ҮЗХ-ны хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хурал өндөрлөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат намын дүрмийг боловсруулах явц ямар шатанд яваа талаар товч мэдээлэл хийснээр энэ удаагийн ХХХIII хуралдаан өндөрлөлөө.

    Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу байгуулагдаж ажилласан байна. Тус ажлын хэсгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ахалж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Оюунгэрэл нар багтжээ. Ажлын хэсэг одоогийн үйлчилж байгаа намын дүрмийг судлаад, хэд, хэдэн зарчмын өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ. Хэдийгээр энэ дүрэм нь таван намыг нэгдэн нийлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн ч гэлээ өнөөгийн цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн тул өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн аж. Тиймээс шинэчлэн боловсруулах Ардчилсан намын дүрэм нь ардчилсан намыг ард түмний нам болгох концепци руу хөтлөх ёстой гэж тодорхойлжээ. Ингэхдээ энэхүү дүрмийг бүх шатны намын байгууллагаар 100 хувь хэлэлцүүлсний эцэст Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зарлаж, гишүүдийн саналыг үндэслэн намын дүрмийг батлуулна гэж тэрбээр тодотголоо.

    Мөн энэ удаагийн хуралдаанаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийг орон даяар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж