Өөр нийгмийн тогтолцоонд шилжихэд 20 жил гэдэг урт хугацаа биш. Бидэнд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх, бусдаас суралцах зүйл их байгаа. Танай улсын хэрэгжүүлдэг шууд ардчиллын тогтолцоог бид судалж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд байна ” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа. ШХУ-ны Ерөнхийлөгч хатагтай М.Калми-Рей , Монгол Улсын Ерөнхийлөгчийн ШХУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд баяртай байна гээд, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Манай улсад Швейцарийн Парламентын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч 2008 онд айлчилж байсан бөгөөд өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал гэж хэлэв. “Ерөнхийлөгч Таны цаазаар авах ялаас түдгэлзсэн шийдвэрийг дэлхийн олон орон, тэр дундаа ШХУ талархан хүлээж авсан. Хүний эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Таны хэрэгжүүлж байгаа алсыг харсан бодлого олон улсын тавцанд монголын нэр хүндийг өндөрт өргөж байгаа нь дамжиггүй” хэмээн онцоллоо.
Хоёр Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр , мөн Дэлхийн эдийн засгийн чуулганд яригдаж буй асуудлуудын хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцлоо.