-Кевин, Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак ДАШТ-д оролцох боломжгүй болсныг тантай холбож, та хаа сайгүй шүүмжлэл, зэмлэлийн шуурганд нэрвэгдээд байна. Та харьцангуй залуу тоглогч, энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Хөлбөмбөгийн спортын тухайд, таны замналыг эргэн дурсахыг хүсч байна. Берлинээс эхэлсэн байх аа?
-Би бүр жаахан хүүхэд байхдаа Берлиний гудамжинд аав, ах, дүү нартайгаа бөмбөг өшиглөдөг байлаа. Тэгээд долоон настайдаа “Херта”-д орсон. Өсвөрийн багт нь тоглосоор байгаад л мэргэжлийн хөлбөмбөгч болсон доо. Эхэн үед надад цөөнгүй бэрхшээл тулгардаг байлаа. Ихэвчлэн хурд болон эсрэг багийн тоглогчийн довтолгоог зогсоох зэрэгт хүндрэлтэй байдаг байсан. Гэхдээ надад тусалж, хамт тоглож байсан ахмад тоглогчдынхоо ачаар өдий зэрэгтэй болсон нь азтай хэрэг шүү. Нико Ковач, Дик ван Бурик, Фреди Бобич нар надад маш их тусалсан. Одоо ч тэр залууст баярлаж явдаг.
-Дөнгөж 20 настайдаа та Англид ирж, “Тоттенхэм Хотспур”-т тоглох болсон. Ер нь яагаад Премьер лигийг сонгосон юм бэ?
-Хувь хүний үүднээс Берлинд би сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байсан юм. Тэгээд л багаа солихыг хүссэн. “Севилья”, “Тоттенхэм” хоёр намайг сонирхож ирсэн, харин эцсийн дүнд би “Тоттенхэм”-ыг сонгосон. Учир нь би үргэлж л Премьер лигт тоглохыг хүсч мөрөөддөг байлаа.
-Хойд Лондонд ирээд төдийлөн амжилт гаргаж чадалгүй, удалгүй “Боруссия Дортмунд” руу зээлийн гэрээгээр явсан талаар дурсвал?
-Тийм ээ, миний хувьд хүнд хэцүү үе байлаа. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Мартин Йол намайг сайн тоглогч гэж бодож байсан, гэтэл түүний системд надад олдох зай байхгүй гэдгийг тэр надад анхааруулж байсан. Тэгээд л би бүтэн жил хагасын хугацаа алдсан. Харин Дортмундэд очсон нь надад сайнаар нөлөөлсөн гэж боддог. Тэнд би аймшигтай гэмээр зургаан сарыг өнгөрүүлсэн. Гэхдээ би клубын хэв маяг, багийнхан, дасгалжуулагчтай маш сайн, хурдан хугацаанд дасан зохицож чадсан шүү.
-Өнгөрсөн улиралд та форм сайтай байж, “Портсмут”-ын төлөө их зүтгэл гаргасан. Өөртөө сэтгэл хангалуун байна уу?
-Хүн үргэлж илүү ихийг хийж, бүтээж чаддаг. Надад хүнд хэцүү үе байсан, тийм ч учраас ихийг сурч мэдсэн. Бид нэг баг гэдэг утгаараа байдаг бүхнээ гаргаж, чадлаараа тоглохыг хичээсэн. Харин одоо би бүх анхаарлаа Өмнөд Африкт хандуулж байна. Үүний дараа хэрхэхийг харж л байя. Одоохондоо бол дэлхий нийтээрээ дэлхийн аваргыг чих тавин хүлээж, чагнаж байна. Тэгэхээр ямар ч тоглогчийн хувьд энэ бол чухал зүйл.
-Та өмнө нь Германы залуучуудын багт тоглож байсан. Гэтэл одоо Ганын багийн хамт ДАШТ-д оролцох гэж байна. Таны энэ сонголтын ард чухам ямар шалтгаан байна вэ?
-Германы нэрийн өмнөөс тоглох үнэхээр сайхан. Германы хөлбөмбөгийн холбоо намайг тоглогчийн миний хувьд хөгжиж, дэвшихэд маш их тусалсан. Гэхдээ би алдаа хийсэн. Германы хөлбөмбөгийн холбоо намайг уучлахгүй юм шиг санагдаж, дахиж шигшээ багт багтах боломжгүй мэтээр бодож байсан. Германы шигшээ намайг багтаа аваасай гэж найдаж, дүүтэйгээ хамт тоглохыг хүсдэг байлаа. Харин одоо би зөв шийдвэрээ гаргасан гэж бодож байна. Зүрх сэтгэлээсээ илүүтэйгээр ухаанаараа шийдсэн.
-Гана хэцүүхэн хэсэгт сугалаа таарчихлаа. Нэг хэсэгт таарсан Герман, Серби болон Австралийн багийг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Герман бол өндөр зэрэглэлийн баг. Түрүүлэх боломжтой гэж бодож байна. Гэхдээ Сербийг ч гэсэн дутуу үнэлж болохгүй. Гэхдээ бид ч гэсэн чанартай баг бүрдүүлсэн гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс бид ямар нэг гэнэтийн бэлэг барих ч юм билүү.
-Зургадугаар сарын 23-нд та өөрийн дүү, төрөлх нутгийнхаа багийн эсрэг тоглоно?
-Үнэнийг хэлэхэд, Германтай хийх тоглолт миний хувьд маш чухал. Гэхдээ би Ганын хөгжөөн дэмжигчдэд нэг зүйлийг амлаж чадна. Юу гэвэл миний дүү, эцэг, эх хэн ч байлаа хамаагүй би ялахын төлөө тоглох болно.
-Анх удаагаа Африк тивд ДАШТ болох гэж байна? Африк гаралтай хүний хувьд ямар сэтгэгдэлтэй байна?
-Улс орон төдийгүй тивийн хувьд ДАШТ яахын аргагүй чухал зүйл. Дэлхийн аваргыг баяр хөөр, зугаа цэнгэл, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар дүүрэн байх болно гэдэгт итгэлтэй байгаа. Яг л дөрвөн жилийн өмнө Германд болсон шиг. Африкт байгаа хүн бүр үүнийг тэсэн ядан хүлээж байна.
-Эцэст нь, энэ жилийн дэлхийн аваргад хэн түрүүлэх бол?
-Зааны ясан эрэг нэлээд дөхөх байх шүү. Тэд бараг л бүх байрлалд супер оддоор багаа бүрдүүлсэн. Заанууд дахиад үхлийн хэсэгт сугалаа таарсан ч тэдний хувьд түүх бүтээх цаг нь ирсэн гэж бодож байна. Зааны ясан эрэгийн бараг бүх тоглогчид Европын топ зэрэглэлийн клубуудэд тоглодог. Хэрэв тэд нэгэн цул болж, багийн тоглолт гаргаж чадвал хол явна гэж бодож байна. Тэднээс гадна Испани хүчтэй өрсөлдөгч, миний бодлоор тэд финалд шалгарах байх. Бас мэдээж Бразил, Германыг дурдахгүй байж болохгүй.
С.Цэлмэг