С.Батболд намаа боддог бол Д.Кэмерон улсаа боддог аж | News.MN

С.Батболд намаа боддог бол Д.Кэмерон улсаа боддог аж

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

С.Батболд намаа боддог бол Д.Кэмерон улсаа боддог аж

С.Батболд намаа боддог бол Д.Кэмерон улсаа боддог аж
Их Британий эвслийн Засгийн газрын тэргүүн Д.Кэмерон хоёр өдрийн өмнө өөрийн улс төдийгүй дэлхий дахинд доргилт өглөө. Тэр нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд тус орныг нь удирдаж байсан Либерал ардчилсан намыг “Улс орныг ийм эмгэнэлтэй байдалд хүргэснийхээ төлөө уучлал гуйх ёстой” гэх утга бүхий түүний мэдэгдэл юм. Уг мэдэгдэлдээ тэрээр бас улсынхаа төсвийн зарлагыг эрс багасгана гэсэн нь шуугиан тариад байна. Дэлхийн эдийн засгийн сайн сайхан жишээний үлгэр дуурайл болж ирсэн тус орны хувьд сүүлийн үед эдийн засгийн алдаглаа тогтоон барихад хэцүү болоод байсан юм. Зөвхөн Грек хэцүү байна хэмээн гайхширч байсан улс орнууд өдгөө Евро бүсийн эдийн засгийн цөм болох Их Британи руу анхаарлаа огцом хандуулах шаардлагатай болов.

Японд тулгарсан санхүүгийн бэрхшээл тус улс руу чиглэж, эдийн засгийн чадавхийг нь сулруулж байгаа тул Д.Кэмерон “Бид шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхээс илүүтэй сүүлийн 13 жилийн туршид үүссэн хор уршгийг арилгахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай тулгарлаа” хэмээгээд улсаа аврахаар боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Тэгвэл манай улсын хувьд хамтарч байгуулсан Засгийн газрын тэргүүн нь улс орны хүнд хэцүүг шийдэхээс илүүтэй сонгуулийн амлалтаа биелүүлэхийн төлөө ирээдүйг гаргуунд нь гаргахаар шийдэв бололтой. Тэрбээр төрийн түшээдийг алдагдсан төсвөө түшиж авахаас илүүтэй, төсвийн алдангийг түгээн дэлгэрүүлэхэд ятгаж суугаа гэхэд болно. Нэг ёсны улсын төсвийн тодотголыг чуулганаар хэлэлцэж буй энэ өдрүүдэд Евро бүсийн орны Засгийн газрууд “Улсаа аврахын тулд нийгмийн шинжтэй хөтөлбөрөө бууруулна”  хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж байхад манайхан эсрэг тал руу нь ажиллаж байгаа юм.

Өдгөө зөвхөн Их Британи ч бус Грек, Франц, Испани, Итали тэргүүтэй Евро бүсийн орнууд, зөвхөн Д.Кэмерон ч бус бусад бүх орны төрийн өндөрлөгүүд иргэдийнхээ эсэргүүцлээс үл хамааран эдийн засгийн хатуу бодлого баримтлахаар шийдсэн. Өнөөдөр Европын улс орнууд төрөөс баримталж буй эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж өдөр бүр жагсаал цуглаан хийж, ажил хаялтыг ээлж дараалан зарлаж байна. Үгүй ядах нь ээ, тэтгэврийн насны босгыг нэмэх тухай санаачилгыг эсэргүүцэж, улс орны эдийн засгийг аврахаас илүүтэй “Миний амьдралыг авар” гэдэг шаардлагыг өдөр бүр тавьж байна. Гэсэн ч энэ нь зөвхөн Д.Кэмерон ч бус бусад бүх зоримог удирдагчдын хувьд дараагийн асуудал болон үлдэж байгаа гэхэд болно.

Тэгэхэд манай гүйцэтгэх засаглалын тэргүүн Амлалт нэхэх ард түмний холбооны жагсаалаас айж “Засгийн газар 1 сая 500 мянган төгрөгийг олгох болно” хэмээн мэдэгдсэн. Улмаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг дуулгавартайгаар хүлээн авч мөн л зарлага нь дэндсэн төсөв дээрээ данхайсан ачаа үүрэх нь тэр. Энэ бол ердөө л сонгуулийн төлөөх амлалт байсан бөгөөд эцсийн дүнд төсвийн алдагдлын гэм хорыг өөрсдөө бус ард олон үүрдэг гэдгийг ойлгуулахаас айсан бэртэгчин шийдэл байлаа. Ялгаа байгаа биз.

Мөн Их Британийн гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг аваад удаагүй байгаа Д.Кэмерон “Хатуу бодлого баримтална” гээд урьдчилсан байдлаар шинэ төрсөн хүүхдэд сар бүр олгодог 360 паунтын тэтгэлгийг хасна гэдгээ зарлав. Манай Засгийн газар тэгэхэд хүүхдэд олгодог мөнгийг хассанаа сэргээгээд зогсохгүй хэмжээг нь өсгөж 20 мянган төгрөг болгохоор төлөвлөсөн. Мөн 1.5 сая буюу “Эх орны хишиг” хэмээх амлалтын урьдчилгааг ирээдүйд төлөх 250 сая ам.долларын зээлийг хөрөнгө оруулагчаасаа авах хэлбэрээр өгч эхэлсэн байгаа.

Англичууд төсвийн албан хаагчдын зардлыг 8,6 тэрбум ам.доллараар “устгах”-аар шийдэхэд манайх төсвийн ихэнх хувийг энэхүү үр дүнгүй хүнд суртлын төлөө үрэхийг дэмжив. Зөвхөн 2000 оны төрийн албан хаагчдын ам бүлийг өнөөдрийнхтэй харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн гэх бодит тооцоо бий. Тэдний төлөө гаргасан зардлыг цаашид бичиг хэргийн зардлаас нь танах төдийхнөөс хэтрэхгүй нь тодорхой байдаг. Хөгжил хийгээд хүн амын эдийн засгийн боломж бололцоог нь  харьцуулахад хэцүү хоёр өөр орон ч эцсийн дүнд улсынхаа ирээдүйн төлөө санаа тавих зорилго нь нэг байх ёстой. Гэтэл манайхан тэгж үзсэнгүй.

Мөн Д.Кэмероны Засгийн газар шинэ төрсөн хүүхдэд сар бүр өгдөг 2500 еврогийнхоо тэтгэмжийг ч хасахаар шийдэж. Энэ бол бодит арвилан хэмнэлт. Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг Евро бүсийн орнууд өсгөх бодлого барьж эхэлсэн нь иргэдээ ажилласныхаа төлөө сайхан амьдар гэдэг зарчим барьж буйтай нь холбоотой. Хэдийгээр дээрх санаачилга нь ард иргэдийнх нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч дэлхийн санхүүгийн хямралын дарамтаас хурдан хугацаанд ангижирч, иргэдийнхээ тулах цэг олох боломжийг нь өөрт нь үлдээх сонгодог арга байх нь тодорхой. Тэр дундаа зах зээлийн нийгэмд.

Гэтэл манайхан 20 жилийн турш байгуулж ирсэн гэх, байгуулсан гавъяагаа дэлхий нийтэд өөрийн өмч болгон сурталчилсаар байгаа капитализмаа аль хэдийнэ социализм руу нисгэж эхэлсэн гэхэд болно. Үүний эн тэргүүний жишээ нь “Монгол мал” хөтөлбөр. Төсвийн зарлага хэрээс хэтэрч, өр зээлийн эдийн засаг ирээдүйн Монгол Улсын нурууг авахад ойрхон байгаа энэ цаг үед тэд иргэнийхээ ачааллыг умартаад малаа хайрлахаар шийдсэн нь энэ. Үүндээ урьдчилсан байдлаар 10 тэрбум зарцуулах төлөвлөгөөтэй. Сум бүрт 60-100 сая төгрөг байршуулж, малчдад “Малынхаа үйлдвэр угсааг сайжруулаарай” хэмээх төрийн даалгавар өгнө.

Ингэж байтал л Засгийн газрын бонд зах зээлд худалдаалах шаардлагатай хэмээн С.Батболдын танхимын сангийн сайд мэдэгдэх нь тэр. Гадаад зах зээл дээр 1.2 тэрбум ам.долларын бонд гаргах бол дотоодын Хөрөнгийн бирж дээр нэмж 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаснаар төсвийн алдагдлыг нөхөж чадна хэмээн үзэж байна. Уг нь бодит амьдрал дээр бонд гэдгийг өрийн бичиг болохыг зах зээлийн эдийн засагтай орны захын иргэн мэдэх болсон. Нэг хэсэг дэлхийн эдийн засаг сэргэж байгаа гэх хий хоосон сайхан яриа манайхныг тайвшруулж байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэв. Дэлхийн эдийн засгийн хямралын үлдэгдэл болох эцсийн бэрхшээлийг хэрхэн даван туулахаас улс орны цаашдын ирээдүй хамаарах болж. Наад зах нь, өнгөрсөн оны дэлхийн улс орны эдийн засаг хийгээд Монголын тоон үзүүлэлтийг харьцуулахад ч хямралыг даван туулахаас илүүтэй, дараа нь гарч ирэх үр дагаварыг зөв удирдах нь чухал гэдгийг ойлгож болох юм.

Тухайлбал, Их Британид гэхэд л 2009 оны гуравдугаар улирлаас ДНБ нь өснө гэдэг таамаг өндөр хувьтай байсан. Гэтэл тэрхүү таамаг талаар болж 0.4 хувиар буураад зогсохгүй, өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. Мөн энэ оны эцэст нь ч нөхцөл байдал уруудсаар байх гаргалгаа байгаа тул Засгийн газраас нь нийгмийн халамжаа бууруулахыг чухалчилсан нь дээрх жишээнээс харагдана. Харин манай улсын хувьд энэ оны эхэн үетэй харьцуулахад ДНБ-ний уналт 1.3 хувиас 2.2 хувь болж, аж үйлдвэрийн уналт тав орчим хувиар нэмэгдсэн байгаа. Бодит амьдрал дээр энэ нь эдийн засгийн чадавх суларч буйн сонгодог жишээ. Гэтэл улсын төсвийн алдагдал урьдчилсан байдлаар 460.3 тэрбумд хүрнэ. Цаашаа буурах гарц байхгүй. Цаашаа өсөх зам л бий. Үр дүнд нь Монголын капитализм социализм руу “ниснэ”. Гэхдээ төр нь тэр үе шиг бүхнийг мөлжлөг хэлбэрээр бүтээж, тэгшитгэх хэлбэрээр тэтгэх чадваргүй байх нь дамжиггүй юм. Харин Их Британийн Засгийн газар капитализмаа капитализмаар нь авч үлдэхийн төлөө шийдвэртэй алхам хийж эхэллээ. Үүнд л хоёр орны ялгаа оршиж буй. Нэг ёсны С.Батболд сайд сонгууль боддог. Д.Кэмерон болохоор улсаа боддог гэж ч тайлбарлаж болох юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж