их сургуулийн профессор Хенри Люисийг цагаан арьстай цагдаатай муудалцсан шалтгаанаар цагдаагийн ажилтан гэрээс нь баривчилсан талаар хэвлэлийн бага хурал болж байх үед Обама цагдаагийн газар “тэнэг” ажилласан гэж ярьсан юм. Энэ яриа нь олон цагаан арьстай хүмүүсийн зүгээс, түүнчлэн хар арьстай иргэдийн зүгээс ч гэсэн их хэмжээний шүүмжлэлд өртсөн. Тэр үед тэр жинхнээсээ уурласан. Тэр үед тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа асуудлыг мэдэрсэн бөгөөд чин сэтгэлээсээ уурлаж, үүнийгээ илэрхийлсэн хэдий ч үүнээсээ болж асуудалд орсон. Ийнхүү уурласнаас нь болоод Цагаан Ордон их хэмжээний шүүмжлэлд өртсөн.
“Ууртай хар хүний тухай үзэл бодол америкчуудын итгэл үнэмшилд маш гүн суусан байдаг. Энэ нь бараг Америкийн түүхтэй холбоотой бөгөөд 19-р зуунд болсон боолуудын бослого, түүнчлэн цэнхэр нүдтэй чөтгөрүүдийг эсэргүүцдэг Малколм хэмээх хар арьст дайчны түүхийг санагдуулдаг. Түүнчлэн хар арьстай хип хоп, реп дуучид энэ талаар байнга радиогоор дуулж байна” гэж зарим судлаач ярьж байна. “Обама бол тэгшитгэгч, тайвшруулагч. Энэ ур чадвараа ашиглан тэр улс төрийн олон чухал шийдвэрүүдийг гаргаж ирсэн” гэж судлаач Стрийт ярьсан.
1995 онд бичсэн “Аавын минь тухай зүүдүүд” гэдэг номондоо Обама багадаа Хавайд өссөн хар арьстай залуу цагаан арьстнуудтай уулзах үед ийм хэлэлцээрийн ур чадвар хэрэг болдог байсан. “Намайг инээмсэглээд, тайван, ямар нэг цочоосон зүйл хийхгүй байвал хүмүүс илүү тайван байдаг. Уургүй тайван хар арьстай хүнтэй таарах нь тэдэнд сонин санагддаг байсан” гэж бичсэн байдаг.
Харин өнөөдөр хэрвээ Обама агуу ерөнхийлөгч болохыг хүсэж байвал заримдаа уур улс төрд хэрэг болдгийг олж мэдэх хэрэгтэй байж магадгүй. Франклин Рузвельтийг ийм ерөнхийлөгч байсан гэж түүхчид бичдэг. Их Хямралын үеэр тэр түүний Шинэ Тохиролцоо бодлогыг эсэргүүцэж байсан бизнесийн лидерүүдтэй уулзахдаа маш тайван байсан бөгөөд “эдийн засгийн элитүүдийн үзэн ядалтийг тавтайгаар хүлээж авсан” гэж ярьдаг.
Обама Рузвельтийн 21-р зууны хувилбар юм болов уу? Лехайн их сургуулийн профессор тэгж бодохгүй байна гэдгээ илэрхийлж байна. Обама Рузвельт шиг элит гаралтай биш. Рузвельт баян, чинээлэг, олонд танигдсан Америк гэр бүлээс гаралтай. “Тийм гарал үүсэлтэй байхад хэн ч чамайг капиталист уу, эх оронч уу эсвэл биш үү гэж мэтгэхгүй”.
“Обамаг зарим хүмүүс том корпорацуудын өмнө буулт хийсэн, хэт зөөлөн гэсэн ойлголттой болоход ойрхон байна. Заримдаа уурыг улс төрийн зорилгоор ашиглах хэрэгтэй. Цайны намыг зохион байгуулагчид болох Ардчилсан намын лидер Ховард Дин, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Рон Пол нар өөрсдийн хурц аашийг улс төрийн хүчирхэг хэрэгсэл болгож ашигладаг. Уур хилэн заримдаа олон бүдэг асуултанд хариулт болдог, сэтгэлээр унасан хүмүүсийг хурцалж өгдөг, гол асуудалд анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. Мексикийн булангийн газрын тосны асуудлаар улам хурц гарч ирсэн энэ асуудал Америкийн улс төрийн нүүр царайны цаана арьс өнгөний үл ойлголцол байсаар байгааг харуулж байна. Манай ерөнхий командлагчид олон сорилт бий. Түүний нэг нь манай түүх, соёл. Түүнтэй харьцуулахад Мексикийн булангийн тосыг арилгана гэдэг нь хамаагүй хялбар асуудал” гэж Массачусетс мужийн “Western New England College” сургуулийн түүхийн профессор Жон Блак ярьж байна.
“Хар арьстай улс төрчийг арай илүү сэтгэлийн хөдөлгөөн үзүүлээч гэж байгаа нь бас дэвшил юм. Хүмүүс хар арьстай ерөнхийлөгчийгөө ууртай бай л даа гэж хэлэх юм гэж одоогоос арван жилийн өмнө төсөөлж ч чадахгүй байсан” гэж зарим ажиглагч ярьж байна.
Т.Бадрах