Испанийн зээлжих чадварын үнэлгээг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Испанийн зээлжих чадварын үнэлгээг буурууллаа

Зээлийн үнэлгээний “Fitch” агентлаг Испанийн зээлжих чадварын үнэлгээ “AAA” байсныг “АА+” болгож бууруулж үнэллээ. Ингэснээр тус агентлаг Испанийн засгийн газрын зээлжих чадварын үнэлгээг доошлуулж үнэлсэн хоёр дахь агентлаг болж байна. Одоогоос сарын өмнө “Standard&Poor” агентлаг Испанийн зээлжих чадварын үнэлгээг бууруулсан юм. Өчигдөр Испанийн зургаан бүсийн хадгаламжийн банкууд төлбөрийн чадваргүйдэлд орохоос сэргийлэх эвсэл байгуулах асуудлаар хоорондоо хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн.

Испанид үйл ажиллагаа явуулж байгаа 45 хадгаламжийн банкны ихэнх нь олон улсын санхүүгийн хямрал болохоос өмнө үл хөдлөх өмчийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан юм. Түүнээс хойш болсон санхүүгийн хямралтай холбоотойгоор Испанийн банкнууд 445 тэрбум еврогийн асуудалтай авлагатай болоод байгаа. Хүнд байдалд орсон хадгаламжийн банкнуудын нэг “Cajasur” банкыг Испанийн засгийн газар энэ сарын эхээр өөртөө авсан.

Испани Грекийнх шиг хямралд орох вий гэж болгоомжлон Испанийн улс төрчид төсвийн алдагдлаа багасгаж, 15 тэрбум еврогийн хэмнэлт хийхээр төсвөө танах шийд гаргасан. Одоо Испанийн төсвийн алдагдал ДНБ-ийхээ 11.2 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2013 он гэхэд гурван хувь болгож бууруулах зорилт Испанийн засгийн газар тавиад байна. Төсвөө танахаар шийдсэн нь тус улсад газар авсан ажилгүйдлийг улам бүр хөөрөгдөх вий гэж зарим хүмүүс болгоомжилж байгаа. Испанийн ажилгүйдэл одоогоор 20 хувьтай байгаа нь еврозоны дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. “Энэ оны нэгдүгээр улиралд тус улсын ДНБ 0.1 хувиар өссөн ч эдийн засаг нь засгийн газрын тооцоолж байгаагаас удаан сэргэх болно. Тиймээс Испанийн эдийн засгийн үнэлгээг ААА биш АА+ болгож бууруулж байна” гэж “Fitch” агентлаг тайлбарласан байна.

Т.Бадрах    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж