Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Грекийн шигшээ баг


Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1926
FIFA –д элссэн он: 1927
Холбооны ерөнхийлөгч: Софоклис Пилавиос
Ерөнхий дасгалжуулагч: Отто Рехагель /Герман/
Багийн ахлагч: Гиоргиос Карагунис
Шигшээдээ олон тоглосон: Теодорис Загоракис – 120
Олон гоол оруулсан: Никос Анастопулос – 29
Одоогийн чансаа: 10
Хамгийн өндөр чансаа: 8 /2008 он/
Анхны тоглолт: Грек 1:4 Итали /1929 он/
Хол зөрүүтэй ялалт: Грек 8:0 Сири /1949 он/
Хол зөрүүтэй хожигдол: Унгар 11:1 Грек /1938 он/
Хоч: Галанолэйки, Далайн дээрэмчдийн хөлөг
Амжилт: 2004 оны Европын аварга, өмнө нь 1994 оны дэлхийн аваргад оролцож байсан
Түлхүүр тоглогч: Гиоргиос Карагунис

Дэлхийн аваргаар “тэсрэх” магадлалтай тамирчин: Александрис Циолис

Хэллас! Хэллас! Хэллас! Энэ нэр 2004 оны Европын аваргаар дэлхий нийтэд цуурайтсан юм. Португальд болсон тэрхүү Европын аваргаар хэний ч тааварлаагүй Грекийн шигшээ өмнөө таарсан Португаль, Франц, Чехийг буулган авч, Буурал тивийн аварга болов. Бүрэлдэхүүний хувьд тийм хүчирхэг биш энэ баг сайн зохион байгуулалтын хүчинд өндөр амжилт үзүүлсэн нь энэ юм.

Спортын салбарт түүхэн байр суурь эзэлдэг Грекийн хөлбөмбөгийн холбоо 1926 онд Афин, Тэсалоника, Пираес гэсэн нэгдсэн гурван улсын шийдвэрээр байгуулагдсан юм. Жилийн дараа FIFA-гийн гишүүн болсон ч 1980 он хүртэл Грекийн хөлбөмбөгт түүх гэхээр барьцтай баримт үлдсэнгүй. Дэлхийн аварга, Европын аваргын урьдчилсан тоглолтод хомоол хамсан, бараг л бонусын баг байв. Харин 1980 онд сулхан хэсгээс арай гэж гаран Европын аваргад оролцож, Баруун Германы багтай тэнцсэнээр нэг оноо авчээ. Үүнээс хойш 14 жил чимээгүй байж байгаад 1994 оны дэлхийн аваргад оролцох эрх аван, гурван хожигдон, гэрийн зүг жолоо залав. Бас л нэг хэсэг чимээгүй байж байгаад 2004 оны Европын аваргад оролцох эрхээ авлаа. Грекийн шигшээ багаас таньдаг хүн байхгүй, бооцоо тавигчдын итгэл бага, мэргэжилтнүүд хэсгээсээ нэг хожил авбал их юм хэмээн тооцоолж байв. Эхний тоглолтдоо Португалийг хожиход аз гэхээсээ илүү ур чадвар харагдаж байсан. Тэд сайн байсан. Сколари “Би энэ тоглолтын дараа амьгүй мэт болчихсон” гэж хэлж байлаа. Дараа нь Испанитай тэнцэн, ОХУ-ын багт хожигдон хэсгээсээ хоёроор шалгарсан юм. Францын шигшээтэй наймд таарахад бүгд францчуудыг хагас шигшээд үлдчихсэн мэтээр ярьж байсан ч Загоракисийн дамжуулалтаар Харистеас хожлын гоолыг оруулж, улмаар Чехийн шигшээг нэмэлт цаг буулган авч, Португальтай дахиад аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм. Аваргын төлөө Португалийг Харистеасын гоолоор буулган авч, Европын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тэд 3-4-3, 4-3-3 гэсэн хувилбаруудад чадмаг шилжиж байсан юм. Багийн тактикийн хувьд гүйлтийн тэсвэр өндөртэй байсан нь хөнгөн атлетикийн бэлтгэл их хийсэнтэй холбоотой. Маш нягт тоглолтын төлөвлөгөө, дээд зэргийн зохион байгуулалт, үүрэг даалгаврын хатуу хуваарьтай. Хувинтай ус нэгэн зэрэг жигд цалгилдаг шиг багаараа нэг хүн шиг байж чадсан. Чөлөөт хамгаалагч Деллас нь тоглогчийг барьж тоглож буй хоёр тоглогчийн арыг авч тоглоно. Бөмбөгний чиглэл даган гүйж, байрлал, алдааг цэвэрлэнэ. Зарим тохиолдолд Деллас ганцаараа хамгаалагчдынхаа урд тоглож, талбайн төвд хүний давуу байдлыг үүсгэн довтолгооны бүсийн Карагунис, Харистеас нар бөмбөгний ард байрлаж, төвийн шугамаас прессинг хийнэ. Хамгаалалтын үндсэн гүйцэтгэл дээр суурилсан, үр бүтээлтэй, бөмбөг найдвартай эзэмшсэн, уян хатан довтолгооны үйлдлүүд хийгдэж, булан болон чөлөөт цохилтыг ихээр ашиглаж, толгойгоороо сайн тоглодог тамирчдыг ихээр оролцуулна. Хөлбөмбөгт тактикийн шинэ хүч орж ирж байгааг грекүүд харуулсан юм.

