Өвлийн Универсиад хөшгөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Өвлийн Универсиад хөшгөө нээлээ

Туркийн Эрзурум хотноо дэлхийн оюутан залуусын өвлийн XXV Универсиад наадам өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаа Эрзурум хотын 21 мянган хүний суудалтай Симал Гурсел цэнгэлдэх хүрээлэнд болж, Универсиад наадмын тугийг залснаар албан ёсоор эхэлсэн юм. Энэ удаагийн өвлийн Универсиадад дэлхийн 57 орны 2859 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчид оролцож байна. Харин Монголын баг тамирчид нэгдүгээр сарын 24-нд Эрзурумд хөл тавьсан бөгөөд 25-наас зохих хуваарийн дагуу бэлтгэлдээ гарчээ. Баг тамирчдын байрлах тосгон 21-нд албан ёсоор нээлтээ хийсэн бол манай тамирчидтай хамт Казахстан, Иран, Украйн, Македон зэрэг орны оюутан тамирчид нэг байранд байрлаж байгаа ажээ. Монголын баг тамирчид 26-ны өдөр Универсиадын тосгонд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулсан байна.

Монголын тамирчдын тэмцээн, уралдааны хуваарь өнөөдрөөс эхэлж, 31-нд дуусна. Гүйлтийн цанын төрөлд Т.Доржготов Монголын тамирчдын салхийг хагалж, өнөөдөр 10 км-ийн ганцаарчилсан сонгомол төрөлд өрсөлдөх учиртай. Тэрбээр мөн 29-нд спринт ойрын зайн уралдаан, 31-нд 7,5 км-ийн сонгомол + 7,5 км-ийн тэшилттэй гэсэн холимог зайн төрлүүдэд тус тус өрсөлдөх юм. Харин шорт-трейкийн тамирчин Б.Базарсадын хувьд өнөөдөр 1500 м, маргааш 500 м, харин 30-нд 1000 метрийн зайд уралдана.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж