Тус тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн хөнгөн жингүүд болох 55, 60 кг-д түрүүлсэн тамирчдад Монголын чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, даян аварга А.Сүхбат суудлын автомашин бэлэглэхээр амласан бол “Хасумегаватт” компани 66 кг-ын жингийн алтан медалийн эзнийг мөн автомашинаар байлахаар болсон билээ. Тэгвэл эхний өдөр болсон тэмцээний 55 кг-ын жинд ЦЕГ-ын бөх, “Хүч” спорт хорооны тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар түрүүлж, эхний автомашины эзэн болсон бол өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдааны 60 кг-ын жинд түрүүлсэн “Хилчин” спорт хороо, “Арслан F” клубын тамирчин Э.Ням-Очир даян аварга А.Сүхбатын амласан хоёр дахь автомашины түлхүүрийг гардсан юм.
Гэтэл тамирчдын урам зоригийг сэргээсэн шагналын хур харамсалтай нь таагүй байдлаар үргэлжлэв. Өчигдөр гуравдахь автомашины эзэн тодрох 66 кг-ын жингийн үзлэг болоход Дархан-Уул аймгийн “Хасу Мегаватт” компанийн тамирчин П.Өнөрбат жингийн илүүгээр тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Гэтэл П.Өнөрбатыг тэмцээнд оролцохгүй болсон тухай сонссон даруйдаа 66 кг-ын жинд автомашин амлаад байсан “Хасу Мегаватт” компани өөрийнх нь харьяаллын тамирчин тэмцээнээс хасагдсан тул амласан шагналаа буцааж, эмэгтэйчүүдийн 51 кг-д түрүүлсэн “Хасу Мегаватт” компанийн бөх, Д.Отгонцэцэгт машинаа өгчээ.
Зөвхөн өөрийн харьяаллын бөхийг түрүүлнэ гэсэн тооцоотойгоор амласан автомашин ийнхүү замаасаа төөрч, улсын аваргад өрсөлдөж байгаа олон арван тамирчдыг бухимдуулсан тул Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат өөрийн “Гацуурт” компанийн нэр дээрээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлсэн тамирчныг автомашинаар шагнахаар болсноо өнөөдөр мэдэгдээд байна. Яг одоо тэмцээн түр завсарлаад байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аваргын төлөө бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Батзориг, Б.Анхбаяр нар өрсөлдөхөөр шалгарч үлдээд байгааг дашрамд дуулгая.
Б.Энх