“Орландо Мэжик” зургаа дахь цувралыг бий болгож чадлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Орландо Мэжик” зургаа дахь цувралыг бий болгож чадлаа

NBA-ын дорно бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Орландо Мэжик”, “Бостон Селтикс” нарын тав дахь цуврал өнөөдөр болж, “Шидтэнгүүд” 113:92 харьцаатай талбайдаа ялалт байгуулснаар цувралын зургаа дахь тоглолтыг бий болгож чадлаа. Хэрэв “Бостон” ялвал NBA-ын финалд өрсөлдөх эрхтэй болох байсан боловч Орландо дахин нэг тоглолтыг амжилттай давснаар цувралын харьцааг 3:2 болгож ойртуулсан юм. Тоглолтын дараа “Мэжик”-ийн хамгаалан тоглогч Жамеер Нелсон “Бид бүгд итгэж байгаа. Бүгд шүү. Хийх ёстой зүйлээ хийж чадна гэдгээ мэдэж байна” гэжээ.
NBA-ын түүхэнд 3:0 гэсэн байдлаас дараалан дөрөв хожиж, цувралыг тэргүүлж байсан баг үгүй. Харин “Орландо Мэжик” түүхэнд шинэ хуудас нээхийн төлөө тэмцэж байгаа юм.
Өнөөдрийн тоглолтод “Супермен” Двайт Ховард 21 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан бол Нелсон 24 оноо, Редик 14 оноо авч, багаа манлайлсан байна. Харин “Селтикс”-ээс Рашид Уоллос 21 оноо, Рей Аллен 19 оноо авчээ.
Сануулахад, цувралын эхний хоёр тоглолтыг “Орландо Мэжик” талбайдаа хийсэн боловч 92:88, 95:92 харьцаатай ялагдаж, улмаар Бостонд болсон гурав дахь цувралд 94:74 харьцаатай хожигдсоноор Дорно бүсийн аваргын төлөөх цувралын харьцаа 3:0 болсон юм. Гэвч “Шидтэнгүүд” дөрөв болон тав дахь цувралд ялалт байгуулж, боломжоо нээлттэй хэвээр үлдээж чадлаа.
Хоёр багийн дараагийн тоглолт монголын цагаар бямба гаригийн өглөө болно.
Харин өрнө бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “ЛА Лейкерс”,     “Финикс Санс” багуудын цувралын харьцаа 2:2-оор тэнцсэн бөгөөд тав дахь тоглолт маргааш өглөө болох учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж