Ч.Цэвээнпүрэв аваргын бүсээ хамгаалав

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Ч.Цэвээнпүрэв аваргын бүсээ хамгаалав

WBU буюу World Boxing Union-ы хагас дунд жингийн дэлхийн аваргын бүс эзэмшигч Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа өнгөрөгч баасан гаригийн үдэш мэргэжлийн боксын түүхт тулааны гол төвүүдийн нэг Лондон хотын “Йорк Холл”-д Мики Ковенигийн эсрэг хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Тэрбээр тулааны эхнээс л рингэн дээр илүүрхэж байсан бөгөөд гуравдугаар раундад өрсөлдөгчөө нам цохисон байна. Ингэснээр Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксын рингэнд 29 дэх ялалт, 21 дэх хүнд цохилтын ялалтаа авчээ.
Англид Чой Цэвээнпүрэв нэрээрээ алдаршсан манай тамирчин өдгөө 38 настай бөгөөд 2008 оны дөрөвдүгээр сард Болтон хотноо Дерри Мэттьюсийг сүр дуулиантайгаар буулган авснаар WBU-гийн дэлхийн аваргын бүс эзэмших болсон юм. Ч.Цэвээнпүрэв 2008 оны зургадугаар сард Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн бөгөөд мэргэжлийн боксын спортын хүрээнд өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос, Тайланд, Индонез, Чили зэрэг улсаар аялж байгаад 2000 онд Их Британид суурьшжээ. Тэрбээр өдгөө тус улсад ажиллаж, амьдарч байгаа ба нэрт дасгалжуулагч Ли Уилкинсийн удирдлага дор тулалдаж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж