Хагас килограмм ”ХАКУХО” авъя

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хагас килограмм ”ХАКУХО” авъя

Хакухо төрсөн нутагтаа ирж “үдлээд”  өчигдөр су­могийн орон руугаа буц­лаа. Сумогийнхон дайс­­наа   дараад ирж бай­гаа баат­руудын адил дуу­лиантай ирдэг нь сүүлдээ улиг болох шинжтэй.  Энэ удаад Хакухо М.Даваажаргал “Хакухо” сортын цагаан будаа та­риалах гэж байгаагаа л дуулгах гэж ирсэн бололтой. Эхлээд  энэ тухай ижий, аав­даа дуулгаж “Аав аа, би  будаа тарих гэж байгаагаа Ерөнхий сайдад хэлмээр байна” гэж. Мэдээж Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг яавал “толгой цустахгүй” ба­талчих вэ гээд юун будаатай манатай. Тэ­гээд хотын даргад ба­раал­хуул­сан ч хүүгийн сэтгэл ханасангүй. Аавыгаа, ээжийгээ, бүр эгчийгээ дагуулаад Ерөнхий сайдад бараалхлаа. Яг л дуунд гардаг шиг хар “Хамер”-аа хөлөглөөд хайртай бүхнээ дагуулаад очиж. 

Аав нь аварга бөхийн засуул болчихсон мэт хүүгээ тойрон засч гүйх зураг нэг л жигтэй харагдана. Бөхчүүд айхавтар амбицтай   болсныг Хакухо өөрийн биеэр дахин нэгэнтээ  батлав.  Хамгийн хөгжилтэй нь хүчит аваргууд маань хүнсний брэнд болон хувирч байгаа шинэ имиж айсуй. “Хакухо” будаа, “Асашёорюү” гурил, “Кёкүшюзан” мах ч гэдэг юм уу. Шуудайгаар нөөцөлж хүч хүрдэггүй, граммын хүнсээр голоо зогоодог иргэд маань “Хагас килограмм Хакухо авъя” гээд халтар төгрөг сарвайхыг харах нь.

Нээрэн “Асашёорюү” нэртэй  эгдүүтэй жижигхэн виски гарсан гээд л архичид өхөөрдөөд байгаа. “Ганц шил Асашёорюү” авъя хэмээн дультчих нь. Давгүй байгаа биз.  Хакухо   эхнэр авч,  эр хүн болсон атлаа  эцэг эхээ хөтөлж, эгчийгээ бас дагуулаад Ерөнхий сайдад  бараалхсан нь  хөгжилтэй л санагдсан. Энүүхэндээ гэхэд Хакухо их элдэвтэй эр болох нь гээч.

Гэнэн хонгор царайлаад, ижий, ааваараа хөтлүүлээд явдаг хүүхэд төрхөө гаднаа хадгалавч дотроо бол улс төр, амбиц бодож явдаг болсон байна шүү. Удахгүй сонгуульд нэр дэвшвэл гайхах юм алга. Уг нь буруу нь ч юу байх вэ. Гэхдээ хөдөө нутагт очоод айраг амтлаад сууж байна гэвэл ард түмэн нь арай л олон жил хайрлах болов уу.

У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж