Монголын уран зургийн галерейн үзэсгэлэн шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэн шинэчлэгдлээ

Монголын уран зургийн галерей бүх үзмэрээ шинэчилж “Хөрөг зураг”, “Байгалийн зураг”, “Орчин үеийн зураг”, “Аж байдлын зураг” гэсэн дөрвөн үндсэн сэдэвт үзэсгэлэнг дэлгэн гаргаж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн энэ үзэсгэлэнд  Г.Одон, Л.Гаваа. Н.Цүлтэм, Б.Чогсом, Н.Адъяабазар,  До.Болд, Ц.Энхжаргал, Ц.Энхжин, Ц.Мөнхжин, Ц.Эрдэнэцог, С.Саранцацралт, Д.Батмөнх зэрэг Монголын дүрслэх урлагийн алтан үеийн ахмад уран бүтээлчид, орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан хүчин зүтгэж байгаа дунд болон залуу үеийнхний нийт 120 орчим бүтээл дэлгэгдэж байна. Дүрслэх урлаг сонирхогч та энэхүү үзэсгэлэнгээс Монголын дүрслэх урлагийн түүхэн хөгжлийн замналыг үзэх боломжтой төдийгүй ахмад, залуу үеийнхний арга ажилгаа, ур чадварийг харьцуулан дүгнэх өргөн боломж нээгдэж байна.  Тус галлерейн хоёрдугаар давхарт нээгдсэн “Хөрөг зураг” үзэсгэлэн энэ сарын 16-н хүртэл дэлгэгдэх бол гуравдугаар давхарын гол зааланд “Байгалийн зураг” 23-г хүртэл, урд хэсэгт “Орчин үеийн бүтээлүүд” мөн давхарын баруун хэсэгт “Аж байдлын зураг” тус тус энэ сарын 20-н хүртэл дэлгэгдэх юм байна. Ер нь цаашдаа гаднаас үзэсгэлэн байхгүй үед тус галлерей өөрийн сан хөмөргийн үзэсгэлэнгээ сэдэвчилсэн байдлаар гаргаж байх ажээ. Үзэгч та энэхүү үзэсгэлэнг тухлан сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж