“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 21 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 21 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон Санхүүжилтийн Хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр” байгуулах тухай Хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг тус тус нийтэллээ.
Түүнчлэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгон, саналаа Улсын Их Хуралд 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг энэхүү тогтоолоор Засгийн газарт үүрэг болгоод байгаа юм. Оновчтой хувилбарыг сонгохдоо хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг орчин үеийн технологийг сонгох бөгөөд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга, хэлбэрийг мөн тодорхойлох юм. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2011 оны эхний хагас жилд багтаан хангах юм байна.
Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолтой энэхүү дугаараас танилцах боломжтой.
Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийн тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолуудыг мөн нийтэллээ. Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт байгаа зарим газрыг отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч байгаа бөгөөд ямар нэртэй , хэчнээн га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа талаархи дэлгэрэнгүй мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхтгэл өгөх болно.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолыг нийтэллээ. Төрийн албаны тухай хуульд заасан “орон тооны албан тушаал”, “сул орон тоо гарсан”, “эзгүй байгаа албан хаагч, “албан үүргээ биелүүлээгүй”, “зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн”, “сахилгын шийтгэл ногдуулсан” гэдгийг хэрхэн ойлгохыг Улсын дээд шүүхийн тайлбараас уншиж танилцах боломжтой.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж