Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 29

Тавдугаар сарын 29-ний баяр

НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр (International Day of United Nations Peacekeepers) зарлажээ. Энэ баяраар дэлхийн халуун цэгүүдэд  энхийг сахиулах хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн эр зоригийг бахдах учиртай.
 

Өдрийн ишлэл

“Ялалт бүр мянган эцэгтэй, ялагдал нь үргэлж өнчин”

(АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кееди 1917 оны тавдугаар сарын 29-нд төржээ)

Бусад ишлэлээс:  “Бүгдийг уучил, гэхдээ бүү март”

“Эрх чөлөө нэгдмэл, хэрэв ганц нь салсан бол бусад нь эрх чөлөөгүй”

“Энхийн хувьсгалыг боломжгүй болгож байгаа тэр хүн хүчирхийлэлийн хувьсгалыг залшгүй болгодог”


Үйл явдал

1176 ОН. Орчин үеийн Милан хотоос 30-аад км-ын зайтай Леньяно хотын дэргэд Хойд Италийг эзлэх эрмэлзэлтэй байсан Ариун Ромын эзэнт улсын I Фридрих Барбароссын цэргийг италичууд бут ниргэжээ. Италийн түүхийн энэ чухал үйл явдалд алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Верди нэгэн дууриа зориулж түүнийг “Леньяны тулалдаан” гэж нэрлэжээ.


1453 ОН. Гурав хоног дайрсны эцэст Туркийн султан II Мехмедын цэргүүд Константинополь хотын эзлэн христийн Византийн эзэнт улсын 1100 жилийн түүхийг цэглэжээ. Вазантийн хаан ХI Константин Палелог хотыг хамгаалагчдын дунд тулалдаж байгаад үрэгдсэнийг гутлаар нь таньсан байна. Султан түүний цогцсын толгойг таслан морин тойруулга дээр олонд харуулахаар өлгөж тавиад биеийг нь хүндэтгэл үзүүлэн оршуулжээ.

1900 ОН. Хамгийн анхны аюулгүй цахилгаан шатыг зохиогч Элиш Грейвс Отисын нэрээр нэрлэгдсэн “ОТИС” компани явган хүнд зориулсан өөрөө явагч шатнуудад ерөнхий нэр болсон “Эскалатор”-ын худалдааны тэмдгийг бүртгүүлжээ.


1953 ОН. Өнөөгөөс 57 жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр Жомолунгма (Сагарматха, Эверест) оргилд Шинэ Зеландын Эдмунд Хиллари, шерп үндэстэн Тэнциг Норгүй хоёр хөл тавьжээ.  Жололунгма буюу “Дэлхийн эх” гэж төвдүүд, Сагарматха буюу “Дэлхийн эзэн” гэж балбууд нэрлэдэг дэлхийн хамгийн өндөр оргил нь Түвд ба Балбын хил залгаа нутагт байдаг.  Түүний өндрийг далайн төвшнөөс 8848 м гэж анх Жорж Эверест тогтоосон учир бас түүнийг Эверест гэж нэрлэнэ. Хамгийн анх энэ оргилд гарсан хоёр тэнд Их Британи, Балба, Энэтхэг ба НҮБ-ын тугийг хатгасан байна.

2003 ОН. Америкийн хамгийн алдартай жүжигчний нэг Боб Хоуп 100 насныхаа ойг тэмдэглэв. Өөрийн урт удаан амьдралдаа тэрээр олон арван кинонд тоглон олон жил радио-шоуны хөтлөгч байв. Тэрээр 1000 шагнал, 50 хүндэт цол хүртсэн бөгөөд Америкийн 11 Ерөнхийлөгчтэй танил байв. Боб Хоуп 700 цэргийн бааз, эмнэлэгт зочлон барагцаалбал 100 мянган цэргийн өмнө тоглолт хийж байжээ. Үүнийхээ төлөө Боб Хоуп “АНУ-ын зэвсэгт хүчний хүндэт ахмад дайчин” цол авч байлаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж