Еврогийн хямрал брендүүдэд сайнаар нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Еврогийн хямрал брендүүдэд сайнаар нөлөөлж байна

Эдийн засгийн хямрал болж байхад түрс идэхэд зориулсан ширээний хэрэглэл 34,000 ам.доллараар худалдаж авах хүн байх уу. Эсвэл хэн матрын арьсан гадаргуутай бичгийн ширээ авах вэ дээ гэж та бодож байж магад. Тийм бол та буруу боджээ. Тансаг ангилалын арьсан эдлэл хийдэг францын “Louis Vuitton” компани энэ долоо хоногт Их Британийн Лондон хотод өөрийн нэрийн барааны дэлгүүрээ нээсэн бөгөөд тус компани европ дахиныг донсолгож байгаа санхүүгийн хямралын үед харин ч ашигтай ажиллаж байна. Европын холбооны албан тушаалтнууд еврогийн ханшийг сэргээж эдийн засаг, санхүүгийн таатай байдал авчрах бодлого боловсруулахаар Брюссель хотод “үсээ зулгаах” шахуу болж байхад Европын тансаг эдлэлийн жижиглэнгийн дэлгүүрийн эзэд чимээгүйхэн инээгээд сууцгааж байна. Өнгөрсөн оны 11 сараас хойш еврогийн доллартай харьцах ханш тавны нэг хувиар унаад байгаа бөгөөд энэ нь өөрийн бүтээгдэхүүнээ АНУ, Ойрхи дорнод руу экспортолдог европын компаниудын ашгийг нэмэгдүүлж байна. Цаг үйлдвэрлэгчдээс авахуулаад дизайнерын хувцас хүртэл тансаг ангилалын бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг еврозоны компаниудын хувьд энэ хооронд зардал нь эрс багасаж харин орлого нь нэмэгдсээр байна.

Тансаг бүтээгдэхүүний “LVMH” группд харъяалагддаг “Loius Vuitton” компанийн гүйцэтгэх захирал Ивес Карселл  еврогийн ханш унасанд баяртай байгаа  бөгөөд энэ талаараа “Үнэндээ би ч ганцаараа ингэж бодож байгаа биш. Өнгөрсөн дөрвөн жил еврогийн ханш бодитой бусаар хэт дээгүүр тогтсон байсан. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ Франц, Италид үйлдвэрлэж дэлхий даяар зардаг тул еврогийн ханш доогуур байгаа нь бидний бизнесийн хувьд муу биш харин ч сайн нөлөөтэй байна” гэж ярьж байна.

Лондон хотын “New Bond Street” гудамжинд шинээр нээгдсэн “Louis Vuitton” дэлгүүрт аялалын цүнхнүүд, тавилгууд тавигдсан байгаа бөгөөд үнэ нь 150 ам.доллараас 70,000 ам.долларын үнэтэй байна. Их Британи еврозоны гишүүн биш хэдий ч сүүлийн хэдэн сард паундын ханш унасан нь Лондонд зорчиж буй гадны жуулчид, тэнд ажилладаг экспат ажилчдын хувьд илүү их зүйл худалдаж авахад сайнаар нөлөөлөөд байна.
Энэ долоо хоногт судалтай хээтэй сонгодог хэрэгслүүдээрээ алдартай Их Британий “Burberry” дэлгүүрийн ашиг өнгөрсөн жилтэй харьцуулбал 23 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээ гарсан. Өнгөрсөн жил борлуулалт нь хүндхэн байсан Швейцарийн “Richemont” компаний дөрөвдүгээр сарын борлуулалт өмнөх сараас 24 хувиар нэмэгдсэн байна. Эднийх “Cartier”, “Montblanc” брендүүдийг эзэмшдэг. Түүнчлэн Францын “Hermes”, “Prada”-гын борлуулалт мөн өссөөр байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж