Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн ёс зүйгүй ажилладгийг МИАТ харууллаа

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор ТӨХ-ны дарга Д.Сугарыг урьж ярилцлаа.

-Аливаа улсын хам­гийн том өмчийн нэг нь  үндэсний авиа ком­па­ни, агаарын тээврийн бай­гуул­лага байдаг. Тэгвэл Монгол төрийн хамгийн том өмч “МИАТ” компани хэн нэгний бойкотоос болж олон ул­сын нислэг саатуулаад зог­сохгүй, улсдаа үлэмж хэм­жээний  хохирол авч­раад байна. Энэ талаар ТӨХ-ны даргын хувьд таны ч нэр хавчуулагдахаас аргагүй юм. Юу бодогдож байна?

-Үүнд миний нэр хав­чуу­лагдах ёстой. Асуудлыг эхнээс нь ярья. Сүүлийн үед МИАТ-ийн үйл ажиллагаатай холбоотой олон яриа үүссэнийг олон нийт мэдэж бай­гаа. Ойрмогхон гурван ч том зөрчил гарлаа. Бээ­жин­гийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдлаа. Токиод хатуу буулт хийгээд онгоцны гол нь гулзайсан. Сүүлд нь “Аэро­бус-310” онгоцонд өөрс­дөө засвар хийж байгаад өргөгч  мултарч эвдэрсэн. Хам­гийн ноцтой нь уг онгоц дэл­бэрэхэд өргөгчийнхөө толгойг өөрсдөө зорж хийсэн байдаг юм. Ер нь онгоцныхоо тийм эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх эрхтэй гэж тэд ярьж байгаа. Тийм эрхтэй ч, эрхгүй ч үр дүнд нь онгоц эвдэрсэн.

-Хэр хэмжээний хо­хи­рол учирсан бэ?

-Зөвхөн уг онгоцны засварыг яаж хийх талаар бодлогын чанартай бичиг баримт боловсруулахад 500 гаруй мянган долларын зардал гарч байна. Засвар хийхэд үүнээс ч илүү зардал гарах нь ойлгомжтой.

Улсад ийм хэмжээний хохирол учруулсныхаа тө­лөө МИАТ-ийн удирдлага хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой. Ийм зорилгоор асуудлыг Засгийн газарт танилцуулж хэлэлцүүлэхэд МИАТ-ийн бүх удирдлагад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Засгийн газрын энэхүү шийдвэрийн дагуу хариуцлага тооцно.

-Тухайлбал хэнд, ямар хариуцлага тооцов?

-Ерөнхий захирал, дэд захиралтай хариуцлага ярихын өмнө цаг алдахгүйн тулд тодорхой ажил хариуц­сан хүмүүстэй хариуцлага тоо­цох ёстой. Тиймээс МИАТ-ийн ТУЗ хуралдаад Тех­никийн газрын техник хариуцсан ерөнхий инженер Ё.Энхтөр болон хяналт тавих үүрэгтэй зарим хүнийг ажлаас халах шийдвэр гаргасан. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Дотоод дүрэм журам зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан учраас ажлаас халах нь зүйтэй.

-Үүнээс болж ажил хаяж онгоц саатууллаа. Албан тушаалаас халагдахгүйн төлөө ганцхан хүн тэр 120 хүнийг зохион байгуулсан хэрэг үү?

-Ё.Энхтөр энэ шийд­вэ­рийг сонсоод өөрийн удирд­­лагад ажилладаг 120 орчим хүнийг зохион бай­­гуулж өөрийгөө хам­гаа­луу­лахын тулд ажил хаялт зо­хион бай­гуулсан. Үүний үр дүнд энэ сарын 25-ны 06.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай онгоцыг саатууллаа. Юуны өмнө олон нийтэд үйлчилдэг ийм онцгой объектод ажил хаях боломж хязгаарлагдмал бай­даг. Энэ бол хууль бус үйлдэл. Хамгийн ёс зүйгүй асуу­дал нь ерөөсөө МИАТ-д инженер техникийн 120 гаруй ажилтныг турхираад бойкот зарлачихвал МИАТ зогсоно. МИАТ-ийг зогсоохгүйн тулд бидэнд буулт хийж, ажлаас халах арга хэмжээ авахгүй байх гэсэн үүднээс ажил хаялт зохион байгуулж байгаа юм. Энэ бол Монголд нийтлэг болсон сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй, шаардлага тавихаар зо­хион байгуулалттайгаар эсэр­гүүц­дэг, тэр хэмжээгээрээ ний­гэмд замбараагүй байдал үүс­гэж байгаагийн зөвхөн нэг илрэл.

-МИАТ-ийн удирд­ла­­гуу­дад хариуцлага тоо­цох шийдвэр дээрх ажил хаялтаас болж өөрч­лөг­дөхгүй биз дээ. Та ТУЗ-ийн гишүүний хувьд газар дээр нь очиж “МИАТ” компанийн ажилчидтай уулзсан уу?

-Би өчигдөр /уржигдар/ газар дээр нь очиж энэ асуудлаар хурал хийсэн. Ингэхдээ хариуцлага алдсан хүмүүсийг ажлаас халах шийдвэр хүчинтэй, Ерөнхий захирал, захирлуудын орлогч нарт арга хэмжээ тооцохоо амлаж байна гэдгээ хэлсэн. Энэ нь ТӨХ, ТУЗ хуралдах зэргээр тогтсон процедурын дагуу явагдана. Мөн халагдаж байгаа хүнээ өмөөрөөд ажлаа хийхгүй байгаа нөхөдтэй ч би уулзлаа. “Ажлаас халагдах өргөдлөө өг. Өргөдлөө өгөө­гүй байж ажил хаялтад оролц­вол ажил тасалсанд тооцно” гэсэн шаардлага тавь­сан. Энэ шаардлагын да­раа 94 хүн өргөдлөө өгсөн байна лээ. Бүх өргөдлийг нэг загвараар бичсэн. Ё.Энх­төр дарга өөрөө хү­мүү­сээ дуудаж бичүүлсэн байсан. Үг, өгүүлбэр нь бүгд ижил. Өргөдлүүд одоо надад байна. Энэ бол бүр да­варсан, хариуцлагагүй ажил­лагаа. Тиймээс га­рын үсэг зурж, нисэх зөв­шөөрөл олгодог, олон улсын нисэх байгууллагын тусгай зөвшөөрөлтэй инженерүүдийг гаднаас урина. Нөгөөтэйгүүр гурван онгоцны үйлчилгээнд 120 хүн ажиллаж байгаа нь хэт нүсэр бүтэц, орон тоо. Үүнийг хэмнэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энд 30-40 хүн хүрэлцээтэй. Иймд өргөдлөө өгөөгүй хүмүүс дээр ИНЕГ, батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийг татаж ажиллуулна. Өргөдлөө өгсөн 94 хүнийг хална. Үүний үр дүнд хариуцлага, сахилга бат сайжирна.

-Ё.Энхтөр дарга хэлэхдээ “Ганц өдөр биш удаан хугацаанд саатуулах нөхцөлийг МИАТ-ийн удирдлага бүрдүүлсэн” гэсэн. Тэгэхээр энэ том байгууллагыг менежментийн удирдлагаар хангаж чадаагүй “МИАТ”компанийн захирал Р.Бат-Эрдэнэтэй ямар хариуцлага тооцох вэ. Түүнийг халж, солих асуудал яригдаж байгаа юу?

-Р.Бат-Эрдэнэ захиралтай хариуцлага тооцох шийдвэр Засгийн газраас гарчихсан. Энэ багийг бүрэлдэхүүнээр нь өөрчлөөд оронд нь гадаадын менежментийн баг урьж ажиллуулна гэсэн шийд гараад байгаа. Энэ ажлыг бид зохион байгуулж байна. Урьд шөнө бид Өмнөд Солонгосын “KAL”-ын удирдлагуудтай уулзлаа. Зөвхөн “KAL” биш, бусад компанийн удирдлагуудтай ч ярьж байна. Мененжментийн бололцоо бүрэн байгаа. Энэ талаар ойрын үед шийдвэр гаргана. Ер нь гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Ингэж байж МИАТ-д, цаашлаад Монголд хариуцлага, сахилга бат сайжрах ёстой.

-Энэ бойкотоос болж манай улсын төсөв, санхүүд ямар хэмжээний мөнгөн хохирол учирсныг тооцоолсон уу?

-Их хохирол учирсан. Нэг онгоцонд хэдэн хүн суудаг вэ. Тэр бүх хүний  ажлыг саатууллаа. Түүний төлөө бид төлбөр төлнө, олон талын хариуцлага хүлээнэ. ЗТБХБ-ын сайд, ТӨХ-ны даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яг одоо МИАТ дээр  хохирлын хэмжээг тооцоолж тогтоохоор ажиллаж байна. Хариуцлага хүлээх ёстой нөхөд энэ хохирлыг төлөх ёстой.

-Азаар энэ удаа аюулгүй байдалд нөлөөлсөнгүй. Гэхдээ улс орны нэр хүнд зэрэг  мөнгөн бус хохирол бас бий?

-Нэр хүндийн хувьд асар хохиролтой. Монголын авиа компанийн удирдлагууд дотроо хагаралтай, эсэргүү бослого гаргадаг юм байна гэж олон нийт ойлгоно. Мөн МИАТ-ийн онгоцоор нисэх нь хэр найдвартай вэ гэдэг дээр эргэлзэнэ. Ингэснээр манай онгоцонд суух хүний тоо эрс цөөрнө. Нэмж хэлэхэд МИАТ-д ажиллаж байгаа хүмүүс Монголын хамгийн өндөр цалинг авдаг. Ё.Энхтөр л гэхэд албан бус мэдээллээр сард таван сая төгрөгийн цалинтай юм байна. Жирийн монгол хүн ямар цалинтай ажилладаг вэ, ажилгүйчүүдийн тоо хэд билээ. Гэтэл онцгой байдлаа ашиглаж, биднээс өөр хүн энд ажиллаж чадахгүй гэсэн байдлаар дарамталж сурсан нь ажиглагдаж байна.

-Өмнө нь ийм дарамт үзүүлж, бойкот зарлаж байсан гэсэн үг үү?

-Иймэрхүү ажил хаялтыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа гэж сонссон. Яг зургаа биш ч гэсэн олонтаа давтагдаж байгаа нь үнэн. Онцгой байдлаа ашиглан шаардлага тулгаж ажилладаг арга барилаар ийм нарийн дэг журам шаардсан байгууллагад ажиллаж болохгүй.Тиймээс халахаас өөр арга хэмжээ байхгүй гэж бодож байна.

-Ажлаас халах амархан. Оронд нь ажиллах хүнийг хэр сайн судалсан бэ?

-Ер нь боломжтой. Орных нь хүнийг МИАТ өчигдөр /уржигдар/ танилцуулаад томилж байна билээ. Мөн тэнд ажиллах инженер техникийн ажилтнууд хангалттай байгаа юм билээ. Мэргэжлийн яам энэ талаар анхаарал тавьж, мэргэжлийн хүмүүсийг дайчилж ажиллуулна. Шаардлагатай бол бусад салбараас, зайлшгүй шаардагдах нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаадаас урьж ажиллуулахаар шийдвэрлэсэн.

-Цаашид төрийн энэ чухал обьектийг яаж хамгаалж авч явах вэ?

-Ийм сахилга, хариуцлагагүй явдал дахин гаргаж болохгүй. Үүнд буулт хийгээд даамжруулбал улс даяараа ийм байдалтай л болно. Тиймээс МИАТ компанийг бүхэлд нь удирдаж байгаа том менежер, захирлуудад тодорхой хариуцлага тооцно.

-Монголын улс төр “МИАТ”-ийн захирлын албан тушаалыг шагнал болгон хувиргасан.  Тухайлбал “МИАТ” компанийн захир­лаар Р.Бат-Эрдэнийг томил­сон нь  улс төрийн шалтгаантай байсан уу?

-Ер нь Монголд ийм том томилгоонд улс төрийн нөлөө байдгийг би нуулгүй ярьдаг. Яг МИАТ дээр бол улс төрийн томилгоо, нөлөө байгаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл Р.Бат-Эрдэнэ захирал энэ хамт олны дунд олон жил ажилласан Монгол Улсын гавьяат нисгэгч хүн шүү дээ. Тийм ч учраас хамт олны санал хүсэлтээр жинхэнэ мэргэжлийн ерөнхий захирал тавьсан гэж хамт олон нь үнэлж байсан. Харамсалтай нь хүссэн ч, хүсээгүй ч ажлын хариуцлагын асуудал яригдаж байгаа болохоор халахаас өөр арга алга.

-Нэгэнт уулзсаных бу­сад сэдвээр ярилцлагаа үргэлж­лүүлье. Тө­рийн банкны хувьчлалын талаар яриг­даж эхэллээ. Дүрмийн сангийн хэмжээг тогтоосон нь  уг банкийг сонирхогчдын анхаарал татаж байна?

-“Төрийн банк”-ийг хувьчлахын тулд УИХ, Засгийн газрын шийдвэр гарах учиртай. Тийм шийдвэр одоогоор гараагүй байна. Хувьчлахын тулд уг банк хөл дээрээ босч, үнэ цэнэтэй болсон байх ёстой. “Төрийн банк” ХК саяхан байгуулагдсан болохоор тийм ажил одоогоор хийгдэж амжаагүй. Харин өмч хөрөнгийг нь төр бүртгэж  хяналтдаа авсан. Дүрмийн санг саяхан тогтоосон. Менежментийн ажлын үр дүн гарч,  тодорхой үнэ цэнэтэй болсны дараа хувьчлалын асуудал яригдаж магадгүй. Одоогоор хувьчлах төлөвлөгөө болон энэ талаар ямар нэг яриа хөөрөө гараагүй байна.

-Хөгжлийн банк байгуулах үндсэн төсөл бэлэн болсон гэсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь шинээр Төрийн банк байгуулах санал санаачилгыг би дэмждэггүй. Яагаад гэвэл нэгэнт банк төрийн мэдэлд байх л юм бол түүнд улс төр гарцаагүй оролцож таарна. Бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо байгаа тохиолдолд эрүүл, зөв замаар  явдаггүй. Компанийн засаглал алдагддаг. Хөгжлийн банк хадгаламж авч хүүг нь өсгөөд үйл ажиллагаа явуулах биш,  урт хугацааны их хэмжээний зээл олгох чадвартай байх ёстой. Гэтэл тийм том хөрөнгийн эх үүсвэр хаана байгааг би мэдэхгүй байна. Би төрийн албан хаагчийн хувьд хэрэв Засгийн газар шийдвэр гаргаад, Хөгжлийн банк байгуулчихвал ажиллаж л таарна.

-“Дорнод уран” компанийн 58 хувийг Канадын “Хан ресурс” компани эзэмшиж байгаа. Хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монголын төр, цаашлаад ОХУ тус бүр 21 хувийг эзэмшиж байгаагаа 50 хувьд хүргэх сонирхолтой байна. ТӨХ-ны даргын хувьд та энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа?

-“Хан Ресурс”-ын талаарх бүх мэдээлэл надад байгаа нь үнэн. Гэхдээ олон нийтэд зориулаад одоо ярихад арай бэлэн биш байна. Хэлэлцээрүүд явагдаж байгаа.

-Байдал нааштайгаар эргэх боломжтой юу?

-Боломж дандаа байдаг л даа. Бодит байдал дээр ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна.

-Асуудлыг ямар арга замаар шийдвэрлэх гарц байна вэ. Улс төр, эдийн засаг, гадаад харилцаа гээд олон талын хамааралтай болохоор анхаарал татаж байна?

-Канадын “Хан ресурс” 58 хувь, Монгол, ОХУ-ын тал тус бүр 21 хувийг эзэмшиж байгаа. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу, хууль ёсоор олж авсан хувиуд энэ. Үүнийг буруу, зөв гэж үнэлэн хурааж, хумих тухай ярьж болохгүй. “Хан Ресурс”-т  өөрийн 58 хувийг зарах сонирхол бий болчихоод байгаа. Хятадад ч юм уу, хэн нэгэнд. Монголын Засгийн газрын сонирхол бол түүнийг гуравдагч этгээдэд зарах биш, Монголд нь байлгахын төлөө ажиллаж байна. ОХУ бол цөмийн технологи эзэмшсэн, том гүрэн. Тэд 21 хувиа өсгөх, өөрийн байр суурийг бэхжүүлэх сонирхолтой байгаа. Энэ гурван сонирхлоо ойртуулах зорилгоор гэрээ хэлэлцээр хийж, санал солилцож байгаа учраас одоогоор олон нийтэд урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй байна.

-Тэгвэл Тавантолгойн ордын талаар ямар байр суурьтай байна вэ. Засгийн газрын хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Тавантолгойн төмөр зам Монгол төрийн бас нэг өмч шүү дээ?

-Тавантолгойн ордын талаар Засгийн газрын тусгай комисс ажилладаг. Түүнд ТӨХ-ны төлөөлөл багтдаг. Тийм учраас хэлэлцэх гэж буй асуудлыг би тайлбарлах хэрэггүй байх. Онолын хувьд яривал төмөр замын үндсэн сүлжээ буюу гол магистрал нь төрд байх ёстой. Салаа, салбар замууд нь хувийн компанийн мэдэлд байж болно. Нөгөөтэйгүүр төмөр замын үндсэн сүлжээ зам, замын байгууламжууд төрд байгаа тохиолдолд тухайн замаар явдаг толгой, ачаа болон суудлын вагон зэрэг нь хувьчлагдах бүрэн боломжтой. Миний байр суурь ийм л байдаг. Асуудлыг УИХ, Засгийн газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шат шатандаа хэлэлцэж байгаа.

-“Монгол шуудан”компанийн 33 хувийг төрийн өмчид шилжүүлэх нь гэсэн яриа бас гарч байна. Бусад улсын нэгэн адил үндэсний хэмжээний шуудангаа төр өмчлөл, хамгаалалтдаа бүрэн шилжүүлчихэж болдоггүй юм уу?

-“Монгол шуудан” компанийн үндсэн сүлжээ, бүтэц нь төрд байх ёстой. Яагаад гэвэл бизнесээс гадна алслагдсан нутгийн иргэдэд үйлчлэхээс эхлээд нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэдэг онцлогтой салбар. Тиймээс УИХ-аас “Монгол шуудан” компанийн 30 хүртэлх хувийг үнэт цаас хэлбэрээр гаргаж зах зээл дээр борлуулах шийдвэр гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа. Энэхүү 30 хувь Хөрөнгийн бирж дээр гарснаар “Монгол шуудан” төрийн хяналтаас гарахгүй. Үндсэн сүлжээ нь төрд үлдэх юм.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж