-Намайг томилуулчихлаа л гэж бичүүлж байгаа. Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа ирэх 2011 онд дуусах байсан юм. Зургаан жилийн хугацаатай томилдог. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Цэцийн гишүүний ажиллах хугацааг хуулиар хатуу чанд зааж өгсөн байдаг юм. Ерөнхий хуулийнх нь агуулга бол улс төрийн сонгуулийн мөчлөгөөс зөрүүлэх байдлаар хууль хяналтын байгууллагын хараат бусаар ажиллах Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх л гэж хатуу зааж өгсөн хугацаа. Харамсалтай нь шахсаар байгаад л Алтанхуягийн өргөдлийг нь өгүүлчихлээ. Би энэ талаар “Үндэсний шуудан” сонинд өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Тэгэхээр одоо давтаад байх шаардлагагүй гэж бодож байна.
-Ерөнхий прокуророор томилогдсон энэ хүнийг таньтай их холбож ярьдаг. Тэгж ч ойлгодог. Тийм болохоор таны юу гэж хэлэх нь уншигчдад сонин байх болов
уу л гэж бодож байна?
-Тиймээ, надтай холбож ярьдаг юм. Яах аргагүй Дорлигжавын ээж миний ээж хоёр нэг довон дээр тоглож өссөн улс. Би Малчин сумынх. Миний ээж хуучнаар Зүүнговийн 8-р баг гэж Увс нуурын урдхан талд Тэс Малчин хоёрын дундах элсэн толгодод төрж өссөн хүн л дээ. Дорлигжавын ээж, миний ижий хоёр багадаа тэнд хонь хариулж тоглож өссөн юм гэж ээж минь амьд сэрүүн байхдаа ярьдаг байлаа. Сүүлдээ Дорлигжавын ээж Зүүнговийн хүнтэй суугаад тийшээ явчихсан. Тэгээд Ардчилал гээч юм бужигнаж эхэлсэн үед Ерөнхийлөгч Очирбатын зарлигаар “Зохицуулах зөвлөл” гэж байгуулагдаж бүрэлдэхүүнд нь улс төрийн намуудын төлөөлөл болон Дорлигжав, Гончигдорж, Засгийн газрыг төлөөлж би СнЗ-ийн
Хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байх үедээ орсон юм. Зохицуулах зөвлөл Хууль зүйн яаман дээр хуралдах үед би эднүүстэй анх танилцаж байлаа. Тэр цагаас хойш олон л сонгууль боллоо. Яг хоёр удаагийн сонгуульд Дорлигжав бид хоёр улаан нүүрээрээ тулж би ялсан. Улс төр л юм чинь зарчмаа барина л даа. Бид ингэж л яваа хоёр. Сонгуулийн өмнөхнөөс бид хоёр уулзахгүй, сонгууль дууссаны дараа барагтай зургаан сар уулзахгүй бие биенээсээ дөлнө. Тэгж байсаар юу ч болоогүй юм шиг уулзана. Сая Ерөнхий прокурорын асуудал ороод ирэхэд би намын удирдлагуудад үнэнээ л хэлсэн. “Бид хоёр олон жил хамт яваа хүмүүс. Дорлигжавын тухайд би за ч гэж хэлэхгүй. Үгүй ч гэж хэлэхгүй. Та нар өөрсдөө асуудлаа шийдээрэй.” гэсэн. Тэгээд л томилогдчихлоо.
-Та прокуророор ажиллаж байсан хүн. Тэгэхээр ийм албанд улстөрч томилогдож болдог юм уу гэдгийг л таниас асуумаар санагдаад байна?
-Би чинь прокурорын байгууллагын унаган хүн шүү дээ. 1981 онд сургууль төгсч ирээд Улсын Ерөнхий прокурорт долоо найман жил ажиллаад тэндээсээ Цэргийн Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад СнЗ рүү явсан юм. Хувь заяаны эргүүлгээр бид нэг нь Улсын Ерөнхий прокурор, нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үе давхцлаа. Ажлаа сайн хийх байх гэж найдаж байна. Миний мэдэхээр хувь хүнийхээ хувьд төрийн ажилд ноён нуруутай хандах чадвар Дорлигжавд бий. Тэр чадвараараа энэ байгууллагыг зөв аваад явчих байх. Энэ байгууллага бол маш түвэгтэй газар. Эрүүгийн хэргийн тухайд хөгжмөөр бол удирдаач л гэсэн үг. Бүх шийдвэр гаргах эрхтэй. Дорлигжавын хувьд прокурорт жил зургаан сар ажиллаж байгаад улс төрд орчихсон намтартай юм билээ. Улстөрч хүн тэнд ажиллах нь буруу гэдэг яриа их тарсан. Асуудал нэгэнт шийдэгдчихсэн. Одоо яаж ажиллахыг нь харах үлдлээ.
-Ийм чимээгүй байдал улс төрийн тохиролцоо, наймаа хийсэн үед л болдог шүү дээ. Та юу эс андах вэ?
-Яагаад “чимээгүй” томилгоо явагдсаныг би мэдэхгүй. Тэртээ тэргүй томилогдох учраас өмнөөс нь олон юм яриад яахав гэж бодоцгоосон биз. Дорлигжавын томилгоо шүүмжлэл дагуулна гэдгийг би тооцож л байсан. Шүүмжлэх хүмүүс нь шүүмжилж л байг. Би юу хэлэх вэ.
-Таныг дуугүй байхаар л нөгөө Увсынхан амь нэгтэй, UBS нам гэж байдаг гэсэн хардлагыг улам лавшруулаад байгаа хэрэг л дээ?
-Хардацгаана л биз. Увс гэж нэг аймаг байдаг. Энэ аймагт төрж өссөн нь, улс төрийн хоёр намд харъяалалтай байгаа нь үнэн л юм чинь. Би тэр хардлага, сэрдлэгийг чинь огт тоодоггүй юм шүү дээ. “Алтангадас”-ыг анх байгуулахад хоёр намаас хүмүүс ороод манайхан ч намайг орохгүй юмуу гэж л байсан. Ардчилсан намынхан голдуу юм байна дэмий биз гэж байлаа. Гэтэл сүүлд нь тэрийг минийх болгочихсон ш дээ.
-Алтангадасыг уу?
-Тийм. Нямдоржийнх гээд Увсын фракц болгоод хаячихсан л юм. Ямар ч байсан Дорлигжав нь байна уу, хэн нь байна Увсынханд нэг л зарчим бий. Улс төрийн хувьд тус тусдаа. Муу муухай юман дээр нийлж хамтраад явдаггүй. Энэ бол алтан зарчим. Бусад нь бол сонин биш шүү дээ. Бүгд л нутаг гэж гүйцгээдэг биз дээ. Одоо Говь-Алтайг жишээ нь хар. Нутагтаа хайргүй хүн эх орондоо хайртай байна гэдэгт би л лав итгэдэггүй. Эх орон чинь эцэг эх, нутаг хоёроос эхтэй гэж би боддог юм.
-Ямартай ч та хоёр ээжүүдээрээ элэг татуу явдаг улс юм байна. Хоёр нам ямар нэг асуудал дээр эв зүйгээ олохгүй байх үед та хоёр үүрэг роль гүйцэтгэж улс төрийн мөсийг хайлуулахад хувь нэмрээ оруулж байгаагүй гэж үү?
-Байлгүй яахав дээ.
-Зөндөө юү?
-Багагүй шүү. Дорилгоог Эрдэнэтийн захирлаар ажиллаж байхад 2000 оны сонгуулийн дараахан намын удирдлагууд нэг өдөр намайг дууддаг юм. Яваад очтол “Дорлигжавын ажлыг
авахаас өөр арга алга. Учир зүйг нь эвтэйхэн зохицуул” гэлээ. Муу юмандаа явуулж байгаа нь тэр л дээ. 1998 онд Отгонбилэгээс ажил авахдаа хаалгыг нь сүхдчихсэн. Дахиад сүхдчих вий гэсэн болгоомжлол байсан биз. Тэгэхээр нь би Дорлигтой уулзаад “Ажил төрлийг чинь авах юм шиг байна. Эр хүн шиг байсан нь дээр биз дээ” гэж хэлчихээд л би хөдөө явчихсан.
Дорлигжав дараа нь ажлаа өгөхдөө “Төр надад энэ ажлыг өгсөн, буцаагаад авах шаардлагатай гэж үзэж байгаа бол би өгөлгүй яахав” гэж ярилцлага өгөөд л явсан. Сүүлд энэ Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хохиролтой нэг хэрэг гарав даа.
-Тэгсэн…
-Би УИХ-ын дарга байх үед болсон юм. Ер нь банк гэдэг чинь итгэл дээр тогтдог байгууллага гэдгийг тэр үед би өөрийнхөө биеэр мэдэрсэн юм. Шуугиан дэгдэж Хадгаламж банкнаас өдөрт 150-250 сая төгрөгөө хүмүүс татаад байсан. Гэтэл Ардчилсан намын нарийн бичгийн дарга байсан Баатархуяг гэдэг хүн энэ банкны талаар хэвлэлийн бага хурал хийлгэсний маргааш нь тэрбум 500 орчим сая төгрөг гарчихсан. Хэрвээ яг тэр байдлаар дөрөв тав хоносон бол дампуурчих байсан. Хадгаламж зээлийн хоршооны хохирол бол тэрнээс хамаагүй бага. Тэгэхээр нь би Бат-Үүлийг өрөөндөө дуудаад “Улс орны эрх ашгийг бодсонгүй. Дан ганц намын эрх ашгийн үүднээс улс төр хийж байна” гэж хэллээ дээ. Лүндээжанцан хажууд байсан. Ингээд гурвуулаа муудалцлаа даа. Дэмий юм болж байгааг эцэст нь Бат-Үүл ойлгосон. “За дэмий юм болж байгааг ойлгосон бол одоо Дорлигжавтайгаа (Дорлиг тэр үед АН-ын ЕНБД байсан) ярьж наадахаа зогсоо. Зогсоохгүй бол наадах чинь төрийн хохирол болж дууслаа. Үүнээс хэн ч хожихгүй.” гэлээ. Тэр дор нь Бат-Үүл миний өрөөнөөс Дорлигжавтай утсаар ярьсан. Ингэж л улс төр “зогсож” Хадгаламж банк бүрэн дампуурах байсныг зогсоосон юм ш дээ. Гэх мэтийн явдлууд зөндөө л гардаг юм. Ганцхан Дорлигжавтай ч биш, Бат-Үүлтэй ч, Гончигдоржтой ч ярьж ойлголцох явдал цөөнгүй гардаг. 2008 оны сонгуулийн галдан шатаалтын маргааш нь буюу 7 дугаар сарын 2-ны өглөө би Бат-Үүл рүү ярьж хаана байгааг нь асуухад “Зүүнбүрэнд, одоо хот руу гарлаа” гэдэг юм. Очоод өөрийнхөө талаас гал ноцоолгүй байж байхыг бодоорой, би үдээс хойш очно гэсэн. Ингээд л үдээс хойш хот орсон. Яах учраа олохгүй болчихсон улс байсан. Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлиг хэлэлцэх эсэхээ шийдээгүй байсан, тэгээд ганц нэг үг санаа солилцож удалгүй чуулган эхэлж Бат-Үүл “хаалттай” хурлын горим гаргадаг учир тэр. Чуулганыг улс төрийн улаан хэрүүл болгосон бол гудамжинд юу болохыг таах аргагүй эгзэгтэй үе байсан. Хэдийгээр эдэнтэй бараг өдөр бүр муудалцдаг ч төрийн төлөө ойлголцох явдал зөндөө л гардаг.
-Зарим нэг ээдрээтэй асуудал дээр хүний намынхантай яриад зохицох нь өөрийн намынхантайгаа яриахаас илүү амархан байх тохиолдол гарах уу?
-Хүнээсээ л болно. Өөрийн намынхантайгаа ч хатуу хүтүүгээр хэлэлцэх асуудал зөндөө л гардаг шүү дээ. Жишээ нь, Баяр бид хоёр л гэхэд Удирдах зөвлөл дээр хоёр улаан гал тал талаасаа ирээд зууралдчихдаг байсан. Тэглээ гээд бие биендээ юм санаж явсангүй. Баяр сүүлд Москвад Элчин сайдаар явахдаа “За өвгөн чинь явлаа. Чи ч намайг байхгүйд жаахан уйдах л байх даа. Одоо чамтай маргах хүн наана чинь үлдсэнгүй дээ” гээд л инээж байсан. Ийм юм зөндөө. Хатуу хүтүү үг хэлэлцэж байсан ч гэсэн ойлгоцох нь төрийн хүнд зайлшгүй байх ёстой зарчим. Хэн нэгэн нь хатуу үг хэлж байж төрийн хэргийг буруу үйлдлээс холдуулах шаардлага амьдралд их гардаг. Буруу юм хийсэн ч “Дарга зөв” гээд өөгшүүлээд байдаг хүмүүс далдуур даргыгаа ажилтай нь хамт алдаг. Ийм явдал төрд ерөөсөө тасрахгүй юм. Жижигхэн тойрон хүрээлэгчид бүрдээд намаа эвдээд л, төрөө бусниулаад л… Энэ долигануур зангаасаа манайхан хэзээ салж чадах юм бол. Би олон даргын нүүр үзлээ. Анх Даш-Ёндон, Багабанди хоёр намайг улс төрд оруулсан.Дараа нь Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр одоо С.Батболд. Намын таван даргын нүүр үзэхэд юу л эсийг үзэхэв. Гэхдээ би эдний хэнд нь ч долигонож явсангүй. Хэлдгээ л хэлчихдэг байсан.
-Одоогийн энэ дарга чинь хэтэрхий зөөлөн байна уу?
-Батболд даргын хувьд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна. Яалт ч үгүй сайхан боловсролтой залуу. Зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн үг бий. Тийм байхыг үгүйсгэх аргагүй.
-Мэдэхгүй. Хотжихгүй байсаар байгаад дуусах юм шиг. Ер нь Монголын улс төрд нэг сонин зүйл ажиглагдах болоод удлаа. Хотод төрж өссөн улстөрч, хөдөө төрж өссөн улстөрч хоёрын хооронд сэтгэлгээний асар их зөрүү байна. Жишээ нь би дур хүрвэл дуу дуулчих, дургүй хүрвэл хүн заамдчихаас сийхгүй “хөдөөний хүн”. Өмнөөсөө хэзээ ч жижиг хүмүүсийг явуулаад зодолдуулахгүй, хүн хөлсөлж шар хэвлэлээр хов хутгахгүй. Тийм хүмүүжил надад угаасаа байхгүй. Гэтэл хотод төрж өссөн зарим улстөрчдийг хараад байхад өөрсдөө хол суучихаад хэвлэлээр дамжуулж бөөр лүү хутга явуулна, урваж шарвана, үүнээсээ ичинэ гэж байхгүй. Яг л ичих булчирхайгүй юм шиг. Тэгэхээр хотжилт, иргэншил гэдэг юм улстөрчдөд ул мөрөө үлдээж байнаа даа. Хотын зарим улстөрчид хөдөө төрсөн мань мэтийн санаанд оромгүй зүйл хийчихээд юу ч болоогүй юм шиг нуруугаа үүрээд алхачихаж байна. Урваж шарвах, өчигдөрхөн л улаан дайсан байснаа өнөөдөр тэврэлдээд салж чадахгүй андууд болох нь энүүхэнд. Хэмжүүр нь ердөө л хоёрхон. Эрх мэдэл, мөнгө.
-Гэхдээ наадахыг чинь өөрөөр тайлбарлаж болно л доо. Хот хөдөөгийн биш үеийн гэдгээр нь?
-Аль аль нь байна.
-Магадгүй бүр үе гэхээсээ илүүтэй сайн талаас нь тайлбарлах гэж оролдвол даяршсан, соёлтой харилцаа гэж хэлж магадгүй л дээ?
-Ээ дээ мэдэхгүй. Сэтгэл нь хиртэй, бас шуналтай бол мянган хэл, боловсролоор чимээд нэмэргүй дээ. Дэлхийн талыг бүрхсэн эзэнт гүрэн байгуулсан Чингэс хаанд хэн, хаана, ямар боловсрол олгосон билээ. Боловсролтой царайлчихаад бөөр лүү хутга явуулдаг муухай занг би лав соёл гэхгүй. Би ямар ч үед хэнтэй ч шууд л нэгдүгээр үе дээр халуухан ярьдаг хүн. Миний араншин. Төрж өссөн газар нутагтай минь холбоотой байж магадгүй. Би аавынхаа өвөлжөөнөөс Увсын 21 сумын 19-ийг нь дуранддаг, цаг агаар нь эрс тэс, яг л над шиг. Хотын энэ бүгчим давчуу орчинд би сууж сурахгүй л байна. Нам цөөнх байхад би нэг газар авсан юм. Хандгайтын наахна байдаг нэлээн өндөр газар л даа. Тэнд очихоор л цэлсхийгээд дотор онгойх шиг болдог юм. УИХ-ын дарга байхдаа ч би хагас бүтэн сайнд Их тэнгэрт тогтож чаддаггүй байсан. Нүдэнд уул тулаад, цээж давчдаж, бие баригдаад л, баасан гаригийн орой болонгуут зуслан руугаа л давхичихна. Өглөө босоход цээж цэлмээд сайхан байдаг юм. Тэгэхээр хүний өссөн орчин гэдэг тухайн улстөрчийг төлөвшихөд, тэр улстөрчөөс хожим гарах ааш авирыг хүртэл бүрдүүлдэг бололтой.
-Хөгжлийн стресс нь нөлөөлдөг байж болох юм даа?
-Үндсэндээ бид чинь 1940-өөд оноос хойш ингэж хотжиж байшинд сууж эхэлсэн. 1950-иад оны “Соёлын довтолгоо”, “Улаан тариа”-ны компани ид оволзож байхад Лүндээ, Улаан, Баяр, Баабар, Бат-Үүл бид нар төрсөн. Энэ үеэс л хот хөдөөгийн ялгаа эхэлсэн. Бидний сэтгэлгээ шал өөр. Бага зэрэг худлаа хэлэх, хэрэгтэй гэж үзвэл мурьчих нь хотынхны араншин бололтой. Мань мэтийн хувьд бол худлаа яривал залуучуудын хэлдгээр “шараа болно” гэдэг зарчимтай. Нэг иймэрхүү ялгаа илт анзаарагддаг.
-За тэгвэл та нарын үе нэг тиймэрхүү. Тэдний дараагийн үе болох Сүхбаатар, Тэмүүжин нарын үе бас тэднээс өөр байна уу?
-Өөр. Манай Мөнх-Оргил, Ерөнхий сайд Батболд, М.Энхболд, Дашдорж нар бол 60-аад оны эхэн үеийнхэн. Бүр нарийн ярьвал социалзмын үеийн сургалтын сүүлчийн бүтээгдэхүүн. Тэдний дараа нийгэм өөрчлөгдөж, тэр үед өсч хүмүүжсэн үеийнхэн одоо л дөнгөж төр рүү хаалга тогшин орж ирж байна л даа. Болсон болоогүй 60-аад оныхон бол социализмын үеийн хүмүүжлээр хүмүүжсэн, ядаж л тэр үеийн сургуулийн чанар сайн байсан. Хүмүүжилтэй үеийн сүүлчийн бүтээгдэхүүнүүд одоо төрийн хүнд ачааны голыг нуруун дээрээ үүрэх ээлж тохиож байна. Баярыг намын дарга болдог тэр хурал дээр миний бие “Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэдэг хорондуу үг хэлсэн. Баярт дургүйдээ биш үе солигдож байна шүү гэдгийг л сануулж хэлсэн ухаантай юм. Төрийн залгамж чанар гэдэг өнцгөөс нь 70-аад оныхныг хараад байхад түвэгтэй юм их харагдаад байна. Миний тэдэнтэй зууралдаад байгаа чинь том том юм ярихаасаа илүү эхлээд ажил хийж сураасай, юм бодоосой гэсэндээ тэр. Энэ үеийн залуучуудын дотор сайхан боловсролтой, олон хэлний мэдлэгтэй, даруухан, ажил хийж суръя гэсэн тэмүүлэлтэй нь дийлэнх байгаа гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Даанч тэр хэсэг нь далд “дарагдаад”, увайгүй, хүнлэг бус, ойворгон хэсэг нь дарга нарын хормой хавиар эргэлдэж байгаад албан тушаалтай, мөнгөтэй болчихоод өөрийгөө танихаа байчих юм. Эд нар бол сайн эцгийн буян, албан тушаал, мөнгө гуравт эрхэлчихсэн хүүхдүүд. Жишээ нь, би 10 жил прокурор хийгээд СнЗ-д мэргэжилтнээр орохдоо сар судлуулж байлаа. Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч гэдэг бол тэр үеийнхээр хурандаагийн рангтай дивизээс рапорт авдаг албан тушаал байсан. Тийм түвшинд хүрсэн хүнийг СнЗ-д мэргэжилтнээр авахад сар судлаж байсан гээд боддоо. Гэтэл одоо яаж байна. гудамжинд хоёр алим шидэх юм бол манай дарга нар шууд албан тушаал өгч байна шүү дээ. Амыг нь хаахын тулд. Ингэж л үеийг нь эвдээд байна. Гэнэт пуужиндуулаад албан тушаалд гараад ирэхээр нөхдөө ч өөрийгөө ч мэдэхээ байчихдаг. Ийм зүйл ажиглагдаад байгаа болохоор би хэдэн нөхдөд хатуухан хандаад байгаа юм. Сая Баабар “Алдагдсан ба
завсрын үеийнхэн” гэж нэг юм бичив ээ.
-Их үнэний ортой юм бичсэн байна лээ. Улс төрчдийн хормой хавьд эргэлдэж байсан хүмүүсээс 14 тэрбум төгрөгөөр муушги тоглоод баригдчихаж байна. Хамт явсан нэгийгээ гэгээн цагаан өдөр хутгалаад алчихаж байна. Галдан шатааж үймээн самуун дэгдээж, хүний аминд хүрсэн явдал гарлаа. Орон шоронд орох болохоороо АН-д элсэж хоргодох байр болгочихоод жил болоогүй байхад нөгөө элсүүлж авсан “ачтан”-уудаа зайл, зайгаа тавьж өг, үе чинь өнгөрсөн гэж хөөж байна. Унгарт Элчин сайдаар тавьсангүй гэж тэр. Ийм гашуун жишээ олныг дурьдаж болно. Бид нар ч 92 онд эд нар шиг юмнууд л улс төрд орж ирж байсан. Тэгэхэд Бавуугийн Лхагвасүрэн, Энэбиш, Дашдэмбэрэл бид нар насны хол зөрүүтэй ч насаа мартчихсан л шатар тоглоод, наргиж дарвиад, бие биеээрээ тоглож наадаад сайхан л байдаг байсан. Жасрай гуайтай ч мөн адил. Бид тэднээс юм сурах гэж, үгийг нь сонсох гэж хичээдэг, найзархдаг байлаа. Юм хий гэвэл үг дуугүй “за” гэнэ. Бавуугийн Лхагвасүрэн Соёлын хууль дээр, талийгаач Зуунай гуай эрүүл мэндийн даатгалын хууль дээр намайг “зарж” л байсан.
Гэтэл одоогийн залуус чинь шууд орж ирээд л шилэн хүзүүн дээр гишгэчих гээд байх юм. Эд нар буруу юм хийж байна гэдгээ хэзээ нэгэн цагт ойлгох байлгүй. Тэмүүжин энэ хаваржин АН-ынхныг “феодал”-ууд, үеэ өнгөрөөсөн, зайгаа тавьж өг гэх зэргээр дайрлаа. Саяхан л “Эрэл”-ийн Эрдэнэбат хавьд эргэлдэж сонгуулийн зардлаа гаргуулж, нэг өрөө байр авчихаад сүүлд нь АН-д урваж, нөгөөх занаад байгаа “феодал”-уудынхаа мөнгөөр сонгуулийн ард гарсан этгээд шүү дээ. Эрийн жудаг, хүний мөс чанарын үнэр ч байхгүй.
-Туршлагатай хүмүүсээ огт хүндлэхгүй байна уу?
-Бараг үгүй. Эрүүгийн хууль судлах нь байтугай уншиж үзээгүй байж шинэчлэл, бодлого яриад л. Жишээ нь, би хүнийх нь хувьд Чимэд багшид таатай ханддаггүй боловч хуульчийнх нь хувьд хүндлэхээс аргагүйд хүрдэг, шүүмжилдэг ч үгүй.
-Тийм гэж үү?
-Үнэнээ л хэлж байна. Чимэд гэдэг хуульчийг үгүйсгэж хэзээ ч болохгүй. Надаас хамаагүй ихийг уншиж олон дээл элээсэн юм чинь. 2004 оны Засгийн газарт би нэг хууль орууллаа. Захиргааны хэргийн шүүхийн тухай хууль. Манайхан над дээр төслийг нь оруулаад ирлээ. Уншаад бүр гайхчихлаа. Над дээр орж ирж байгаа төсөл засагдахгүй гарна гэж байдаггүй юм. Гэтэл засах юм олдоггүй. Ажилласан хүмүүсийг нь дуудаж авчраад шууд нэр цохож “Үүнийг Чимэд багш бичсэн үү!” гэсэн чинь “Тийм” гэж байна шүү. Ноднин бас 92 оны Засгийн газрын тухай хуулийг гайгүй шүү юм болгоод үлдээчих юмсан гэж бодоод оролдох санаатай уншаад үзлээ. Тун “эвгүй” бичиж. Ер нь л бичье гэж бичсэн байна. Дотроо “Чимэд багш л бичсэн дээ” гэж бодоод байлаа. Тэгээд Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр нэг арга хэмжээнд оролцсон чинь Чимэд багш байж байна. Юм ярьж байгаад “Чимэд багш та 92 оны Засгийн газрын хуулийг бичсэн үү” гэж асуусан чинь “Тэгсэн, Нүхтэд 15 хоног суусан” гэж байна. Ийм л байдаг.
Би чинь 3 цуутай генералаар 10 жил элдүүлж байж Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ажиллах эрхийг арай чүү авсым. Улсын Ерөнхий прокурор Р.Гүнсэн гэж байлаа, миний анхны дарга. Нэг л хэрэг муу танилцуулбал хагас сар муухай хараад мэндлэхгүй. Түүнээс нь үхэтлээ айж өдөр шөнөгүй сууна. Дараа нь Бүдрагчаа генерал Ерөнхий прокурор болсон. Тэвэр дүүрэн цаас засаад л суучихна. Зассанаас нь ганц үг хулгайлбал яалт ч үгүй баригдана. Дараа нь Даваасамбуу генералын орлогчоор очсон. Мунгинаж мухардалд орчихоод “зовлон”-гоо ярьж ороход ганц нэг арга заана. Түүгээр нь явахад яг л байндаа бууна даа. Би ийм л аваргуудаар хуулийн ажлын цагаан толгой заалгасан. Одоогийн энэ төрд орж ирж байгаа залуус Лүндээ, Улаан мань мэтэд “жаахан юм” байдаг бол түүнийг шавхаж сорж аваад үлдэх учиртай юмсан. Төрийн залгамж чанар үүнд л байдаг. Тэгэхгүй олон долоон юм яриад “бодлого” ярьж өвчигнөөд байхаар нь дургүй хүрээд байх юм. Юу ч мэддэггүй жижиг улстөрчид л “бодлого” ярьдаг юм ш дээ. Суугаад бич гэхээр байхгүй. Тэгээд телевизийн камер харагдвал ангасан мал шиг давхиж очоод өвчигнөнө. Эцсийн дүндээ улстөрчөөс хууль л үлддэг. Ийм л учир шалгааны үүднээс шинэ үеийнхэнд би хатуурхдаг. Нуугаад яахав. Дургүй хүрэхээр нь заримыг нь “Шинэ үеийн удирдагч” гээд хэлчихсэн. Удирдагч болтлоо хаа ч байлаа. Хол хэвтнэ. Ганц хууль оруулж батлуулаагүй байж их ярихыг нь яана. Өчигдөрхөн Чүлтэмийн Улаан, Энхтүвшин нарын нөмөр нөөлөгт багтаж нэр төрд нь сэв суулган байж талхаа олж иддэг байсан этгээд өнөөдөр тэднийг “юу юм” хэмээн басамжилж, “буруу бодлого явуулж байсан” тухай ярьж, бараг хүнтэй мэндлэхээ мартчихаад ордны коридороор багтаж ядан явахаар нь гайхал төрөөд байгаа юм. Нөгөө хоёр нь “даанч яав даа” хэмээн чимээгүйхэн гаслаад л…
-Та Сүхбаатар гишүүнийг үнэхээр цамцных нь захаар хоолойг нь боосон юм уу?
-Шальтай юм болоогүй юм аа. Сүхбаатар гишүүн бид хоёр нэгэнт ойлголцсон болохоор би одоо юм яримгүй байна. Харин зүгээр тэр жижигхээн юмыг миний нөгөө л “найзууд” баахан дэврээж 15 хоног хоолтой байх шив дээ.
-Танай муусайн “найзууд” нээрээ л их дэвэргэсэн шүү. Одоо л ярилцлага өгдөг цаг гэж мөн олон хүн яарсан даа?
-Мэдээж ш дээ. Би таван сонгуульд оролцохдоо мөчлөг бүрд нь дандаа л эрсдэлтэй учирч байсан. Тэгээд сүүлд нь дандаа хариутай нь улаан нүүрээрээ учирдаг. 98 онд гайтай юм шиг УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан хэрэг гарлаа. Манай нам цөөнх болчихсон үе л дээ. Гэтэл Н.Багабанди намайг дуудаад “Ийм хэрэг гарлаа. Чи шалгаадах” гэсэн. Би ч “Чадахгүй. Шаравдоржоор шалгуулахгүй юу“ гэсэн ч “Чи л шалга” гээд байсан. Тэгээд тэр шалгалтыг нь дуусгасан л даа. Энхсайханы Засгийн газрын үед Дашбалбар, Одонбаатар, Зориг бид дөрөв тэр ажлын хэсэгт орсон юм. Хууль бусаар тагнаж чагнасан нь тогтоогдож ТЕГ-ын дарга өөрчлөгдөж эрүүгийн хариуцлага хүлээсэн. Тэр хэргийн улбаа явсаар сүүлд нь намайг Хятадын тагнуул болгох шахсан.
Би шалгалтын дүнг танилцуулж байгаад үхэх шахсан шүү. Араас тархи луу банзаар алгадуулж байгаа юм шиг болоод явчихсан. Ардчилсан намын 50 хүн өөдөөс хараад сууж байхад болсон процесс. Эмчид үзүүлсэн чинь даралт, зүрх хэвийн байсан. Балбар энэ шалгалтын үед болсон нэг юмнаас сэжиглэсээр, ярьсаар байгаад насан өөд болсон шүү.
Их л дарамттай шалгалт болсон. Хаалгаар нь ороход тусгайгийнхан буутай коридор бүрт зогсоод л. Яг дайны байдал зарлачихсан юм шиг. Балбарыг Сэнгээ гэдэг нөхрийн өрөөнд орж сейфийг нь онгойлгоход түүний монголын сёлын өвийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан материалыг (өөрсдөө бүрдүүлсэн) нь гаргаж ирж дарамтлаад, шалгалт дуусахад намайг нөгөө Гүндалайгийн тараадаг материал (бас л өөрсдийнх нь зохион байгуулж хийсэн ажил) сануулж айлгамар аядаад. Балбар бид хоёр энэ шалгалтаас хойш их найзархдаг болсон. Төрийн Соёрхол авчихаад гэртээ Цэцийн Бямбадорж бид хоёрыг урьдаг юм. Элдэв юм ярьж байснаа энэ гайтай шалгалтын сэдэв рүү орж “За даа шалгалтын дөрөвөөс Зориг алагдаж, чи үхэх шахсан, би өөдлөхөө байлаа (бие нь), Одонбаатар бас өвчлөөд болдоггүй, чи амиа бодохгүй бол болохгүй шүү. Би уулзсан хүн болгондоо чамайг давхар захидаг юм шүү. Даанч чи шүтлэггүй” гэж хэлдэг юм. Дотор пал хийгээд явчихдаг юм билээ. Тэгээд удалгүй бурхан болсон. Балбар 2-р эмнэлэгт сүүлчийн удаа хэвтэхэд, бас амьсгалаа хураахад нь анх дуудагдаж очсон УИХ-ын гишүүн нь би. Мөн ч харамсалтай юм болсон доо.
2000 онд намайг Хууль зүйн сайдын ажлыг авахад яг үнэндээ эрүүгийнхэн Монголын төрийг далдаас удирдаж байсан. Хуулийн сайд нь хүнд гаруудад зодуулчихаад Их тэнгэрт очиж айлд хоног төөрүүлж байсан үе шүү. Сүүлд ял шийтгүүлсэн хүмүүс 4 жил Нямдорж, Сандаг-Очир хоёрыг хэрхэн устгах тухай ярьсан.
-Центрпойнтын хэргийг хэлж байна уу?
-Тийм. Дараагаар нь 2004 оны сонгуулийн дараа дахиад л эрсдэлтэй учирсан. УИХ-ын дарга байгаад хууль зассан хэргээр ажлаа өгдөг чинь зүгээр л халхавч нь байсан юм шүү дээ. УИХ-ын дарга болчихоод Монголбанкны удирдлагыг нь заавал солих зарчмыг хатуу баримталж бүх том даргатай тангараг тасартлаа муудалцсан. Надаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй байсан. Бүх дарга нар эсрэг байхад ганцаараа ёстой л зөрүүдлэх шиг болсон доо. Монголбанк нэг л биш санагдаад, муу юмнаас түргэн холдуулах зайлшгүй шаардлага байгаа нь мэдрэгдээд байсан. Тэгээд 2006 оны аравдугаар сард энэ асуудлыг тавьсан. Би улс төрийн хүнд тэмцэлд бишгүй л ордог байсан. Энэ бол хамгийн хүнд, хэцүү даваа нь байсан даа. Ерөнхийлөгч дээр энэ асуудал яригдахад “Би Монголбанкны ерөнхийлөгчийг заавал сольж байж сална шүү. Миний дэвшүүлсэн хүнийг унагадаг юм бол дахиад өөр хүн дэвшүүлнэ. Намайг яахаа өөрсдөө мэдээрэй” гэж хэлээд гарсан. Тэгээд л Батсүхийг томилсон доо. Яг томилогдсоны орой нь 250 сая долларын өрийн бичгийг Монголбанкнаас гадагш нь гаргах гэрээ хийгдсэн, 55.0 саяын баталгааг аль хэдийн гаргачихсан тухай яриа гарсан, тэр нь үнэн байсан.
-Тэр ямар учиртай юун өрийн бичиг вэ?
-“Гандирс хороолол”-ыг барих мөнгө босгох нэрийн дор хийгдсэн цэвэр луйвар.
-Одоо энэ Чалморс гэдэг америк хүн, бас УИХ-ын зарим гишүүдээс холбогдоод яваад байдаг хэрэг мөн үү?
-Мөн. Өрсөж арга хэмжээ аваагүй бол 1990-ээд оны эхээр 4,0 тн алт алддагтай яг адил алдагдал хүлээх байсан. Одоо нийт дүнгээрээ 30 шахам сая долларын өрөнд орчихоод байна. Батсүх томилогдсоныхоо маргаашаас тэр баримтыг нь Монголбанкнаас 14 хоног хайгаад олоогүй. Сүүлд нь арилжааны банкуудаар хайлгаж байж олж авсан. Батсүхэд “Чадал чинь хүрвэл бүгдийг нь хүчингүй болго“ гэсэн. 230 саяыг нь хүчингүй болгосон. Ингээд яаж ч чадалгүй 20-иодыг алдчихсан даа. Одоо гадны шүүхийн шийдвэр гарчихаад байна. Солих санал тавингуут над руу дайралт эхэлсэн дээ. Эхлээд Нямдорж “намын дүрэм зөрчсөн” болж таарсан. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг санал болгохдоо Үндсэн хууль зөрчсөн болж хувираад. Болохгүй болохоор нь хууль зассан гэдгээр дууссан. Би 250 сая долларын алдагдлаас 230 саяыг нь хаагаад “шанд” нь УИХ-ын даргын суудлыг ийнхүү өгсөн юм даа. Болсон юм нь энэ. Энэ хэргийн зөвхөн өмгөөллийн хөлс нь 3,0 сая гаруй доллар төлсөн байх шүү. Тэр үед шүүхийн маргаан эхлээгүй байсан учраас чимээгүй байж байгаад ганц долларын ч болов өрнөөс холдуулах юмсан гэж бодоод чимээгүй өнгөрсөн. Одоо нэгэнт бүх юм тодорхой болж байгаа учраас ам нээж байна. Наад луйварт чинь хэдэн “инээд”-тэй юм байдаг юм. Нэгдүгээрт, монгол талын гол нөхдүүд нь худууд. Хоёрдугаарт, нэг америк луйварчин Малайзид ядуусын хороололд түрээсийн байранд амьдардаг, Харвардын хуурамч дипломтой этгээд. Гуравдугаарт, америкт амьдардаг бас нэг луйварчин залилангийн хэргээр 7 жилийн ял шийтгүүлсэн бас л ядуусын хорооллынх. Ийм л зальтнууд монголд орон сууцны хороолол “барих” шахсан даа. Өөрсдөө орох орон, оочих аягагүй байж бидэнд 2.0 тэрбум долларын хөрөнгө босгож хороолол барьж өгөх гэж гүйгээд л. Наад өрийн бичгийг чинь гуравдагч этгээдэд хямдаар зарчихаад орлогыг нь хуваагаад авчихдаг юм байна лээ. Бид гуравдагч этгээдэд төлбөр төлдөг.
-Тэр үед танд болон Батсүх даргад ямар нэгэн дарамт ирж байсан уу?
-Ална, булшилна гэсэн дарамт ирээгүй. “Хууль заслаа” гэдэг үзүүлэх сургууль орон даяар хагас жил явсан биз дээ. Дарамт, дайралт нь тэр юм даа. Батсүхийн тухайд луйвартай ноцолдсоор байгаад дууссан. Нэг нь намжихад дараачийнх нь гараад ирнэ. Бараг “эргүү” болтлоо луйвартай ноцолдсон. Хэвлэлээр ч их дайруулсан. Бүр Увсын хүн болж хувирсан гээч. Орост 10.0 сая доллар алдсан, цөөхөн танилдаа 1 хувийн хүүтэй 20.0-иод тэрбум төгрөгийн алтны зээл өгчихөөд буцааж аваагүй (одоо ч аваагүй байх шүү) гэх мэт мөн ч олон юм гарсан даа.
-Таныг бол дарамталж чадахгүй нь ойлгомжтой. Батсүх даргыг бол тарчлаасан даа?
-Батсүх бол үнэхээр зовсоон. Бүтэн хоёр жил хамаг нервээ бараад эцэст нь залхаад л явсан даа. Угаасаа тийм хатуу хүтүү юманд орж үзээгүй хүн чинь халширна биз дээ.
-Үгүй ээ, өөрөө яваагүй байх. Яв гэж шахалт үзүүлсэн биз?
-Шахсан. Засгийн газрын гишүүн хүн банкны хямрал ярих нэрийдлээр баахан өвчигнөж Батсүхийг доромжилсон байхлаар нь дургүй хүрээд “чаддаг юм бол өөрийнхөө намыг удирд” гэж нэгэнд нь хэлсэн. Яагаав нөгөө Нямдорж “Ардчилсан намыг Засгаас хөөлөө” гэдэг шуугианы учир энэ. Уг нь мөнгөний бодлогын тухайд Монголбанкны Ерөнхийлөгч Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн өөдөөс “үгүй шүү” гэж хатуу хэлэх эрхтэй цорын ганц албан тушаалтан юм шүү дээ. Манайд эсрэгээрээ. Улсын Их Хурлын гишүүн бүр Монголбанкинд заавар өгөөд л, мөнгөний бодлогыг нь “тодорхойлоод” л, Засгийн газрын гишүүн дуудаж загнаад л. Хууль зарчим хоёрыг ингэж л ойлгодог цаг үед бид амьдарч байна. Сая Чимэд багш нэг бачимдсан ярилцлага өгсөн байна лээ.
-Саяхан бараг хагас сар тан луу дайрлаа. Бас нэг юм болчихоо юу?
-Сүхбаатараар далимдуулж над руу дайраад л байна. Наадах чинь бол зүгээр нэг дайраад байгаа юм биш шүү дээ. Хоёр хүний хооронд болсон жижигхэн хэрүүлийг ямар их дэврээж байгааг хар л даа. Яг үнэндээ одоогоор мэдрэгдэж байгаа нь үнэн бол эрүүл хүний санаанд багтамгүй, ёс суртахууны хувьд ялзралын дээд түвшингийн үнэлэмжээр үнэлэгдэх нэг балмад явдлын сэжүүр гарч ирчихээд байгаа юм. Тэрний л хаялга явж байхгүй юу.
-Тэр яг юу вэ?
-Наадахыг чинь хэн ч асуусан одоохондоо хэлэхгүй. Эхлээд учрыг нь олно. Над руу дайраад эхлэнэ гэдэг чинь цаад талд нь нэг л эвгүй юм болсны шинж шүү дээ. Одоо бүр давраад “дөрвөдүүдээ аваад эндээс яв” гэж бичүүлдэг болж. Намайг адайр ааштай гэдэг л юм, тэр нь ч ортой. Гэхдээ миний аашаар монголын ард түмэн цай сүлэх биш дээ. Гэхдээ миний муу ааш улс төрчид хавьд л эргэлддэг юм. Би энэ яамыг 4 удаа толгойлохдоо жирийн мэргэжилтнийг бараг л зандарч үзээгүй. Тэдэнд муу харц нэг л удаа “чулуудахад” хангалттай байдаг юм. Сэтгэл минь, гишгэсэн мөр минь төр, ард түмэн хоёрт хоргүй байвал болно гэж боддог шүү. Зарим нь ард түмэндээ дэндүү хайртайгаа гайхаад цаагуур нь мөн ч хорлонтой юмнууд хийх юм. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шиг.
-УИХ-ын, ер нь төрийн чадавхи муудлаа гэж их ярих боллоо. Байдал ч тийм. Шалтгаан нь юунд байна?
-Төрийн боловсон хүчний бодлого дампуурсны үр дагавар. Сонгууль дөхөөд ирэхээр ордонд бүгэж “том даргын нүдэнд хэрхэн өртөх тактик боловсруулдаг” хэсэг залуучууд манай намд
байдгийг би мэднэ. Өнөөдөр аль ч намд боловсон хүчний шүүсийг нь шахаж ажиллуулж бэлтгэх зарчим алдагдсан. Том даргын хажууд хэн ойртож чадсан нь чадваргүй ч байсан албан тушаалын бялуу хүртдэг, мөрөөрөө ажиллаж сурч боловсорч, зүтгэж ажиллаж байгаа нь дээшээ явдаггүй одоогийн хэтэрхий шударга биш тогтолцоо хэвээр байсан тохиолдолд төрийн чадавхи хэзээ ч сайжрахгүй. Төрийн албанд мэргэжлээр нь ажиллуулж, боловсруулж нэлээд “нухаж” ёстой л “дөрөө даах гутал” болсон үед нь улс төр лүү татаж оруулдаг хатуу зарчимд улс төрийн гол намууд шилжвэл энэ дампуурлаас холдож чадна. Өөр ямар ч гарц харагдахгүй байна. Гэтэл яагаа ч үгүй шал түүхий этгээдүүдэд “залуучуудыг дэмжих” халхавчин дор эрх мэдэл, албан тушаал өгөөд байна. Жишээ нь манай яаманд чадвартай сайхан залуучууд байна аа. Эднийг сайн ажиллуулж байгаад төрийн албан хаагчийнхаа хувьд боловсорч гүйцлээ гэсэн үед нь татаж аваад УИХ-д нэр дэвшүүлээд гишүүн болговол Монголын төр л чангарна.
-Төрийн албыг фракц, бүлэглэлээрээ наймаалцдаг энэ заваан тогтолцоо хэзээ байхгүй болох бол оо?
-Ёстой хэлж мэдэхгүй юм. Улам л гаараад, улам л заваан болоод байх юм. 20 жил монголын их улс төрд зүтгэхдээ наадахыг чинь л байхгүй болчих болов уу гэж горьдсон юм. Энэ мөрөөдөл талаар болох юм шиг байна. Гунигтай л байна. Бат-Үүл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам дээрээ уначихаад “Бархирмаар байна” гэж ярилцлага өгсөн байхаа. Надад ч гэсэн бархирмаар, цөхөрмөөр, гуниглахаар үе бишгүйдээ л их гарах юм. Энэ тал дээр агаар үнэхээр бүгчим байна. Жаахан ч гэсэн цонх онгойгоосой. Уг нь ядаад байх ажил биш шүү дээ. Зарчмаа хатуу бариад явчихвал дорхноо зүгширээд л явчихна. Жишээ нь, яамыг зөвхөн мэргэжлээрээ төрд тасралтгүй ажилласан хүнээр толгойлуулдаг болгочих. Тэгвэл мөн ч олон ажил цэгцэрнэ дээ. Одоо чинь мэргэжилгүй нь мэргэжилтэйгээ удирддаг болоод бараг 20 жил боллоо. Яаж ажил сайн байхав.
-Тантай зууралдаж барьцалдаад байгаа тэр 70-аад оныхон энэ тогтолцоог эвдэж чадахгүй гэж үү?
-Одоо нүдэнд ил харагдаж том дуугарч байгаа нөхдүүд юу л бол. Бүлэглэл, мөнгө, албан тушаалын хүлээсэнд урхилагдсан хүн хэзээ ч зарчим тогтоож чаддаггүй юм. Албан тушаал, эрх мэдэл өгсөн ч тэд эргээд бүлэглэл, мөнгөнийхөө боол болдог. Гэхдээ монголын буян дуусах болоогүй. Жинхэнээсээ боловсорсон хамгийн гол нь төрийн хэрэгт зарчмаа барьж чаддаг, шуналыг тэвчиж чаддаг, эх орондоо чин сэтгэлээсээ хайртай сайхан залуучууд энэ төрд жин дарах цаг удахгүй ирэх байлгүй. Хамгийн гол нь шуналаас хол, түүнийг тэвчиж чаддаг хүмүүс нь энэ төрд жин дараасай. Нэгэн ухаантан шуналыг “амьд бэрд”-тэй зүйрлэсэн байдаг. Үнэн юм билээ.
-Танд ер нь айх үе гардаг уу?
-Аймхай хүн арав үхнэ, айвал бүү хий гэдэг биз дээ! Айдаг байсан бол би жишээ нь ийм ярилцлага өгөхгүй биз дээ. Би монголын төрд зүтгэж байгаа болохоос хэн нэгэн этгээдэд үхэр шиг зүтгэх гэж төрөөгүй. Миний ард эх орон, ард түмэн, үр хүүхэд, удам судар минь үлдэнэ. Тэд мөнх. Би мөнхөд байх үнэт зүйлийнхээ төлөө амьсгал хураатлаа зүтгэх болно. Эх орноо гунигтай түнэр харанхуй руу түлхэмгүй байна.
-Та юунд найдаж байна, таны сэтгэлийг юу зовоож байна?
-Би монгол хүн бүрт найдаж байна. Морь унасан, назгайрсан, юм боддоггүй, ходоодоороо сонгуульд санал өгдөг, салхинд гандаж харласан, майга хөлтэй гэх мэтээр заримд нь ил далдуур адлуулж, хочлуулдаг ч хиргүй цайлган сэтгэлтэй, холч ухаантай, улс төрийн асар их торгон мэдрэмжтэй, төрийн зөв шийдвэр гаргаж чаддаг ард түмэн наадах чинь. Эдэндээ л итгэж найдаж сууна. Би жишээ нь монгол бөхийг дээдийн дээдээр хүндэлж тэднээс цөөнгүйтэй нь үерхдэг, би ч очдог, тэд ч манайд ирдэг. Чингэсийн гал голомтыг сахиж үлдсэн нүүдэлчин бидний “гарын гангараа” бас бусдад гайхуулах нэг гайхамшиг, нүүдэлчдийн соёлын өвийг тээгчид. Гэтэл монгол бөх удаан байна, сонирхолгүй гэж адлах боллоо.
Би бас “гадаад”-ын морь оруулж ирэхэд, монгол морьтой хольж уралдуулахад үнэн голоосоо дургүй. Бид чинь энэ л давжаахан биетэй монгол мориор дэлхийн талыг эзлэн Их эзэнт гүрэн байгуулсан улсын үр сад биш билүү. Аминд тулсан үед энэ л монгол морь бидний өмөг түшиг болдог байсан биш билүү. Юунд нь үүнийг ад үзэж “гадаад” морь хэдэн арван саяар нь худалдан авч онгоц хөлөглөн залж монгол морьтой уралдуулж, заримдаа дээрэлхүүлж, хурдан морины хүүхдэд уурхайчны малгай өмсгөж уралдуулаад байнаа.
Би хүүхдүүдээ өөрөөсөө хол, гадаадад удаан хугацаагаар байлгах дургүй. Их санадаг, бас хүний газарт айлын тогоо шанага угаалгаж, шал арчуулах дургүй. Хүний эрхээр жаргахаар, өөрийнхөө эрхээр зов гэж нэг сайхан үг бий дээ. Гэтэл манайхан юм л бол “дотоодын сургалтын чанар муу” гээд гадаад руу зувчуулчих юм. Өөрийгөө үл тоосон нэг ийм “гадаад зан” сайн юм авч ирэхгүй дээ. Тэр гадаадад чинь ном, хэл хоёр заадаг болохоос “байгалаас заяасан төрмөл ухаан” заадаггүй юм шүү дээ. Гэтэл энэ монгол чинь тэр аяараа л “ухаан”-ы үйлдвэрлэл л гэсэн үг. Ач хүүгээ өвөр дээрээ суулгаад үнэрлэж сэтгэлээ дэвтээж суугаа аргалын утаа үнэртүүлсэн хөдөөгийн хар өвгөн чинь эрхлүүлэх тэрхэн агшиндаа түүндээ цөлх монгол хар ухаан, хүний мөс хоёрыгоо шингээж суудаг юм шүү дээ. Ингэж төрмөл заяамал ухаантнуудыг төрүүлж байсан учраас дотроос нь Их Чингэс төрсөн хэрэг. Чингэс ухаангүй байсан бол дэлхийн талыг эзлэх нь байтугай Дэлүүн болдгийн хөндийгөөс холдож чадахгүй л хорвоог элээх байсан. Аливаа дайн тулаан, өрсөлдөөн, улс төрийн тэмцэл эцсийн дүндээ
ухааны уралдаан л байдаг.
Гэтэл бид урьд нь орос хэлгүй бол “хүн биш” гэдэг байсан бол одоо англи хэлгүй бол “хүн биш” гэж тооцоод хүнийг олигтой ажилд тавихаа больж, өөрөө өөрөөсөө ичиж, өөрсдийгөө доош нь хийж энэ тухай бодохоо байж. Гадаад хэл сурах нь зайлшгүй боловч бас бүхний хэмжүүр биш ээ. Хамгийн орчин үеийн боловсролтой, гадаад хэлтэй луйварчингууд энд тэнд шургалж хүний санаанд оромгүй хэргүүд үйлдээд байгаа биз дээ. Нарийндаа хүрч яривал англи хэлтэй “тэнэг”-үүд, бас гуйлгачингууд хамгийн баян гэгдэх Нью-Йоркийн гудамжаар л дүүрэн байдаг биз дээ. Ингэж ургуулж бодоод байхлаар “монголоороо байх”, “жинхэнэ эр хүн байх” гэдэг хоёр юмаар л бид гачигдаж. Энэ тал дээр ёстой л “гамшиг” нүүрлэж бид улам бүр л монголоосоо холдоод байх шиг.
-Таньтай санал нэг байгаа шүү. Гэхдээ ярилцлагаа төгсгөх цаг боллоо. Ярилцсанд баярлалаа.
Ийн бидний ярилцлага өндөрлөв. Хэнд ч тал засаагүй, долигонож зусарддаггүй түүний ярилцлага ийнхүү нэгээр нэмэгдлээ. Өөр олон сэдвээр ярилцсан боловч тэр бүрийг багтааж оруулах боломж байхгүй билээ.
УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН