Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн гуравдугаар сард үзэглэсэн Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлигийн талаар спортын салбарынхан ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Зарлигийн талаарх сэтгэгдлийг онцолсон учир нь энэ сарын 29-нд тэмдэглэх Монголын тамирчдын баярын өдрөөр манай үе үеийн шилдэг тамирчид нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх сэдвийг онцлон, нийт ард иргэддээ хөдөлгөөний ач холбогдол, спортоор хичээллэсний үр дүнгийн талаар сурталчилах гэж байгаатай холбоотой юм.

Ч.Наранбаатар: /БТСГ-ын дарга/

-Өнгөрсөн онд манай спортынхон Төрөөс спортын салбарт баримтлах бодлоготой болсон бол энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зарлиг гаргаснаар салбарын цаашдын зорилгын уялдаа холбоо илүү боловсронгуй болсон гэж бодож байна. Ерөнхийлөгчийн зарлигийг бид идэвхитэй дэмжин ажиллах болно. Гол нь зарлигийн хүрээнд хөдөө орон нутагт спортын материаллаг бааз бий болгох, спортын заал, танхим, талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил аль болох олныг өрнүүлэх хэрэгтэй.

Х.Цагаанбаатар: /Дэлхийн аварга/

-Ерөнхийлөгчийн зарлигийг спортынхон төдийгүй Монгол хүн бүр талархан, дэмжинэ гэж бодож байгаа. Тамирчдын хувьд спорт, нийтийн биеийн тамирыг сурталчлах нь нийгмийн өмнө бидний хүлээсэн үүрэг гэдэг үүднээс хөдөө орон нутагт спортоор хичээллэх, хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл байх зэрэг сэдвээр уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулж байгаа. Ер нь алхам тутамдаа л эрүүл мэнд, спортын тухай хүмүүст зөв ойлголт өгөхийг хүсдэг. Энэ нь нэгдүгээрт миний үүрэг, хоёрдугаарт Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байгаа хэлбэр гэж бодож байна. Энэ зарлигийг ухамсарлаж хүн бүр эрүүл чийрэг байхын төлөө хичээгээсэй гэж хүсч байна. Гол нь спортын мэргэжлийн байгууллагууд зарлигийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байх гэж бодож байгаа.

Э.Бадар-Ууган: /Олимпийн аварга/

-Ийм зарлиг гарсан нь цаг үеэ олсон гэж бодож байгаа. Монгол хүн бүрийг эрүүл байлгах, спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусыг дэмжсэн, тамирчдыг улам илүү амжилт гаргах нөхцөл бололцоог бий болгоход анхаарсан чухал зарлиг гэж бодож байгаа. Тэр утгаараа манай “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын зүгээс Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжих үүднээс тодорхой ажлууд төлөвлөн ажиллаж байгаа. Спортыг хэрхэн  яаж  сурталчилж  болох вэ,  яавал хүүхдийг багаас нь нийтийн биеийн тамир, спортод  татан оролцуулах вэ  гээд олон зүйл байна. Гэхдээ хэрэгжилт хамгийн чухал учраас гол нь орчин нөхцөл гэдэг зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг.

Д.Энхбат:  /Чөлөөт бөхийн дасгалжуулагч/

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зарлигийн хүрээнд манай аймгийн спорт хороо тодорхой санаа, ажлууд төлөвлөсөн байгаа. Сэлэнгэ аймагт спортын төрөлжсөн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургуулиас жишээ нь ирээдүйн шилдэг тамирчид төрж гарах боломжтой учраас спортын сургуулиасаа эхлээд аймгийнхаа бусад сургууль, албан байгууллагуудыг чийрэгжилт, спортын хэрэглэл материалаар хангах зэргээс гол ажил эхлэх ёстой байх.

Б.Наранбаатар: /Гавьяат тамирчин/

-Зарлигийг дэмжилгүй яахав. Хүн эрүүл байх хамгийн энгийн арга бол спортоор хичээллэх шүү дээ. Би өөрөө тамирчин хүний хувьд ч, мөн спортын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын тэргүүний хувьд ч нийтийн биеийн тамир, спортын хөгжилд гарч байгаа ач холбогдолтой шийдвэрүүдийг дэмжих юмсан гэж боддог. “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэж үг байдаг. Тэгэхээр хүн бүр эрүүл чийрэг байхын тулд спортоор хичээллээсэй гэж хүсч байна. Спортоор хичээллэсний ач тусын бодит жишээ болсон тамирчид маань ч гэсэн энэ зарлигийг дэмжиж, ард түмэндээ хандсан уриалга гаргаж, үлгэр жишээ болж явах ёстой байх. Зарлиг гаргаж, цаасан дээр буух нэг хэрэг. Үүнийг хэрэгжүүлэх хүмүүс нь би, та, бид бүгд гэдгийг хүн бүр ойлгоосой гэдгийг хэлэх байна.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 тоот зарлиг

Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн зарлиг болгох нь:

1.Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж /Сорилыг хурд, хүч, уян хатан, тэсвэр тэвчээр, тэнцвэр гэсэн таван үндсэн үзүүлэлтээр авах аж/, үнэлэлт дүгнлэтийг үндэслэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

2.Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг  сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, спортын хамтлаг, клубуудын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш, дасгалжуулагчдад бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэдэд уриалсугай.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж