Профессор К.Швабтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Профессор К.Швабтай уулзав

Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 41-р чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, уг чуулга уулзалтыг санаачлагч, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга профессор Клаус Швабтай уулзлаа.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэ оны чуулга уулзалтад оролцохыг дахин урьсанд талархлаа илэрхийлээд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс, Давосын чуулга уулзалтын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглэлээ.

Тодруулбал,  өнгөрсөн 2010 оны 6-р сард Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Давосын чуулга уулзалт хамтран уул уурхайн асуудлаархи бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уул уурхайн загвар гэрээг бий болгох санаачилгын талаар нарийвчлан хэлэлцсэн билээ. Түүнчлэн анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгийн хүсэлт болгосны дагуу, Давосын чуулганы уул уурхайн багт монгол хүн ажиллаж байна. Энэ бүхэн нь цаашид хамтран ажиллах ажил хэргийн баттай суурь болж байна гэдгийг уулзалтад оролцсон 2 тал санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Давосын чуулганы Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх зөвлөлд гишүүнээр ажиллахыг урьсанд ноён К.Швабд талархлаа илэрхийлээд, энэ хүрээнд идэвхтэй ажиллаж байгаагаа хэлэв.

“Профессор К.Шваб та Катар Улсыг Давосын чуулганаараа дамжуулан олон улсын түвшинд гаргаж ирсэн гол хүн гэдгийг бид мэднэ. Монгол Улс Катар Улсын хөгжлийн түүхийг давтах боломж байна. Монгол бол зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус дэлхийн хэмжээнд хурдан хөгжих боломжтой орны тоонд орж байна. Иймд Катарыг олон улсад таниулсан туршлагаа Монгол Улсын төлөө ашиглаж, дахин нэг амжилтын жишээ болох боломж байна. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд ч тэр, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаагийн хувьд ч тэр Зүүн Азийн Давосын чуулга уулзалтыг зохион байгуулах боломжтой газар гэж үзэж байна. Иймээс Улаанбаатар хотод Зүүн Азийн Давосыг зохион байгуулах талаар судалж үзэхийг хүсч байна. Түүнчлэн Монгол Улсыг Давосын чуулганаас хэрэгжүүлж буй “Авилгын эсрэг санаачилга” төсөлд хамруулж өгөхийг хүсье. Монголын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон улсын тавцанд гарч эхэлж байна. Тиймээс монголын компаниудыг Давосын гишүүнд элсүүлэх асуудлыг мөн судалж үзэхийг хүсч байна” гэж Ерөнхийлөгч ярилаа.

Профессор К.Шваб, Монгол Улс болон Давосын эдийн засгийн чуулганы хамтын ажиллагаа  хөгжиж байгааг сайшаагаад, Улаанбаатарт зочлон ирэх үеэрээ Давосын чуулганыг зохион байгуулах боломжийн талаар судалж үзэхээ амлалаа. Тэрээр “Монгол Улсын оролцоо Давосын эдийн засгийн чуулганд мэдэгдэхүйц өндөр болж байна. Таны байгаль орчныг болон хүний эрхийг хамгаалах, авилгатай тэмцэх чиглэлээр гаргадаг хүчин чармайлт Давосын чуулганд өөрийн гэсэн байр суурьтай байгаад би баяртай байна” гэлээ. Давосын чуулган Азид үйл ажиллагаагаа идэвхжүүлж  байгааг тэрээр дурдаад, Монгол Улсын  Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Далянь хотноо болох Азийн Давост оролцохыг урив. Ноён Шваб, охин нь Монгол Улсын Хөвсгөл аймагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чиглэлээр 3 сар ажилласныг дурдаад, гэр бүлээрээ Монголд зочлох бодолтой байдгаа сонирхууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж