Аллен, Рондо нар багтаа давуу байдал авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Аллен, Рондо нар багтаа давуу байдал авчирлаа

Энэ тоглолтын хоёрдугаар үеийг үзсэн үзэгчид NBA-ын суперстар гэж ямар тоглогч байх ёстойг ойлгож авах шиг. Тэр дундаа шидэлтийн гайхамшгийг.
“Бостон Селтикс” багийн холын зайн мэргэн бууч Рей Аллен энэ тоглолтын эхний хагаст холын зайнаас долоон удаа довтолсон довтолгоогоо бүгдийг нь оновчтой болгож, шигшээ тоглолтын эхний хагасын дээд амжилтыг тогтоогоод байсан бол хоёрдугаар хагаст нэг удаа оновчтой хийснээр бүх цаг үеийн дээд амжилтыг найман удаа хийсэн холын зайн шидэлтээрээ шинэчлэн тогтоолоо.
Улмаар баг нь 103:94 харьцаатай үндсэн цагт ялалт байгуулж, цувралын харьцааг 1:1 болгон тэнцүүлснээр давуу байдлыг олж авсан юм.

Рей Аллен энэ тоглолтод авсан 32 онооныхоо 27-г нь эхний хагаст авсан бөгөөд онооны давуу байдлыг багтаа авчирсан бол харин төгсгөлийг нь холбон тоглогч Рондо нь хийж өглөө. Рондо шийдвэрлэх мөчид бөмбөг таслалтуудыг хийж, улмаар 10 оновчтой дамжуулалт, 19 оноо, 12 самбараас бөмбөг авалтыг хийснээр трипл-даблын болзол хангажээ.

Талбайн эзэн багаас Эндрью Байнум 21 оноо, зургаан удаагийн самбараас бөмбөг авалт, долоон удаагийн блок шот, По Газол 25 оноо, найман самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, хамгаалалт, довтолгоо аль алинд нь жигд байсан ч гол тоглогч болох Коби Брайнт алдааны асуудалд ороод байсан юм. Үүний гайгаар тэдний хамгаалалт суларч, ялагдал хүлээх гол шалтгаан нь болжээ.
 ,
Мөн хэрэгтэй мөчид Рон Артест олон алдаа гаргаснаар ялагдал хүлээсэн гэхэд болно. Хэдийгээр Артест Пол Пийрсийг хангалттай сайн хамгаалж байсан ч довтолгоон дээр алдаа гаргах нь их байлаа.
Харин эсрэг талаас Рондогийн хурдан довтолгоо гайхалтай байсан. Төв болоод хүчний бүх тоглогчид нь алдааны асуудалд орсон нөхцөлд Рондод ихээхэн хариуцлага ирсэн бөгөөд үүргээ ч тэр хангалттай биелүүлж чадсан.
Цувралын гурав дахь тоглолт Бостоны талбайд лхагва гарагт болно. “Лейкерс” давуу байдлаа эргүүлэн олж авахын тулд, “Бостон” харин Лос Анжелест очилгүйгээр цувралыг шийдэхийн тулд тоглоно. Өнгөрч буй минут бүр чухал болох нь гарцаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж