Ц.Шаравжамцыг “Сэнгүр” лигээс хаслаа

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамцыг “Сэнгүр” лигээс хаслаа

Ц.Шаравжамцыг “Сэнгүр” лигээс хаслаа
Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лиг болох “Сэнгүр” лигийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт өчигдөр үргэлжиллээ. Хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа “Хараагийн харцага”, “MBM” багуудын хожлын тооны харьцаа 2:2 болоод байсан тул өчигдрийн тоглолтод хэн ялсан нь хүрэл медалийн болзол хангах ёстой байв. Хоёр багийн тоглолт эн тэнцүүхэн өрнөж, үндсэн цагт тооны харьцаа тэнцсэн бол нэмэлт цагт “MBM” тоглолтыг тэргүүлж, энэ жилийн лигийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэд болсон юм.

Энэ тоглолтын дараа лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа “Хасын хүлгүүд”, “Баянзүрх Буллз” багийн тоглолт болох ёстой байлаа. Хоёр багийн түрүүлж дөрвөн хожил авсан нь лигийн аварга болох ёстой бөгөөд өнгөрсөн даваа гаригийн тоглолтын дараах байдлаар тэдний хожлын харьцаа тэнцэж, 2:2 болоод байв. Гэтэл өчигдрийн тоглолт эхлэх болоход “Баянзүрх буллз” багийнхан талбайд гарч ирсэнгүй. Тун удалгүй Монголын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсны мэдэгдэл хийж, тус багийн төвийн тоглогч Ц.Шаравжамцыг тоглолтын үеэр тамирчдын биед удаа дараа санаатайгаар халдаж, тамирчны ёс зүй, сагсан бөмбөгийн дүрэмд нийцэхгүй үйлдэл гаргасан тул үлдсэн тоглолтуудад оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг тайлбарласнаар асуудал тодорхой болсон юм.

Монголын сагсан бөмбөгийн талбайд үлгэр жишээ болж явах ёстой сагсчин Ц.Шаравжамц хэдийгээр хоёр жил гаруйн өмнө зодог тайлснаа зарласан ч өдгөө “Баянзүрх буллз” багт хүчин зүтгэж байгаа. Өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж, спортын өндөр хэргэм цол хүртсэн анхны сагсан бөмбөгч болсон тэрбээр энэ удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд үзэгчдийг хамгийн ихээр бухимдуулсан тоглогчоор тодроод байгаа нь нууц биш ээ.

Үеийнхнээсээ ганцаараа шахам өнөөдрийн лигт тоглож байгаа ахмад, туршлагатай тоглогч гэхэд түүнээс бусад багийн тамирчдын нэр хүнд, биед халдах, шүүгчидтэй маргах гэхчлэн гайхмаар авир гарах нь энүүхэнд. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гаригт болсон тоглолтын үеэр гавьяат сагсчин Ц.Шаравцамж  “Хасын хүлгүүд” багийн тоглогч Д.Бат-Эрдэнийг заамдахаа шахан, санаатайгаар түлхэн унагааж, хэд хэдэн тоглогчид иймэрхүү дээрэлхүү зангаа гаргаад авсан. Аргаа барсан үзэгчид тухайн үед Ц.Шаравжамцад техникийн алдаа өгч, тоглолтоос хасахыг шаардаж байсан ч тэр өдрийн тоглолтын явцад түүнийг тоглолтоос хасалгүй тэмцээнийг үргэлжлүүлсэн юм. Ингээд Монголын сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөл “Баянзүрх буллз” багийн тоглогч Ц.Шаравжамц болон тус багийн хэд хэдэн тоглогчдын удаа дараа гаргаж байгаа ёс зүйгүй асуудлыг ав хэлэлцээд, өчигдөр “Гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг алтан медалийн төлөөх үлдсэн тоглолтуудад оролцуулахгүй байх” шийдвэр гаргажээ /Өмнө нь тус багийнханд холбооны зүгээс сануулга өгч байсныг тэмдэглэх нь зөв болов уу/.

Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооны эрх, үүргийнхээ дагуу гаргасан энэ шийдвэрийг “Баянзүрх буллз” багийнхан эсэргүүцэж, дээд лигийн тэмцээнийг үл хүндэтгэн, тоглолтод оролцохгүй байхаар шийджээ. Тоглолт эхлэхийн өмнө талбайд гарч ирээд байсан ганц нэг тамирчнаа эргүүлэн “татаж”, үзэгчдийг чилээсэн учир нь тус багийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ асуудлыг шүүх, цагдаагаар шийдүүлнэ, битгий тогло, бүү талбайд гар” гэж үүрэгдсэнтэй холбоотой байжээ. “Баянзүрх буллз” багийн менежер н.Чинбат, дасгалжуулагч Б.Дашдорж нар багийнхаа удирдлагуудын үүрэг даалгаврыг биелүүлж, бүтэн жилийн хугацаанд базаасан тамирчдынхаа хүч, хөдөлмөрийг талаар болгов. Яагаад тэд Ц.Шаравжамцгүйгээр тоглож болохгүй байсан гэж…

Ингээд нэгэнт “Баянзүрх буллз” багийнхан Ц.Шаравжамцгүйгээр талбайд гарахгүй гэдгээ мэдэгдсэн тул өчигдрийн тоглолтын дундуур Монголын сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөл дахин хуралдаж, “Хасын хүлгүүд” багт нэг хожил өгөх шийдвэр гаргаснаар “Хүлгүүд” гурван хожилтой болж, лигийг тэргүүлж эхэллээ.

Спортын мэргэжлийн байгууллага, холбоодод тамирчдын ёс зүйтэй холбоотой маргаантай асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрх нь байдаг ч Монголын нөхцөлд спортын удирдах байгууллагууд яг ийм байдлаар асуудалд шударга хандан, зоригтойгоор шийдэж байсан нь цөөн. Аль ч спортын тэмцээн, уралдаан дээр харагддаг тамирчид, шүүгч, зохион байгуулагчидтай холбоотой гарсан маргаан бүр танил тал, найз нөхөд, ямар нэгэн лоббид хөтлөгдөн ихэнх тохиолдолд дарагдаад өнгөрөх нь бий. Харин энэ удаа Монголын сагсан бөмбөгийн холбоо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Монголын спортод нүүрлээд байгаа тамирчдын ёс зүй, эрээ цээргүй, зэрлэг балмад үйлдэлд хатуу цохилт өглөө. Мэдээж хэрэг, өчигдрөөс эхлээд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудыг, шийвэр гаргасан Мэргэжлийн зөвлөлийнхөнд олон янзын дарамт шахалт ирж байгаа. Магадгүй, УИХ-ын нэгэн гишүүн спортын халуун тогоо руу шидэх “хор”-оо найруулаад ч сууж байж болох. Тэгэх тусам, Монголын сагсан бөмбөгийн холбооны шударга шийдвэрт талархал илэрхийлж, алга ташихыг хүсч байна. Спортыг шударга өрсөлдөөн чигээр нь авч үлдэх ийм шийдвэрүүд цаашид үндэсний бөхийн дэвжээн дээр, жүдогийн татами дээр, чөлөөтийн дэвжээн дээр, боксын рингэн дээр, спортын бүхий л тэмцэл дунд үнэн зөвөөр гардаг байгаасай гэдэг хүсэлт ч энэ хүрээний бүх хүнд хамаатай юм шүү.

Жич: Энэхүү мэдээлэл зургадугаар сарын 2-нд NEWS.mn сайтад нийтлэгдсэн болно. Техникийн саатлын улмаас мэдээллийг шинээр дахин оруулав.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж