Сумод дахин нэг шуугиан өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Сумод дахин нэг шуугиан өрнөлөө

Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд харьяалагддаг хоёр ч дэвжээний эзнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн дээгүүр зиндааны гишүүдэд тэмцээний тасалбар өгч, тоглолт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.  Энэ хэрэг бараг тогтоогдсон тул тэдгээр эздэд зохих арга хэмжээ авах болно гэж Японы цагдаагийн газрын төлөөлөгчид болон Сумогийн холбооны албаны хүмүүс мэдэгдлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Нагоя хотод болсон башёгийн дээд зиндааны барилдааныг “Кодокай” хэмээх гэмт бүлэглэлийн олон арван гишүүд үзэгчдийн эхний эгнээнд сууж үзсэн тухай Айчигийн цагдаагийн газар анх мэдээлсэн юм. Уг нь эхний эгнээний суудлуудыг ихэвчлэн Японы сумогийн холбоонд нэлээд хэмжээний мөнгөн хандив өгсөн дэмжигчдэд олгодог юм.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор дэвжээний эздийг цагдаагийн газраас байцааж байгаа бөгөөд “Сумогийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүс зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй холбогдох юм гэж бид огтхон ч төсөөлж байгаагүй” хэмээн цагдаагийн албаны зарим хүмүүс ярьсан байна. Гэмт бүлэглэлүүдэд тасалбар өгсөн дэвжээний эздийг Японы цагдаагийн газар нийтэд зарлаагүй ч тэдний нэг нь 40 настай, нөгөө нь 64 настай болохыг мэдэгдсэн байна. Харин Сумогийн холбооны зүгээс “Кодокай” бүлэглэлийн гишүүд билетийг өөр хүмүүсээр дамжуулж авсан бололтой, билет өгсөн хүмүүст болон энэ хэрэгт холбогдсон хоёр дэвжээний эзэнд сахилгын арга хэмжээ авах болно” гэдгээ мэдэгдээд байгаа ажээ. 

“Кодокай” хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд энэ оны нэгдүгээр сард “Риогоку Кокугикан”-д болсон тэмцээнийг үзсэн талаар Токиогийн цагдаагийн газар мөн мэдэгдэж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтад ойр эх сурвалж “Гэмт бүлэглэлийнхэн хоёр ч удаа сумо үзэхдээ хамгийн урд эгнээнд суухыг оролдож байсан. Ингэснээр шоронд байгаа бүлэглэлийнхээ бусад гишүүд болон тэр дундаа Японы хамгийн том гэмт бүлэглэлийн толгойлогч Ямагучи-гумид телевизээр дамжуулан бараагаа харуулах гэж оролдсон бололтой” хэмээн ярьсныг “Associated Press” агентлаг дамжуулсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж