Жокович Федерерийг хожиж, финалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Жокович Федерерийг хожиж, финалдлаа

“Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээн эхний тоглолт өчигдөр орой болж, Сербийн теннисчин Новак Жокович өнгөрсөн жилийн аварга Рожер Федерерийг буулган авснаар дуулианы эзэн болоод байна. Мелбурн хотноо тун ч ширүүн өрнөсөн тоглолтод Серби теннисчин 7-6; 7-5; 6-4 харьцаатай ялалт байгуулснаар Австралийн нээлттэй тэмцээний аваргын төлөө Британийн Энди Муррей, Испанийн Дэвид Феррер нарын нэгтэй нь өрсөлдөх болж байна. Сануулахад, Муррей, Феррер нарын тоглолт өнөөдөр орой болох учиртай.

Жокович 2008 онд Австралийн нээлттэй тэмцээний аваргын цом өргөхдөө мөн л хагас шигшээд Федерерийг хожиж байсан бөгөөд тэр нь Жоковичийн анхны бөгөөд цорын ганц “Их дуулга” нь юм. Харин Федерерийн хувьд 16 “Их дуулга”-ын эзэн боловч 2003 оноос хойш анх удаа дөрвөн “Их дуулга” дараалан цомгүй хоцорч байна. Тэрбээр өчигдрийн тоглолтын дараа “Өнөө орой Новак илүү байлаа. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Би Австралид тав дахиа түрүүлнэ гэсэн итгэлтэй ирсэн ч өнөө орой миний хүсэл замхарлаа” хэмээн ярьжээ.

Талбайн теннисний спортын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй Рожер Федерер болон Рафаэль Надаль нар сүүлийн 23 “Их дуулга”-ын 21-т нь түрүүлсэн. Өөрөө хэлбэл, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 21 “Их дуулга”-д тэр хоёрын хэн нэг нь аваргалсан гэсэн үг. Харин энэ удаад тэдний ноёрхол дахин тасалдаж байна. Өмнө нь 2009 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд Жокович болон Аргентиний Хуан Мартин дел Потро нар шилдэг хоёрыг хожиж байсан бол 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд Федерер, Надаль нарын хэн нь ч финалдаж чадаагүй юм. Харин энэ удаад Федерер хагас шигшээ, харин Надаль шөвгийн наймаас тэмцээнийг орхилоо. Дэлхийн тэргүүн теннисчин Надаль шөвгийн наймд нутаг нэгт Дэвид Феррертэй тоглож, 6-4; 6-2; 6-3-аар хожигдсон байна. Өнгөрсөн жил Франц, Англи болон Америкт болсон “Их дуулга”-д түрүүлсэн Надаль Австралийн нээлттэй тэмцээнд тэргүүлсэн бол 1969 оноос хойш “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд дараалан түрүүлсэн анхны теннисчин болох байлаа. Гэхдээ түүний энэ амжилтад гэмтэл саад болж, тэрбээр гэмтлийн улмаас ялагдалд хүрсэн байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж