По Газол амралтаа авна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

По Газол амралтаа авна

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд нэг ч амралт аваагүй “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч По Газол энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Мягмар гаригт “Лейкерс” багийн бэлтгэлийн дараа тэрбээр амрахаар шийдсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр өнгөрсөн гурван жилийн турш шигшээ тоглолтод шалгарч, нэлээд ачаалал авснаас гадна шигшээ багтаа олон тэмцээн, уралдаан хийж, амралтгүй тоглож байгаа билээ. Газол “Мэдээж энэ хэцүү шийдвэр байсан. Шигшээ багаас олон сайхан дурсамж надад үлдсэн. Гэвч сүүлийн гурван жилд ямар их зүтгэл гаргаж, сагсан бөмбөг тоглосноо мэдэж байна. Цаашид ч “Лейкерс” багт юу зориулах ёстойгоо мэдэж байгаа. Хэрэв амрахгүй цаашид тогловол миний бие ачааллаа дийлэхгүй байх” хэмээн ярьжээ.
“Мемфис Гриззлис” багаас ирсэн цагаас хойш Газол NBA-д нийт 272 тоглолт хийгээд байгаа юм. Тийм ч учраас амралт авах цаг нь болсон гэж үзжээ. Түүний эзгүйд  шигшээ багт залуу тоглогчид гарч ирэн, өөрсдийгөө таниулах ёстой гэж Газол үзэж байгаа аж.
Испанийн багийн хувьд Газолгүйгээр дэлхийн аварга болно гэдэг амаргүй даалгавар. Тэд тэмцээний “D” хэсэгт тэд Франц, Шинэ Зеланд, Ливан, Канад, Литва улсын хамтаар сугалаа таараад байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж