Автомашины тойрог замын уралдаан “Формула нэг”-ийн 2011 оны улирал албан ёсоор гуравдугаар сарын 13-нд Бахрайны гран-при уралдаанаар эхэлнэ. “Формула нэг”-ийн 60 жилийн түүхэнд анх удаа 20 гран-при уралдаантай байхаар төлөвлөгдсөн энэ улиралд Энэтхэгийн гран-при нэмэгдэж буйгаараа онцлог. “Формула нэг”-ийн тойрог замд уралдах 12 багууд тун удахгүй уралдааны машинаа албан ёсоор танилцуулах бөгөөд хамгийн түрүүлж, Ferrari баг шинэ оны төмөр хөлгөө олон нийтэд үзүүлэх болсон байна. Тус багийхан өнөөдөр Маранелло дахь авто бааздаа 2011 онд “Формула нэг”-т сойх F150 загварын төмөр хөлгийнхөө бүтээлгийг хуулах юм. Шинэ машиныхаа талаар багийн захирал Стефано Доменикали “Бидний төлөвлөгөө тодорхой. Үүний тулд машин маань эхнээсээ л сайн, найдвартай байх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Шинэ төмөр хөлгийг Итали улс дахин нэгдсэний 150 жилийн ойд зориулж, F150 хэмээн нэрлэсэн бөгөөд Ferrari багийн Фиорано туршилтын замд хэдэн тойрог хийгээд Испанийг зорих юм. Учир нь шинэ улирлын эхний сорилго хоёрдугаар сарын 1-нд Испанийн Валенсия хотод болох учиртай.
Ferrari-гийн дараа Renault, Sauber болон Lotus багууд энэ сарын 31-нд, харин дэлхийн аварга Red Bull болон Mercedes, Toro Rosso багууд хоёрдугаар сарын 1-нд шинэ машинаа танилцуулна. Харин McLaren топ багуудаас ганцаараа Валенсиягийн сорилгод хуучин машинтайгаа уралдах юм. Тэдний хувьд хоёрдугаар сарын 10-13-нд Испанийн Херес хотноо болох улирлын өмнөх хоёр дахь туршилтын уралдааны өмнө шинэ төмөр хөлгөө бэлэн болгохоор ажиллаж буй гэнэ.
С.Цэлмэг