
-Нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд татварын зохицуулалт хийж өгөх хүсэлт гаргасан. Зохицуулалт хийгээгүй учир өнөөдрөөс дизелийн үнийг шууд 95 төгрөгөөр нэмлээ. Яагаад татварын зохицуулалт хийхгүй байгаа юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар татварын зохицуулалт хийх эсэх талаарх асуудлыг авч хэлэлцсэн. Тавдугаар сарын хилийн үнэ А80 дээр 31, АИ 36 , дизель түлш дээр 76 ам.доллараар нэмэгдэж ирсэн. Үүнтэй холбогдож Нефть Хийн Ассоцциацийн гишүүн компаниуд төрөл тус бүр дээр үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрснээ Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдээд байсан юм. Харин “Магнай трейд” компани үнээ нэмэхгүй байх бололцоотой гэдгээ мэдэгдсэн байсан. Тиймээс нэг компани үнэ нэмэхгүй байх бололцоотой байхад татварын зохицуулалт хийх шаардлагагүй хэмээн Засгийн газар үзсэн юм.
Компаниуд дизель түлшээ 1395 төгрөгөөр худалдаж байгаа бол “Магнай трейд” үнээ нэмээгүй байгаа.
-А80, АИ92 бензиний үнэ нэмэгдэх үү. Энэ талаар компаниуд танайд мэдэгдсэн үү?
-Дизель түлшний үнийг 95 төгрөг бусад бензиний үнийг тус бүр 50 төгрөгөөр нэмэхэд хүрсэн тухайгаа бидэнд мэдэгдэж байсан. Харин өнөөдөр зөвхөн дизелийн үнийг л нэмсэн байгаа, бусдынх нь үнэ хэвээрээ байгаа.
-Дизель түлшний үнийн өсөлт нь нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбарынханд хүнд тусах нь дамжиггүй. Үнийг хэвийн байлгах ямар нэгэн зохицуулалт хийхгүй юм уу?
-Энэ үнэ бол тавдугаар сарын л үнийн асуудал. Сарын сүүлчээр “Роснефть” компани зургадугаар сард ямар үнээр шатахуун нийлүүлэх вэ гэсэн үнийн саналаа ирүүлнэ. Үүнийг харж байж Засгийн газар татварын ямар зохицуулалт хийхээ шийднэ.
Ер нь онцгой албан татвар гэдэг бол үнийг тогтвортой байлгах зорилготой. Нефть бүтээгдэхүүний хилийн үнэ өсвөл энэ татварыг буулгаж, буурвал татвараа нэмэх учиртай.
-Одоо нефтийн бүтээгдэхүүн дээрх онцгой албан татвар хэд байгаа вэ?
-Тонн тутамд А80 дээр 80 000, АИ 92 дээр 120 000, дизель түлш дээр 115 000 төгрөг гэсэн татварыг мөрдөж байгаа.
-Манай компаниуд бүгдээрээ нэг үүсвэрээс шатахуун, дизель түлш импортолдог. Яагаад “Магнай трейд” үнээ нэмэхгүй байх бололцоотой байгаа юм бэ?
-Компанийн өөрийнх нь асуудал юм л даа. Бүтээгдэхүүнээ арай хямд байхад нь ахиухан аваад нөөцөлсөн байж болно. Компаниудын ашгийн хувь өөр өөр, олон сая ам.долларын хүүгийн зардал гэх мэт тухайн компанийн санхүүгийн асуудалтай холбоотой. Энэ бидний мэдэх, манай байгууллагад хамаарах асуудал биш юм л даа.
-Импортлогч компаниуд үгсэж байгаад нэгэн зэрэг ижил хэмжээгээр үнээ нэмдэг гэж хардах нь бий. Тэд яг ижил үнээр худалддагтай холбоотой байх?
-Манай улс зах зээлд шилжээд 20 орчим жил боллоо. Хувийн компаниудыг үнээ тэд болго, ийм байлга гэж хэлэх учиргүй шүү дээ. Харин үнийг тогтвортой байлгахын тулд татварын орчноор зохицуулалт хийхийг Засгийн газар хичээж байна. Компаниуд ижил үнэтэй байгаа нь тухайн салбарын бизнесийн онцлог юм. Зэрэгцээд байрлаж буй шатахуун түгээх станц тус бүр өөр үнэтэй бол аль хямдханаас нь хэрэглэгч авна. Яг л ийм байдлаар шатахууны үнийг компаниуд тогтоож байгаа. Энэ салбарт өрсөлдөөн байна гэдгийг энэ сарын үйл явдал харуулж байна гэж хэлмээр байна.
Монгол улс сард 60 мянга орчим тонн нефть бүтээгдэхүүн импортолдог. Үүний 40 хувийг дизель түлш эзэлдэг юм байна. Ихэвчлэн бөөний борлуулалттай байдаг бол харин А80, АИ92 нь жижиглэнгээр илүү борлуулагддаг ажээ.
Б.БЯМБАА