“Форд” Меркюри загварын үйлдвэрлэлээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

“Форд” Меркюри загварын үйлдвэрлэлээ зогсооно

1930-аад онд Эдсел Фордын санаачлан бүтээсэн Меркюри загварын автомшины үйлдвэр сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа тул үйлдвэрлэлийг нь зогсоох шийд гаргаж байгаа талаараа “Форд Мотор” компани АНУ-ын Детройт хотоос мэдээллээ. Меркюри брендийг хаахад хэдий хэмжээний зардал гарах талаар тус компани мэдэгдээгүй. Гэсэн хэдий ч ямар нэг ажлын байр цомхотгохгүй бөгөөд харин байгаа нөөцөө тансаг ангиллын Линкольн загвар үйлдвэрлэхэд шилжүүлэх юм байна.

Меркюри нь масс зах зээлийн загварууд, тансаг ангиллын Линколь загварыг хооронд нь холбогч болсон завсрын загвар гэж бөгөөд орлого нь 1970-аад онд оргил үедээ хүрч байсан. Түүнээс хойш борлуулалт нь буурсаар одоо АНУ-ын автомашины зах зээлийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Авто салбарын шинжээчид “Форд” компанид энэ загварын үйлдвэрлэлээ зогсоохыг нэлээд хэдэн жилийн өмнөөс зөвлөж байсан ч үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байсан юм. Санхүүгийн талаас нь авч үзвэл энэ бол “Форд Мотор” компанийн хэцүү хэдий ч заавал гаргах ёстой байсан шийд гэж Линкольн Меркюри дилерийн зөвлөлийн дарга Боб Таска Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярьж байна.

Меркюри загвараа хааж, Вольво брендээ Хятадын “Geely” компанид худалдсанаар тус компани “Тоёото Мотор” компанийн нэгэн адил цөөн бренд загвартай үлдэх юм. Меркюриг зогсоох шийд нь тус компани 2010 онд ашигтай ажиллах зорилтод  саад болохгүй гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан. Меркюриг зогсоох шийдийг “Форд” компанийн захирлуудын зөвлөлийн лхагва гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. “Манай санхүүгийн нөхцөл байдал сайжирч байгаа тул Меркюри загварыг зогсоосноос үүдэн гарах богино хугацааны зардлыг бид шингээж чадна.  Бид энэ шийдийг олон талаас нь бодож гаргасан” гэж “Форд”-ын Америк дахь ерөнхийлөгч Марк Филдс ярьжээ.

2006 онд “Форд” компанийн ерөнхий гүйцэтгэх захирлаар Алан Муллали ажиллаж эхэлснээс хойш тус компани янз бүрийн бренд загваруудын үйлдвэрлэлүүдээ зогсоох арга хэмжээ авч эхэлсэн юм. Алан Муллали захирлыг “Тоёото” компанийн үйлдвэрлэл, брендийн стратегийг “Форд” компанид авч хэрэглэсэн гэж үздэг. Сүүлийн гурван жилд “Форд” компани тансаг ангиллын бренд загваруудаа өөрийн үйлдвэрлэлийн жагсаалтнаас хассан бөгөөд Астон Мартин, Жагуар, Ланд Ровер зэрэг брендүүдээ зарж, одоо Вольво брендээ зарахаар бэлтгэж байна. Лхагва гаригт тус компанийн хувьцааны ханш дөрвөн хувь өссөн бөгөөд тавдугаар сард ханш нь нийтдээ 22 хувь өсөөд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж