
Монголбанк арав гаруй хоногийн өмнө нь буюу тавдугаар сарын 10-нд 10 байсан бодлогын хүүгээ нэг функтээр нэмэгдүүлж, 11 хувьд хүргэсэн нь Азийн хувьд нэлээд өндөр хэмжээ гэгдэж байгаа. Үүнийг эдийн засагчид нэг талаасаа инфляцийг барих сайн талтай ч нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын зээл багасч, эдийн засгийн цусны эргэлтийг царцааж, бизнест сөргөөр нөлөөлнө гэж буй. Энэ талаар
Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр “Улс орнууд нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүрийн арга хэмжээ авч байна. Манай урд хөрш хувьд эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй учир бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, зээлээ хязгаарлах арга хэмжээ авч байна гэсэн үг. Гэтэл хойд хөрш эсрэгээрээ бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгаа түргэтгэх арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд ч Монголбанк цаг үетэйгээ уялдуулан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн болов уу. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр эдийн засаг дахь халалтыг бууруулна. Урьд нь манай улсад 2007, 2008 онд зээл олголт их хэмжээгээр нэмэгдсэнээс эдийн засагт халалт бий болж байсан. Мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийхээ өсөлттэй жигд тэнцүү явах учиртай. Энэ тэнцвэр алдагдсан тохиолдолд Монголбанк бодлогын хүүгээрээ зохицуулалт хийдэг. Хоёр хөрш орон маань мөнгөний бодлогын хувьд хоёр өөр бодлого барьж байгаагийн дээр манай улсын экспорт эхний дөрвөн сарын байдлаар 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Экспорт маш хурдацтай тэлж байна гэсэн үг. Энэ тэлэлт бусад салбартай жигд хурдацтай байхгүй бол зарим салбарт халалт үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнтэй л холбоотой авсан арга хэмжээ байх” гэж тайлбарлаж байсан юм. Харин МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж “Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг барих үүднээс ийм шийдвэр гаргасан болов уу гэж таамаглаж байна. Сая гаруй хүнд 70 мянган төгрөг тараалаа. Өмнө нь ч цагаан сарын үеэр мөн төдий тооны хүнд мөнгө тараасан. Тийм болохоор мөнгөний нийлүүлэлт, инфляцийг барих зорилгоор ийм шийдвэрт хүрсэн биз ээ. Банкуудын зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүтэй шууд хамааралтай байдаг учир зээлийн үнэ өндөрсөнө гэж ойлгох учиртай” гэж байгаа юм.
Бизнесмэнүүдийн хамгийн их айж байгаа зүйл нь банкууд зээлийн хүүгээ нэмэх, эсвэл зээл олголтоо багасгах вий гэсэн болгоомжлол. Чингэвэл зээлээр үйл ажиллагаагаа эргэлдүүлж байдаг компаниуд, ялангуяа эргэлтийн хөрөнгө жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд дампуурлын ирмэг рүү дөхнө гэсэн үг. Тэгвэл тэдний айдас эхнээсээ биежиж эхлээд байна. Сүүлийн үед арилжааны банкууд зээл олгохоо зогсоосон гэж албан ёсоор хэлэхгүй байгаа ч шаардлагаа үндэслэж, зээлээ хумиж эхлээд байна. Тийм болохоор жижиг бизнес эрхлэгчид зээл авах гэж тавхайгаа эргэтэл хөөцөлдөх болжээ. Инфляцийг барих Монголбанкны энэ бодлогын үр дүн арван сар гаруйн дараа л мэдэгдэж эхэлнэ гэж байсан. Тийм болохоор энэ хэвээрээ байх юм бол жижиг бизнесмэнүүд улам л хүнд байдалд орно гэж болгоомжлон сандарч эхлээд байгаа гэнэ.
А.АНУ