
Хюг Лондонгийн Эдийн засгийн сургуульд 1960-аад оны сүүл үед суралцаж байсан ч тэнд нэг их зүйл сураагүй. Харин 1980-аад онд Японы эдийн засаг хямралд орсон асуудал түүний анхаарлыг эдийн засгийн асуудалд хандуулж эхэлсэн гэнэ. “Шийдвэрлэх ёстой чухал асуудал гарч ирсэнтэй холбоотойгоор гэнэт л эдийн засгийн асуудал миний анхаарлыг татаж эхэлсэн” гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид тэр ярьсан. Тэр одоо 61 настай бөгөөд эдийн засгийн хувьд хямралд орсон Европын улсуудын нэг болох Испанид амьдарч байгаа ба бүс нутгийн эдийн засгийн асуудлын талаарх түүний үзэл бодол сүүлийн үед дэлхий дахины анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард тэрээр Испанийн Каталониа мужийн ТВ-ээр ярилцлага өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сард ОУВС-гаас дуудлага хүлээн авсан. ОУВС-гийн төлөөлөгч түүний үзэл бодол ОУВС-ын албан ёсны болон албан бус байр суурийг илэрхийлэхгүй. Өргөн хүрээнд мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд Испанийн асуудлаар түүнтэй санал солилцсон гэж мэдэгдсэн байна. Тавдугаар сард Хюг Испанийн Барселон хотод жил бүр болдог нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн оролцдог “Circulo de Economia”-д үг хэлсэн. Энэдолоо хоногт түүний тухай Нью-Йорк Таймс сонинд хэвлэгдсэний дараа түүний “Facebook” дэхь хаяганд 5,000 хүн найзаар нэмж бүртгүүлэх гэсэн бөгөөд ганц өдрийн дотор 1,000 хүн түүнтэй холбоо тогтоохоор оролдсон байна.
“Би онлайнаар юм бичих болбол Facebook-ийг блог болгон ашигладаг. Блогт маань 5,000 уншигч нэмэгдсэн нь сайн зүйл” гэж тэр ярьж байна. Түүний блогийг дагалдаж, уншдаг хүмүүс бол мэдэх байх. Хюг еврозоний гишүүн орнуудад учраад буй их зээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өвөрмөц арга санал болгодог. Тэрээр Испани төсвийн байгууллагынхаа ажилтнуудын цалин хөлсийг танаж байгаагийн эсрэг байр суурь илэрхийлж байна. Энэ долоо хоногт Испанид бүх нийтийн ажил хаялт болсон бөгөөд цаашид улам их ажил хаялт гарах болно гэж таамаглаж байна.
“Испани төсвийн байгууллагынхаа ажилчдын цалинг таван хувь танасан нь ийм их уур хилэн эсэргүүцэл авчирж байна. Цаашид хэр даамжирсан асуудал болохыг хэн ч мэдэхгүй. Миний хувьд энэ бүхнийг шийдэх хамгийн энгийн арга зам бол Герман буцаж маркаа хэрэглэж эхлэх хэрэгтэй” гэж тэр ярьсан. Герман 2002 оноос Deutschemark-аа хэрэглэхээ болиод евро хэрэглэдэг болсон. Түүний дэвшүүлж буй онолоор хэрвээ Герман еврозоноос гарвал еврогийн ханш огцом унах бөгөөд Германы хөрш, өрөнд баригдсан Испани, Португаль, Грек, Ирланд зэрэг улсуудын өрсөлдөх чадвар сайжрах болно. Түүнтэй уялдаатайгаар экспорт нь нэмэгдэх бөгөөд тэгснээр өрөө дарж, улам бүр хөгширч байгаа хүн амдаа зориулах сантай болох юм байна. Тэгээд тодорхой хугацааны дараа бүс нутгийн орнуудын эдийн засаг нь сайжирсны дараа Герман еврозонд дахин нэгдэх тухай асуудлыг авч үзэж болох юм гэсэн санал дэвшүүлж байна.
Европт тулгамдаж буй гол асуудал нь хүн амтай холбоотой гэж тэр итгэж байна. Улс орнуудад залуучууд нь их хэмжээний өрөнд орж байгаа тул настайчуул нь буцаж ажил хийх шахалтанд орж байна. “Хэрвээ байр, хаусны худалдаа цэцэглэж буй АНУ, Их Британи, Ирланд, Испани зэрэг улс орнуудыг харах юм бол нийгэм нь маш залуу. Эдгээр улсуудын эдийн засгийн өсөлтөнд Герман, Япон, Швед зэрэг илүү настай хүн амтай улс орнуудын илүүдэл хуримтлал хөдөлгөгч хүч нь болсон. Илүүдэл хуримтлалтай ч бас нэлээд тооны залуучуудтай улс орнуудаас тэр өрөнд орсон улс орнууд маш их хэмжээний зээллэг авсан” гэж тэр ярьж байна.
Гэхдээ хүн амаар бүх зүйлийг тайлбарлаж болохгүй. “Сайн төв банктай байж, сайн мөнгөний бодлого явуулах хэрэгтэй. Бүтэцчилсэн шинэчлэл болон санхүүгийн байгууллагууд сайн байх хэрэгтэй. Энэ бол олон талтай асуудал. Хэрвээ Герман еврогоос гарахгүй бол тус улсын хүн ам нь өр ихтэй бусад хөрш улсуудынхаа өрийг төлөхөөс нэг л өдөр залхаж Европын холбооноос гар гэсэн шаардлага улс төрчиддаа тулгах болно” гэсэн таамаглал дэвшүүлээд байна. “Хэрвээ Испани, Португаль, Грек, Ирланд зэрэг улсууд хөгжих арга замаа олж чадахгүй бол энэ улсуудын гадаад өр, зээл нь улам нэмэгдэх болно. Ийм асуудалд орсон улсуудад еврозоноос өөр хандах хамгаалалт үлдэхгүй. Тиймээс Германы иргэд – Алив хүмүүсээ манай улсын ДНБ-ний 28 хувь нь – энэ хэмжээ улам бүр өсөж байгаа– Европын холбооноос гадагшаа экспортолсон арилжаанаас орж ирж байна. Тиймээс бид Европын холбооноос гарлаа гээд алдах зүйл байхгүй гэж хэлэх бололцоотой болж байгаа юм. Тэгээд ч Германы засгийн газрын өр нь еврогоор тооцогдох тул еврогийн ханш унавал тэдэнд улам бүр ашигтай байх болно” гэж тэр нэмж хэлсэн.
Эдийн засгийн үйл явцын тайлбар нь олон хүний анхаарлыг татаж байгаатай холбоотойгоор түүнд олон тооны ажлын байрны санал ирж байгаа ч тэр ажилд орох сонирхол байхгүй гэнэ. “Үгүй бурхан минь. Би ажлаас холдох гэж энд ирсэн. Буцаж бөөн бужигнаан дунд орохыг хүсэхгүй байна. Гэхдээ би ОУВС-д болон Испанийг эдийн засгийн хямралаас гарахад чадах чинээгээрээ туслахаас татгалзахгүй” гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан.
Т.Бадрах