
Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1919
FIFA-д элссэн он: 1907
Холбооны ерөнхийлөгч: Жан-Пьер Эскалет
Ерөнхий дасгалжуулагч: Реймонд Доменек /Франц/
Багийн ахлагч: Тьерри Анри
Шигшээдээ олон тоглосон: Лильян Турам – 142
Олон гоол оруулсан: Тьерри Анри – 51
Одоогийн чансаа: 10
Хамгийн өндөр чансаа: 1 /2001-2002 он/
Анхны тоглолт: Бельги 3:3 Франц /1904 он/
Хол зөрүүтэй ялалт: Франц 10:0 Азербайжан /1995 он/
Хол зөрүүтэй хожигдол: Дани 17:1 Франц /1908 он/
Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:
Хаалгач: Стив Манданда, Седрик Каррассо, Уго Льорис
Хамгаалагч: Гаэль Клиши, Бакари Санья, Марк Планю, Патрис Эвра, Себастьен Скиллачи, Энтони Ревейер, Эрик Абидаль, Вильям Галлас
Хагас хамгаалагч: Матье Вальбуэна, Абу Диаби, Фрэнк Рибери, Йоанн Гуркюфф, Жереми Тулалан, Алу Диарра, Флоран Малуда
Довтлогч: Андре-Пьер Жиньяк, Сидней Гову, Сиссе Жибриль, Николя Анелька, Тьерри Анри
Францын шигшээ багийнхэн ДАШТ-ий “А” хэсэгт Мескик, Өмнөд Африк болон Уругвайн багийн хамт багтсан билээ. Өдгөөгөөс 12 жилийн өмнө нутагтаа дэлхийн аваргын цом хүртсэн Францын шигшээ сонгон шалгаруулалтад багагүй асуудалд өртсөн ч, чамгүй авьяаслаг тоглогчдоор багаа бүрдүүлээд байгаа. Хөлбөмбөгийнхний хүрээнд үргэлж хүний инээд хүргэж явдгаараа алдартай дасгалжуулагчаар удирдуулсан Францын шигшээ баг Тьерри Анригийн гараар дамжиж орсон бөмбөгийн ачаар Европын сонгон шалгаруулалтын плей-оффоос арайхийж эрхээ авсан ч дараа нь ихээхэн шүүмжлэлд өртөж, хөлбөмбөгийн фанатуудын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ FIFA Францын багийн эсрэг ямар нэг гомдол хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэнээр энэ асуудал нэг хэсэг шуугиж байгаад намдсан билээ. Үнэхээр ч талбай дээрх шүүгчийн шийдвэр эцсийн дүнд ялагч нь байдаг.
ДАШТ-ий амжилт:
1998 онд нутагтаа түрүүлж, дараа нь 2006 оны дэлхийн аваргын финалд Италид ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.
Дасгалжуулагч:
Франц мэргэжилтэн Реймонд Доменек тоглогчийн хувиар гурван өөр багийн хамт Францын цомд гурвантаа түрүүлж байсан.
Түлхүүр тоглогчид:
Цаасан дээр бичихэд Францын шигшээ бол сайн баг. Харин талбай дээр… Хаалгач Уго Льорис өмнө нь “Лион”-ыг Европын цомд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Дээр нь “Арсенал”-ын дөрвөл хамгаалалтын гол цөмийг нуруундаа үүрч байгаа. Бакари Санья, Вильям Галлас, Гаэль Клиши, харин тэдний яг урд нь Абу Диаби байрлана. Дээр дурдсан таван тоглогч эргэлзээгүй энэ багийг нэгтгэж байгаа.
Мэдээж хэрэг хагас хамгаалагч Фрэнк Рибери бол сайн найруулагч. Онгод нь орсон үед хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Гэхдээ Николя Анелька, Тьерри Анри, Рибери нарын хэн нь талбайд гарч, хэн нь сэлгээний суудалд суухыг эрхэм дасгалжуулагч шийднэ.
Мескикийн эсрэг:
Францын шигшээ түүхэндээ хэзээ ч Мексикт ялагдаж байгаагүй. Зургаан удаа тоглоход тавд нь хожиж, нэг удаад нь тэнцэж байсан түүхтэй. Харин эдгээр тоглолтын хоёроос бусад нь чухал уралдаан, тэмцээний үеэрх ач холбогдолтой тоглолт байсан. Францууд 1930 оны дэлхийн аваргад 4:0-ээр, дараа нь 1954 оны дэлхийн аваргад 3:2-оор буулган авч, 1966 оны Англид болсон ДАШТ-д 1:1-ээр тэнцжээ. Түүнчлэн Холбоотны цомын тэмцээнд Франц 4:0-ээр Мексикийн шигшээг бут ниргэсэн бөгөөд саяхан 2006 онд хоёр баг үзүүлэх тоглолт хийж, францууд 1:0-ээр ялалт байгуулсан байна.
Өмнөд Африкийн эсрэг:
ДАШТ-ийг зохион байгуулагч Өмнөд Африкийн баг аль ч төвшинд Францын дээр гарч байсан удаа үгүй. 1998 оны дэлхийн аваргад зохион байгуулагч Францын шигшээ Марсель хотноо “Бафана Бафана”-г 3:0-ээр хожсон. Харин сүүлд 2000 онд Йоханнесбургт нөхөрсөг тоглолт хийж, гоолгүй тэнцэж байв.
Уругвайн эсрэг:
Тэд хоорондоо таван удаа халз тулснаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд хоёр ч удаа таарч байв. 2002 оны Азид болсон дэлхийн цомын тэмцээнд Бусан хотноо Уругвай, Францын багууд гоолгүй тэнцсэн бол 1966 онд Лондонд Уругвайн баг 2:1-ээр хожиж байлаа. Харин бусад гурван тоглолтын тухайд нөхөрсөг тоглолт байснаас хамгийн сүүлд 2008 онд хоорондоо тоглоход тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ.
С.Цэлмэг