Лидстром дахин нэг жил хоккей тоглохоор шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Лидстром дахин нэг жил хоккей тоглохоор шийджээ

Никлас Лидстром зодог тайлахаа тур хойшлуулж, “Детройт Рэд Уингс” багтайгаа эргэн нэгдлээ. Бүх оддын багийн хамгаалагч 6.2 сая ам.доллараар үнэлэгдэх нэг жилийн хугацаатай гэрээ байгуулснаар 40 настайдаа дахин мөсөн талбайд хүчний тоглолт үзүүлэх болж байна. “Би зөв шийдвэр байсан гэж бодож байна. Ирэх улирлын бэлтгэлдээ хэдийнээ гараад эхэлсэн” гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ дурдлаа.
Лидстром 18 жилийн хоккейн замналаа “Детройт Рэд Уингс” багтай холбож, энэ багийн хамт дөрвөн удаа Стэнлийн цом хүртсэн. Магадгүй дахин нэг жил тоглохоор болсон нь цомынхоо тоог нэгээр нэмэхийг хүссэнтэй холбоотой биз.
Швед эр өнгөрсөн улиралд есөн шайб оруулж, 40 оновчтой дамжуулалт өгсөн нь сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн муу амжилтуудынх нь нэг болжээ. Гэвч багийн дасгалжуулагч Майк Бабкук дараа жил аварга авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. “Бид плей-оффын бичлэгээ үзэж байна. Ирэх жил бид аварга авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрэв гол тоглогчдоо алдсан бол ингэх боломжгүй. Гэвч манай баг хэвээрээ байгаа. Бид бага зэрэг хүчээ зузаатгана” хэмээн Бабкук ярьжээ.
Хэдийгээр Жири Хадлертай хоёр жилийн гэрээг сарын өмнө хийж, одоо Лидстромыг авч үлдэж байгаа ч Томаш Холстром, Тодд Бертуззи нар чөлөөт агент болох билээ. Гэвч тэднийг багтаа үлдэнэ гэдэгт багийн удирдлага эргэлзэхгүй байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж