Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдаад манай улс АНУ-ыг гуравдагч хөршөө гэж үздэгийг тэмдэглэн хэлж, АНУ Монгол Улсад ардчилал үүсэн хөгжихөд анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрээр, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа ихээхэн өргөжсөнийг онцлоод, Монгол Улс АНУ-ын Засаг захиргаатай харилцаа, хамтын ажиллагаагаа "Иж бүрэн түншлэл"-ийн зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа нь хоёр ард түмний
хамтын үнэт зүйлс болж байгааг бөгөөд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, чадавхийг нь дээшлүүлэхэд АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэн авах
шаардлагатай байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв.
АНУ нь Монгол Улсын гадаад худалдааны нэгэн чухал түнш юм. Манай хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлснээр АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголд татан ирүүлэх сонирхолтой байгаа юм. Энэ нь Монголын хувьд зөвхөн эдийн засгийн төдийгүй, геополитик болон стратегийн ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, монголын залуучууд өндөр боловсрол эзэмших нь улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглээд АНУ-д суралцах монгол оюутнуудын тоог
нэмэгдүүлэх сонирхолтой байгааг Америкийн тал хүлээн авч, АНУ-ын
Фулбрайтын хөтөлбөрийг өргөжүүлж, 50:50 хувийн санхүүжилттэй Тэтгэлгийн
хамтарсан сан байгуулахаар тохиролцсонд баяртай байгаагаа хэлсэн юм.
Хатагтай Ж.Макхейл санал нэг байгаагаа илэрхийлээд, АНУ-д суралцах хүсэлтэй монгол залуучуудад боломж олгохын төлөө ажиллах болно гэлээ. “Судалгаагаар манай улсад сурч байгаа гадаадын оюутнуудын 95 хувь нь 150 их дээд сургуульд сурч байна. Гэтэл АНУ-д маш олон сургууль коллеж бий. Монгол оюутнуудад боломж их бий гэсэн үг “
Цаашид талууд Монголын оюутнуудад бакалаврын зэргийн тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, ялангуяа амьдралын боломж тааруу ч сурах эрмэлзэлтэй оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөрөөр боломмж олгодог бололцоог судалж хамтран ажиллах талаар ярилцлаа. Монгол Улсад сүүлийн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа учир энэ чиглэлээр ч мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгааг Ерөнхийлөгч онцолж байлаа.
Мөн Монгол Улс АНУ-ын Засаг захиргаатай цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх зэрэг нийтлэг салбаруудын хүрээнд илүү ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаа юм.
Уулзалтын үеэр Ази Номхон Далайн Ардчиллын төлөө Түншлэл, Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг зэрэг АНУ-ын санаачилгуудыг Монгол Улс дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа бахархалтай байгааг тэмдэглээд энэ хүрээнд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011 онд даргалах болсон бөгөөд АНУ болон бусад түнш орнуудаас санхүүгийн болон бусад төрлийн туслалцаа, дэмжлэг авах шаардлагатай байгааг илэрхийлэв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.