Alexander McQueen шинэ дизайнераа зарлав

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Alexander McQueen шинэ дизайнераа зарлав

Английн нэрт дизайнер Alexander McQueen өнгөрсөн хоёрдугаар сард амиа хорлож, хувцас загварын ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиож байсан билээ. Түүнээс хойш өчигдрийг хүртэл нэрт дизайнерын орыг залгаж, тус загварын ордны кретив дизайнераар ажиллах хэн нэгнийг зарлаагүй байлаа. Харин өчигдөр тус загварын ордны эзэмшигч “Gucci” групп ноён Alexander McQueen буюу Lee-гийн оронд ажиллах хүндэт хүнийг албан ёсоор зарлав.
Удирдлагууд бүтэн гурван сар бодсоны эцэст Lee-гийн дэргэд 14 жил ажилласан, бараг баруун гарынх нь шадар туслах гэж нэрлэж болохуйц эмэгтэй дизайнер Sarah Burton-д энэ нэр хүндтэй суудлыг өгөхөөр шийдсэн байна. Alexander McQueen-ний ерөнхийлөгч Jonathan Akeroyd “McQueen-ийг өөр хэн ч Sarah-гаас илүү мэдэхгүй, мэдрэхгүй. Тэр түүний хажууд бүтэн 14 жилийг өнгөрүүлсэн. McQueen загварын коллекцийнхоо гүйцэтгэлийн хамгийн сүүлийн шатанд хүртэл Sarah-тай ажилладаг байсан” гэж мэдэгдэл хийсэн байна. Харин Sarah Burton “Lee-гийн ер бусын сайхан загварууд түүний зүрх сэтгэлээс оргилон гардаг байсан. Би түүний ажилдаа гаргадаг байсан бүхий л хандлага, бодлогыг тэр чигээр нь хадгалан ажиллахыг чармайх болно” гэжээ. Одоо бид бүгд Alexander McQueen-ний цоо шинэ коллекцуудыг харах л үлдэж. Lee-гийн зохион бүтээдэг байсан ер бусын гутал, даашинзнууд дахин “амилах” болов уу. Сонирхуулахад, Nicole Kidman, Penelope Cruz, Sarah Jessica Parker, Rihanna, Bjork, Lady Gaga, Beyonce нарын олон одод Alexander McQueen-ний үнэнч фэнүүд юм.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж