Эрүүлжүүлэх байранд 64416 хүн хоносон гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байранд 64416 хүн хоносон гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед  согтуугаар амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбоотой Нийслэлийн цагдаагийн газрын Согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх ахлах байцаагч дэд хурандаа Насанжаргалаас согтууралтай тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж буй талаар тодрууллаа.

    -Сүүлийн үед архидан согтуурсны улмаас амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдэх боллоо. Танай хэлтсээс архидан согтуурахтай тэмцэх ямар ажлыг хийж байна вэ?

    – Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд  архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр багагүй ажил зохион байгууллаа. Үүнд, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2010 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хэлэлцүүлсэн. Мөн Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай  Нийслэлийн Засаг даргын 345 дугаар тогтоолын төслийг боловсруулан 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг удаа дараа зөрчиж, байнга цаг хэтрүүлэн ажилладаг аж ахуйн нэгжүүдийн согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулахаар давхардсан тоогоор 91 аж ахуйн нэгжийн саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлж нэр бүхий 63 баар, цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

    -Согтуурлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нь эрс нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

    -Өнгөрсөн онд 2010 онд нийслэлийн хэмжээнд 10863 гэмт хэрэг үйлдэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад 476 хэргээр буюу 4.2 хувиар буурсан байна. 2010 онд согтуугаар 1875 гэмт хэрэг үйлдэгдэж, 9502 хүн холбогдсоныг 2009 онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 15 нэгжээр буюу 0.8 хувиар өсч, холбогдогч 443 хүнээр буюу 19,1 хувиар буурчээ.  Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэгт холбогдогчдын тоо 443 хүнээр буурна гэдэг нь 443 хүн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 эрүүлжүүлэх байр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд эдгээр эрүүлжүүлэх байранд 64416 хүн эрүүлжүүлэгдсэний 2496 нь эмэгтэйчүүд, 1019 нь оюутан байв. Мөн  ерөнхий боловсролын сурагч 29, гадаадын 54 иргэн эрүүлжүүлэгджээ.

    -Он гарснаас хойш?

    -Одоогоор нэгдсэн тоон мэдээлэл гараагүй байна.

    Н.Бүжин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж