
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг салбар зөвлөлийн удирдлагууд, байгаль хамгаалахад хөрөнгө оруулдаг томоохон бизнес эрхлэгчид энэ хуралдаанд оролцож, дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа шинэ хүндрэлийн нэг болох цэвэр усны нөөцийг хамгаалах талаар ярилцсан юм. Устай холбоотой сүүлийн үеийн баримтууд, судалгааны үр дүн хүн төрөлхтөнийг ус хамгаалах талаар шинэ бодлого баримталж ажиллах цаг нь болсныг харуулж байна. “Юуны өмнө усны хэрэглээг бид зохистой хэмжээнд барихаас өөр аргагүй. Өнөөдөр нэг америк хүн өглөө 5 минут усанд орохдоо , нэг африк гэр бүлийн бүтэн өдрийн хэрэгцээний усыг зарцуулж байна. Хүмүүс хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч усыг зохистой хэрэглэдэг байх, улс орнуудын удирдлага цэвэр усны хяналтын механизм бий болгох хэрэгтэй” гэж Кофи Аннан хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс, усны зүй зохистой хэрэглээг хуулиар зохицуулж ирсэн уламжлалтай болохыг ярив. Тэрээр, дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрсөөр ирсэн нүүдэлчин монголчуудын өмнө усны асуудал тулгарч байна гээд төр засгаас усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярив. Дэлхийн удирдагчдад хандан усыг хамгаалах талаар шинэ бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад хандан орлогын тодорхой хэсгийг байгаль орчин болон усыг хамгаалахад зарцуулдаг байхыг уриалж, бусад оролцогчидтой энэ талаар санал солилцлоо. Уг уулзалтад “Нестле” группийн удирдлага оролцсон бөгөөд, тус компани дэлхийн цэвэр усны нөөцийн судалгааг санхүүжүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч , энэхүү судалгааны ажилд монголыг хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьсан бөгөөд, ажлын хэсэг уг хүсэлтийг хүлээн авч, холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм.