Дэвидийн том ах Дэнни нь бас тоглоомчин бөгөөд энэ бол маш сайхан ч бас хөдөлмөр их шаардсан ажил гэж ярьж байна. Тэрээр “Өглөө тав хүртэл тоглочихоод дараа нь өдөр дөрөв хүртэл унтаад дараа нь босоод дахиад тоглодог” гэж ярьсан. Өнгөрсөн арван жилд видео тоглоом тоглох нь ганцаараа тоглодог тоглоомноос илүү олуулаа тоглодог олон нийтийн үйл явдал болж хувирсан. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн тоглогчид интернетийг ашиглан сүлжээгээр тоглож, хоорондоо лиг болж, тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд шагналын хэмжээ нь улам өсөж, шагналуудыг нь хэвлэлийн бага хурлын үеэр юм уу стадионд гардуулдаг болж байна.
Их Британийн тоглогчдийн хувьд байнга цалин өгч тоглуулдаг спонсорууд одоогийн байдлаар байхгүй байгаа. Үүнтэй харьцуулахад “Fatal1ty” нэрээр тоглодог АНУ-ын тоглогч Жонатан Вендел байнгын орлоготой бөгөөд дэлхийн хамгийн өндөр орлоготой мэргэжлийн тоглогч гэж тооцогддог. Тэр 12 удаа дэлхийн аварга цол авсан бөгөөд нэг удаа ганц долоо хоногийн дотор 150,000 ам.долларын шагнал хүртэж байсан юм. Өмнөд Солонгост видео тоглоом үндэсний тоглоомны хэмжээнд хүрсэн . Хамгийн дэлгэрсэн тоглоом нь “Starcraft” бөгөөд тус улсын топ тоглогчид зургаан оронтой цалин авч байна. Тус улсын хөл бөмбөгийн багийнхан 2002 онд дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний хагас-финалд шалгарахад хөл бөмбөгчдөд урам өгөхийн тулд “Starcraft”-ын багийнхныг дуудаж хөл бөмбөгчидтэй уулзуулж байсан байна. Их Британийн видео тоглоомчдыг Дэвид Бэкхэмтэй уулзуулдаг болох хүртэл хол байна. Гэсэн хэдий ч видео тоглоомыг спонсорлох байдал сэргэж магадгүй байна гэж “Dignitas” хэмээх нэрээр алдаршсан Их Британийн видео тоглоомчдын багийн менежер Майк О”Делл ярьж байна.
Дэвид одоогийн байдлаар “Dignitas” багийн байнгийн цалинтай цорын ганц тоглогч. Тус багийн бусад тоглогчид нь бэлтгэл сургуулилт, хувийн ажил, амьдралаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй болдог. Тоглогч Куртис Шор цахилгаанчин бөгөөд ажлынхаа хажуугаар тоглодог. “Үнэнийг хэлэхэд би яаж бусад ажлаа амжуулдагаа өөрөө ч мэдэхгүй. Манай багийнхан ч мэдэхгүй байх. Би өглөө таван цаг хүртэл унтдаггүй. Заримдаа өглөө долоо хүртэл унтахгүй байх тохиолдол байдаг. Бид шөнө бүр гурван цаг тоглох хуваарьтай байдаг. Энэ бол маш хэцүү” гэж тэр ярьж байна. Мэргэжлийн тоглочдыг тоглолтонд бэлтгэх үүднээс байнга тодорхой хугацаагаар тоглож байх ёстой гэсэн нөхцөл тавьж гэрээ байгуулдаг тул ийнхүү ачаалалтай байдаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс нийлүүлсэн тоглогчидтой “Finatic” хэмээх өөр нэг баг тоглолтын өмнөх хоёр долоо хоногт тоглогчид нь өдөрт долоо хүртэл цаг тоглож бэлтгэл хийх ёстой гэж шаарддаг.
Багийн менежерүүд нь тоглогчдоо мөн байнга амарч, хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхийг шалгадаг. Учир нь видео тоглоом нь суудлын спорт учир зарим төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй юм. Их Британийн Эссекс их сургуулийн спортын сэтгэл судлаач доктор Доминик Миклрайт унадаг дугуйны тамирчдтай ажилладаг. Тэрээр мэргэжлийн видео тоглоомчид дээр саяхан судалгаа хийсэн бөгөөд тэдэнд мэргэжлийн тамирчидтай адилхан зүйл байгаа эсэхийг тодруулсан. Судалгааныхаа явцад тэрээр компьютерын тоглоомны тоглогчдын реакцын хугацаа, сэтгэхүйн ажиллагаа нь бусад мэргэжлийн тамирчидтай ижил төвшинд байгааг олж мэдсэн. Тэд дүрсний өөрчлөлтөнд яг л тийрэлтэт сөнөөгч онгоцны нисгэгч нар шиг реакц үзүүлж байв. Харин бие махбодын төвшин нь өөрсдийнх нь настай нь харьцуулахад хамаагүй доогуур байсан бөгөөд хүүхдүүд тэднийг өөрсдийн даган дуурайх роль модель болгоно гэхэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. “Мэргэжлийн тоглогч болохын тулд залуу хүмүүс маш их цагийг компьютер дээр тоглоом тоглож өнгөрүүлж байна. Хүүхдүүд дэлгэцийн өмнө хэдий их цаг өнгөрөөнө илүүдэл жинтэй болох эрсдэл төдий их нэмэгдэнэ, энэ нь зүрхний өвчинд нөлөөлөх болно” гэж доктор Миклрайт ярьсан. Дэвид энэ талаар “Тэмцээнд орохын өмнө биеийн дасгал сургууль хийвэл тэмцээний үр дүнд сайнаар нөлөөлж байгаа юм шиг байдаг” гэж “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.