Түлхүүр тоглогч: Ангелос Харистеас

1980 оны хоёрдугаар сарын 9-нд Грекийн Серрес хотод мэндэлсэн. Харистеас довтлогч болон жигүүрийн тоглогчийн байрлалд тоглодог. Хөлбөмбөгийн карьераа 1997 онд “Арис Салоники” клубээс эхлүүлжээ. Эхний улирлаасаа л амжилттай тоглож, есөн тоглолтод хоёр гоол оруулан, 1997-98 оны Грекийн хоёрдугаар лигийн аварга болсон түүхтэй. 2002 оны зун “Вердер Бремен” клуб түүнийг өөрийн болгожээ. 2003-04 онд багийнхаа хамт Бундеслиг, Германы цомын аварга болов. 2005 оны нэгдүгээр сард Недерландын “Аякс” клуб түүнийг 4,5 сая еврогоор өөрийн болгожээ. “Аякс”-т хүчин зүтгэх хугацаандаа 31 тоглолтод оролцож, 12 гоол хийжээ. 2006 оны наймдугаар сарын 31-нд буюу зуны солилцооны сүүлчийн өдөр гэнэтийн гэрээг Недерландын “Фейеноорд”-той хийв. Ийнхүү хэцүү он жилүүдийг өнгөрүүлсний эцэст Германы “Нюремберг” клубыг зорьж, 2,5 сая еврогоор дөрвөн жилийн гэрээ байгуулжээ. Шигшээ дэх анхны тоглолтоо 2002 оны хоёрдугаар сард ОХУ-ын шигшээ багтай хийж, 3:3 харьцаатай тэнцсэн байна. Уг тоглолтод тэрбээр хоёр гоол оруулжээ. “Евро-2004” тэмцээн дээр гайхалтай тоглон, гурван гоол оруулж, бэлгэдлийн шигшээ багт багтсан юм. Толгойгоороо сайн тоглогдоо харуулж, Франц болон аваргын төлөө Португалийн хаалганд хожлын гоолуудыг оруулсан. Шигшээдээ нийт 82 тоглолт хийж, 23 гоол оруулсан амжилттай. Еврод орсон хойноо эхнэртэйгээ супермаркетаар үйлчлүүлсний дараа гарын үсэг авах гэсэн хүмүүсийн очер үүсчихсэн байсан гэдэг.

Б.Батзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж