Өдөрт 40 Солонгос иргэн амиа хорлодог

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Өдөрт 40 Солонгос иргэн амиа хорлодог

Өнгөрсөн жил Өмнөд Солонгост 14,579 хүн амиа хорложээ. Энэ нь өдөрт бараг 40 хүн амиа хорлож байна гэсэн үг юм гэж Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газар лхагва гаригт мэдээллээ. Энэ тоо нь 2008 оныхоос 18.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 61-ээс дээш настай 4,614 хүн амиа хорлосон нь нийт өөрийгөө егүүтгэгсдийн 31.6 хувь болж байна. Тэдний өөрсдийгөө егүүтгэх болсон шалтгаан нь ихэвчлэн өвчин болон эдийн засгийн хүнд байдалтай холбоотой стресс, дарамтаас болсон байна гэж цагдаагийн газар мэдэгдсэн.

Зураг дээр: Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ро Мүү Хюн 2009 оны тавдугаар сард өөрийгөө егүүтгэсэн

Амиа хорлосон 40 орчим настнуудын тоо 2,770 байгаа нь 19 хувь болж байна. Түүний дараа 50 орчим настай 2,427 хүн амиа хорлосон нь 16.6 хувь, 30 орчим настай 2,508 хүн амиа хорлосон нь 17.2 хувь болж байна. 20 орчим настай амиа хорлосон залуусын тоо 2005 онд 1,428 байсан бол өнгөрсөн жил 1,793 болж нэмэгдсэн байна. Харин 20 нас хүрээгүй 452 хүүхэд залуус амиа хорлосон байна. Хүйсээр нь авч үзвэл өөрийгөө егүүтгэгсдийн 9,395 нь эрэгтэй, 5,167 нь эмэгтэй байсан байна. Харин 40 орчим настнуудын дунд эрчүүд илт их амиа хорлосон байгаа бөгөөд хүйсийн харьцаа нь 2.4:1 байсан. Амиа хорлох болсон шалтгааныг тодруулбал 28.3 хувь нь сэтгэцийн асуудалтай, 21.9 хувь нь өвчний улмаас, 16.2 хувь нь эдийн засгийн таагүй байдал, 12.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, 7.1 нь хайр сэтгэлийн асуудал, 6.6 хувь нь ажил дээрээ асуудалтай байснаас амиа хорлосон байна гэж Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдэгдэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж