Хэрвээ төсөв хэтрүүлж зарцуулснаар тэмцээн зохиовол Грек алтан медаль авах нь лавтай. Грекийн засгийн газар сүүлийн дөчин жилийн туршид ганц ч удаа төсвийн алдагдалгүй байж үзээгүй бөгөөд Европын түншүүд нь дургүйлхэн, элдэв үг хаяж хаяж эцэст нь энэ оны тавдугаар сард Грект тусламж үзүүлэх шийд гаргасан. Грекийн санхүүгийн хямралд олон хүчин зүйл нөлөөлсөн нь ойлгомжтой бөгөөд сүүлийн үед Афены олимп санхүүгийн хямралд нөлөөлсөн байж болзошгүй хувилбар олны анхаарал татаад байна. Афины олимп санхүүгийн хямралын цор ганц шалтгаан биш хэдий ч Грекийн болж бүтэхгүй зүйлийн жишээ болж болох юм. Юуны өмнө байр байшингаас нь эхлээд шүүмжилж байна. Грекчүүд хэдэн арван Олимпийн орд харш, байгууламжууд байгуулсан нь одоо эзэнгүй байгаа бөгөөд гадуур нь хашаа барьж аюулгүйн албаныхан эргүүл хийж байна. Энэ бүхэн Грекийн хариуцлагагүй зарцуулалтыг гал дээр тос нэмэх шиг өдөөсөн гэж Олимпийн тоглолтыг шүүмжилж буй Стелла Алфиери ярьж байна. “Энэ бол Грекийн хувьд харамсалтай явдал болсон. Тэд Грекчүүдийн бардам занг ашиглаж, түүнээс ашиг олсон. Олимпийн наадмын үеэр мөнгийг ямар ч утга учиргүй, бодлогогүй зарцуулсан” гэж Алфиери ярьж байна. Тэр өмнө нь Грекийн парламентын гишүүн байсан юм.
Өнөөдрийн валютын ханшаар тооцож үзвэл 2004 оны Афины Олимпийн зохион байгуулахад Грек бараг 11 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь анх төсөвлөж байсан зардлаасаа хоёр дахин нэмэгдсэн зардал юм. Тоглолт ойртсон хэдэн сард барилгын ажилчид шөнө нь прожектор тусгаж байгаад шөнө хүртэл ажиллаж байсан юм. Барилга байгууламжийн зардал дээр Афены Олимпийн үеэр аюулгүй байдалд зориулж Грек 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан. Түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд Афены Олимпийн байгууламжуудыг бараг ашиглахгүй байгаа бөгөөд хоосон байна. Олон улсын софтболлын холбооны ерөнхийлөгч Дон Портер Грекийн Олимпийн байгууламжыг ашиглах санал тавьсан ч Грекийн талаас ямар ч хариу хүлээж аваагүй гэнэ. “Грекийн софтболлын байгууламж нь одоо хүртэл байж л байгаа, гэхдээ бүр зэрлэгэндээ дарагдсан бөгөөд хэн ч ашиглахгүй, хэн ч хайхрахгүй байгаа. Мэдээж Олимп Грекийг эдийн засгийн хямралд оруулаагүй. Гэхдээ үүнд нөлөөлсөн нь тодорхой” гэж Портер е-мейлээр “BBC”-ийн сурвалжлагчид бичсэн.
Сүүлийн хэдэн долоо хоногт Грекийн олимпийн үеэрх санхүүгийн асуудал улам бүр хурц яригдаж байна. Грекийн парламент Олимпийн санхүүжилтийн асуудалд шалгалт хийж байгаа бөгөөд Германы “Siemens AG” компани Олимпийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулахын тулд 2004 онд Грекийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэг сөхөгдөөд байна. Үүнтэй холбоотойгоор Грекийн зам тээврийн яамны сайд 1998 онд “Siemens” компаниас 123,000 ам.доллар авсан хэрэг гарч ирээд байгаа бөгөөд түүнийг мөнгө угаасан хэрэгт шалгаж байна.
Грекийн засгийн газар одоо 382 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа бөгөөд 2004 оны Олимпийн тоглолтыг буруутгаад буруутгаад Олимпоос болж тийм их өрөнд орохгүй гэж зарим нь үзэж байна. Олимпийн тоглолтыг Грекийн өртэй холбож авч үзэж байгаа нь шударга бус хэрэг. Афин хот одоо ч гэсэн Олимптой холбоотойгоор сайжруулсан зам тээврийнхээ үр ашгийг хүртэж байна гэж Олон Улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге хэлж байна. Эдгээр зүйлс бол энэ хотод үлдсэн өв. Мэдээж зардал гарсан нь ойлгомжтой. Нисэх буудлыг үнэгүй барьдаггүй биз дээ. Хэрвээ Атены Олимп болоогүй бол эдийн засаг нь бүр ч муу байж магадгүй байсан гэж Рогге “Ассошиетэд Пресс” агентлагт ярьжээ.
Олимпийн тоглолтоос болж Грек өрөнд орсон гэж үзэж болохгүй. Гэхдээ Грекийн өр улам бүр нэмэгдэхэд Олимпийн тоглолт нөлөөлсөн байж болох нь ойлгомжтой гэж спортын үйл ажиллагаануудын санхүүгийн үр дагаварын судалгаа хийдэг АНУ-ын эдийн засагч Андрью Зимбалист ярьж байна. “Хоосон, бараг ашиглагддаггүй байгууламжууд Грекийн эдийн засагт дарамт болж байгаа, гэхдээ Грекчүүд шинээр байгуулсан зарим шинэ дэд бүтцийнхээ ашиг шимийг хүртэж байгаа”.
Олимпийн тоглолт болохын өмнө Грекийн хүн амын нягтрал ихтэй нийслэл Афин хотод метроны шинэ систем байгуулагдаж, шинэ нисэх буудал баригдаж, трамвай, галт тэрэгний шугамнууд тавигдаж, нэг ёсондоо хуучны Атен хот өнгөө сольсон. “Грекийн эдийн засгийг хямралд ороход нөлөөлсөн хүчин зүйлс Олимпоор тогтохгүй” гэж 2012 оны Лондоны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны дарга Себастиан Кое “Ассошиетэд Пресс” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. 2012 оны Олимпийн тэмцээнийг зохион байгуулах төсвийг одоогийн байдлаар 13.3 тэрбум ам.доллар гэж төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн засгийн газар Олимпийн зардлаас 38 сая ам.доллар танаж байгаагаа зарласан.
Өнгөрсөн арван жилийн дотор Грекийн төсвийн алдагдал Европын Холбооноос тогтоосон гурван хувиас байнга илүү гарч явж байсан ч сүүлийн нэг жилийн дотор огцом нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар ДНБ-ийхээ 13.6 хувь хүрч байна. Сүүлд байгуулсан тохиролцооны хүрээнд Грекийн засгийн газар 2012 оныг хүртэл Олон улсын валютын сан болон Европын засгийн газруудаас 135 тэрбум ам.долларын тусламж авах болно. Олон арван жилийн туршид Грекийн засаг захиргаа буруу удирдлага аргачлалаар явж ирсэн нь энэ их өрийг үүсгэсэн гэж тус улсын ерөнхий сайд Жорж Папандреу ярьж байна.
Т.БАДРАХ